Хэлмэгдэгсдийн өргөдлийг дахин авч эхэлнэ

Мэдээ

Цагаатгах хууль дөрвөн жилийн хугацаанд үйлчилнэ

УИХ дахь намын бүлгүүд өчигдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн талаар хэлэлцэхэд гол анхаарлаа хандуулжээ. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавын санаачилсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл дээр МАН, АН-ын бүлэг төвлөрсөн байна.

Тус төслийн талаар Я.Санж­мятав “1922 оноос хойш 36 мянга орчим иргэн хэлмэгдсэн гэсэн тооцоолол бий. Эдгээрийн 28260 нь цагаатгагдсан байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн тухай хуулийн хүрээнд 19 тэрбум төгрөг нөхөн олговорт зарцуулсан. Энэ бол бидний эцэг, эхээс хурааж авсан мөнгө, шоронд нас барсан, амь насаа алдсан хохирлын дэргэд юу ч биш юм. Хэлмэгдүүлэлтийн дараа үр хүүхдийг нь маш их гадуурхаж, сургуульд ч сургадаггүй байсан. Би энэ хуулийг яагаад санаачилсан бэ гэхээр 2011 оноос хойш нэг ч өргөдөл хүлээж аваагүй. Яагаад гэвэл хуулийн хугацаа нь дуусгавар болсон байдаг. Тиймээс энэхүү төслийг баталж хоёр жилийн хугацаанд хэлмэгдэгсэд, тэдний ар гэр төрөл төрөгсдөөс өргөдөл авахаар төлөвлөж байна. Үүний дараа цагаатгах ажлыг хоёр жилийн хугацаанд хийнэ. Үндсэндээ дөрвөн жилийн хугацаанд хууль хэрэгжинэ” гэсэн юм.

МАН-ын бүлгийн хувьд дээрх төслийг дэмжиж байгаа бөгөөд хэлмэгдсэн 600 гаруй хүнд үзүүлэх дэмжлэг, туслалцааны асуудлыг хэрхэх талаар ярилцсан байна.

Энэ онд багтаагаад хуулиа батлах шаардлагатай гэж МАН-ын бүлгийн гишүүд үзжээ. Гэхдээ 2018 оны төсөвт хөрөнгө тусгаагүй тул 2019, 2020 онд нөхөх олговор өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Түүнээс гадна МАН-ын бүлэг УИХ-д өргөн мэдүүлсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, бусад шийдвэрийн төслийн талаар гишүүдээс санал авчээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Ямар хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэх, алийг нь хууль санаачлагчид буцаах талаар Ардчилсан намын бүлэгтэй тохиролцсон. Хуулийг нааш, цааш татах, чамбайруулах ажилд УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, Ажлын албаны дарга Н.Энхтайван нар анхаарлаа хандуулж ажиллана” гэв.
САНАЛ БОЛГОХ