Гэр хорооллын цахилгааны хүчдэл хүрдэггүйгээс халаагуур тавьж болдоггүй
Азийн цагаан дагина гэдэг нэрээ утаатай Улаанбаатараар солиод удаж байгаа Монгол Улсын нийслэлийн агаарын бохирдол жилээс жилд нэмэгдэж буй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнгөрсөн онд гаргасан тайланд Монгол Улс агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийн 200 гаруй орноос хоёрдугаар байрт бичигдсэн билээ. Үе үеийн эрх баригчид утаатай тэмцэхээр олон янзын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч үр дүнгээ өгсөн нь өнөөдрийн байдлаар алга. Утаагүй зуух, сайжруулсан түлш боловсруулахад олон тэрбум төгрөг зарцуулсан ч үр дүн гараагүй учир эцэстээ цахилгаан халаагуур хэрэглэхийг бодлого тодорхойлогчид уриалаад удаж байна. Өөрсдийн уриалгаа ч бодлогоор дэмжиж, гэр хорооллын өрхүүдийн шөнийн цахилгааны хэрэглээг үе шаттайгаар бууруулсан. Эл шийдвэртэй холбоотойгоор зах зээлд цахилгаан, ялангуяа шалны халаагуурын эрэлт нэмэгдэж, бүтээгдэхүүний үнэ ханш, нийлүүлэлт, чанар, үр дүн зэргийг иргэд ихээр сонирхож эхэллээ.
Судалгаагаар монгол гэрт амьдардаг нэг айл өвөлдөө 2-3 портер нүүрс түлдэг бөгөөд энэ нь зах зээлийн ханшаар 400-600 мянган төгрөг болно. Тэгвэл халаалтаа цахилгааны эх үүсвэрээр шийдсэн айл хүйтний улирлыг дунджаар 200-300 мянган төгрөгийн зардлаар давах боломжтой. Ингэснээр өрхийн зардлаа хоёр дахин хэмнээд зогсохгүй эдийн засаг, эрүүл мэндээ ч хамгаалах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, таван ханатай монгол гэрт хэт ягаан туяаны шалны халаалт тавиулахад 450 мянган төгрөг болох бөгөөд цахилгааны сарын төлбөр хэрэглээнээсээ хамаарч, 70-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Харин 30 ам метр талбайтай байшинд шалны халаагуур тавихад дунджаар 650 мянган төгрөг зарцуулах бөгөөд цахилгааны төлбөр сардаа 90-100 мянган төгрөг гарах тооцоотой.
Манай улсад стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур, тоног төхөөрөмж импортолдог 16 аж ахуйн нэгж бүртгэлтэй байгааг нийслэлийн Агаарын чанарын албанаас мэдээлж буй. Сүүлийн үед хэт ягаан туяаны шалны халаагуурыг сонгох иргэдийн тоо ч нэмэгджээ. Үнийн хувьд нэг ам метр нь 25-35 мянган төгрөг бөгөөд үүнд зарцуулах цахилгаан 200 ватт. Шалны халаагуур нь дотроо 3-4 төрлийн материалтай. Материалаас шалтгаалан үнэ нь харилцан адилгүй байдаг. Дээр дурдсан үнэ нь хамгийн хямд шалны халаалтынх. Гэхдээ энэ нь чанаргүй эсвэл муу халдаг гэсэн үг биш. Учир нь шалны халаагуурын ашиглалтын хугацаа 20-30 жил байдаг аж. Түүнчлэн энэ төрлийн бизнес эрхэлж буй компаниуд бүтээгдэхүүнээ БНСУ болон БНХАУ-аас импортолдог бөгөөд гурван жилийн баталгаа өгдөг байна.
Дараагийн танилцуулах төрөл нь шалны хавтан. Мэдээж хэрэг нэг см зузаан уг хавтан хэт ягаан туяаны шалны халаагуураас бат бөх бөгөөд доод талдаа дулаалгатай гэдгээрээ илүү онцлогтой. Компаниудын санал болгож буй үнэ харилцан адилгүй бөгөөд аль улсаас импортлосноос шалтгаалан нэг ам метр нь 45-55 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж буй. Тэгвэл кабель болон гуурсан халаалт нь орон сууцанд илүү тохиромжтой аж. Цахилгаан зарцуулалт 10 ам метт 500 ватт байдаг бөгөөд нэг ам метрийн үнэ мөн л 45-55 мянган төгрөг. Korea cable компанийн захирал Д.Мөнхжавхаа “Бид энэ зах зээлд үйл ажиллагаа явуулаад долоон жил болж байна. Өнөөдрийн байдлаар 12 мянган айл өрх, албан байгууллагад шалны халаагуур тавьсан. Дийлэнхийг зуслангийн айлууд эзэлж байна. Манайх БНСУ-аас бүтээгдэхүүнээ импортолдог. Гэр хорооллын айлд шалны халаагуур тавихад олон асуудал тулгардаг. Гол шалтгаан нь цахилгааны хүчин чадал хүрдэггүй. Мөн цахилгааны утсаа холоос татсан эсвэл нэг хашаанд 4-5 айл байдаг гэх мэт асуудал гарна. Шалны халаалт тавьснаар дулаан алдагдлыг 100 хувь бууруулахгүй. Дулааны алдагдалтай байшин, гэр, орон сууцыг жигд хэмд халаах боловч үргэлж өндөр хэмд халааснаар цахилгааны төлбөр их гарах эрсдэлтэй. Гэхдээ нэг буруу хэвшил нь манайхан өөрсдөө дур мэдээд байшингаа барьчихдаг. Ямар ч стандартгүй. Тиймээс хана, цонх, дээвэр, шал, хаалганаасаа үргэлж их, бага хэмжээгээр дулаан алдаж байдаг. Тиймээс дулаан алдагдлыг шийдвэл цахилгааны төлбөр бага гарна” гэв.
Хүмүүс шалны халаагуурыг эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзээд төдийлэн сайшаадаггүй. Доороосоо байнга халах нь хүний биед муу гэж ярьдаг. Гэхдээ шалны халаагуур нь эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй, харин ч доороосоо даарахгүй, тав тухтай орчныг бүрдүүлдэг гэдгийг импортлогчид хэлж байна. Шалны халаагуур тавьснаар шөнө босож гал түлэх шаардлага гарахгүй, хэт халвал хэм нь багасаж, хүйтэрвэл автоматаар нэмэгдэх горимтой хэмээн Д.Мөнхжавхаа хэллээ.
• Стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур, тоног төхөөрөмж импортолдог 16 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна.
• Монгол гэрт амьдардаг нэг айл өвөлдөө 2-3 портер нүүрс түлж, 400-600 мянган төгрөг зарцуулдаг бол шалны халаагуур тавьснаар энэ зардал хоёр дахин буурна.
• Шалны халаагуурыг 30 ам метр талбайтай байшинд 650 мянган төгрөгөөр тавина. Цахилгааны төлбөр сардаа 90-100 мянган төгрөг гарна.
Монгол гэрт амьдардаг айлд өглөө нь гэрээ дулаан байлгахын тулд шөнө нь босож нүүрс түлэх шаардлага тулгардаг. Мөн нүүрсний шаталтаас хамаарч, зуухаа галлахад богино хугацаанд хэт их халж, эргээд дулаан алдчихдаг сул талтай. Тэгвэл шалны халаагуурыг айл өрхүүд шийдсэнээр дулаанаа тогтмол барих боломж бүрдэнэ гэдгээрээ давуу талтай. “Соутпик” компанийн мэргэжилтэн С.Батаа “5-6 ханатай гэрт ойролцоогоор 10-20 ам метр шалны халаалт тавигдана. Ашиглалтын хувьд удирдлагаараа дулаанаа тохируулах боломжтой. Эзэнгүй байхдаа хэт халааж, цахилгаанаа дэмий зарцуулах шаардлагагүй. Хэдий чинээ дулаан алдагдал багатай байна, төдий чинээ эрчим хүч бага зарцуулж, мөнгөө хэмнэнэ гэсэн үг” гэв.
Дулааны алдагдалтай байшин, гэр, орон сууцыг жигд хэмд халаах боловч үргэлж өндөр хэмд халааснаар цахилгааны төлбөр их гарах эрсдэлтэй.
Сүүлийн үед зарим нэг хувь хүн, компаниуд БНХАУ-д үйлдвэрлэсэн зориулалтын бус, маш нимгэн дэвсгэрийг халаалтын дэвсгэр болгож ашиглах явдал ихээр гарч байгааг мэргэжлийн хүмүүс анхааруулав. Дэвсгэр нь шалны дээгүүр тавигддаг эд бөгөөд шалны халаагууртай хамт хэрэглэгдэх зориулалттай. Хэрэв зориулалтын бус дэвсгэр хэрэглэвэл халаалтад хайлж, галын аюул үүсгэх эрсдэлтэй аж. Иймд халаалтын дэвсгэр авахдаа сайтар анхаарч, мэргэжилтнүүдээс заавал зөвлөгөө авах хэрэгтэй.
Манай улсын хувьд эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан одоогоор гэр хорооллын бүсийг дахин төлөвлөлтөд хамруулж, бүрэн орон сууцжуулах боломжгүй байна. Тиймээс байгаа нөөц бололцоондоо тулгуурлан гэр хорооллын өрхүүд түүхий нүүрс түлэхээс татгалзаж, орчин үеийн технологийн шийдэл болсон цахилгаан халаалтын системийг хэрэглэхийг санал болгож байна.