Их наядаар үнэлэгдэх эхний ХК

Зах зээл

Өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр давуу тал олохын төлөөх өөрчлөлт идэвхтэй өрнөдөг

Өдрийн арилжаа нь тэрбум хүрдэггүй Монголын хөрөнгийн бирж их наядаар үнэлэгдэх анхны компанийнхаа хувьцааг арилжих цаг ойрхон байна. АПУ ХК, MCS-ийн ус ундааны бизнесийг нэгтгэснээр зах зээлийн үнэлгээ нь 960 тэрбум төгрөгт хүрч, Монголын хамгийн үнэ цэнэтэй нээлттэй компани болоод байна.

Монголын хөрөнгийн зах зээлд нэг их наяд төгрөгийн үнэлгээтэй компани мэндлэх дөхөж байна. Хэд хоногийн өмнө АПУ ком­панийн зах зээлийн үнэлгээ 960 тэрбум төгрөг давж, бүх цаг үеийн дээд цэг хүрсэн. Шинжээчдийн тооцоогоор тус компанийн зах зээлийн үнэлгээ энэ онд багтан их наяд төгрөгөөр хэмжигдэх магадлал өндөр аж.

Тус компанийн хувьцааны тоо нэмэгдэж, ханшийн өсөлт нь сүүлийн 5-6 сар тогтвортой үргэлжилж байгаа нь зах зээлийн үнэлгээг улам өсгөжээ. Мягмар гарагийн байдлаар компанийн нэгж хувьцааны ханш 806 төг­рөгтэй тэнцэж байна. Энэ нь 2017 оны эхнээс 110 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Хувьцааны ханшийн өсөлт АПУ компани Heineken, MCS-тэй архи, шар айрагны бизнесээ нэгтгэсэн үе буюу долдугаар сараас эрчимжсэн. Ингэснээр тус ком­пани нэмж хувьцаа гарган нэг тэрбум ширхэг хувьцаатай бол­сон юм. “Маркет инфо” цахим хуудаснаас шинжээчдийн дунд явуулсан судалгаагаар АПУ ком­панийн зах зээлийн үнэлгээ энэ оны эцэс гэхэд 1.2 их наяд төгрөгт хүрч, Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн үнэ цэнэтэй компани болох төлөвтэй. Хэрэв ингэж чадвал зөвхөн АПУ компаниар зогсохгүй Монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд шинэ хуудас нээгдэнэ.

Монголын үнэт цаасны зах зээлд урьд хожид үзэгдээгүй ийм өсөлт бий болоход АПУ компанийн нэгдэн нийлэх хэл­цэл нөлөөлснийг шинжээчид онцолж байгаа юм. Тус компани энэ нэгдлийн үр дүнд нэгж бүтээгдэхүүний зардлаа бууруулж, зах зээлд тэргүүлэгчийн байр сууринд шилжихээр байна.

Нэгдэн нийлэх хэлцэл компа­нийн хувьцааны ханшийг өсгөөд зогсохгүй улам хүчирхэгжүүлэх нь. Монголын бизнесийн салбарт тэр бүр ажиглагдаад байдаггүй нэгдэн нийлэх, салбар нэгжээ худалдах хэлцэл сүүлийн үед идэвхжиж байна. Ер нь хувийн хэвшлийн томоохон компаниудын алсын хараа, үйл ажиллагааны чиглэлийн өөрчлөлт ажиглагдаж буйг та анзаарав уу? Шингэн хүнсний үйлдвэрлэлээс гадна ноос ноолуурын салбарын
“Гоёо” компанийг “Таван богд” групп худалдаж авсан. Ингэснээр Монголын ноос, ноолуурын гол өрсөлдөгчид байсан “Говь”, “Гоёо” компани нэгэн дээвэр доор орсон юм.



Энэ тухай мэдээлэл зах зээлд түгсэн арваннэгдүгээр сарын дунд үеэс эхлэн “Говь” компанийн хувьцааны ханш Монголын хө­рөнгийн биржид өсөж эхэлсэн. Ялангуяа, энэ сарын эхнээс “Говь”-ийн хувьцааны ханш огцом өсчээ. Арваннэгдүгээр сарын эхэнд 23.4 мянгантөгрөгтэй тэнцэж байсан “Говь” компанийн хувьцааны ханш 31.2 мянган төгрөгт хүрээд байна. Сар гаруйн хугацаанд ойролцоогоор 40 хувиар өссөн байна. Дотоодын компаниудын нэгдлийн хэлцэл хөрөнгийн зах зээлд өсөлт дагуулжээ. “Энэ хэлцэл нь “Говь” компанийн гадаад зах зээл дэх үйл ажиллагаанд томоохон түлхэц болно” гэж ШУТИС-ийн багш, судлаач Д.Баярмаа үзэж байна.

Хамгийн гол нь дээр дурдсан шингэн бүтээгдэхүүн болон ноос ноолуурын бизнесийг нэг компани худалдсан. Монголын бизнесийн салбарын тэргүүлэгч МCS ком­пани 2017 онд зарим бизнесээ худалдсан нь энэ. Ингэснээр тус компани уул уурхай, харилцаа холбоо, үл хөдлөх хөрөнгө, эрчим хүч гэсэн үндсэн дөрвөн салбарт төвлөрөхөөр байгааг судлаа­чид хэлж байна. Харин АПУ, “Шунхлай” групп шингэн хүнс, газрын тосны салбарууддаа илүү анхаарал хандуулахаар байгаа аж.

Ер нь энэ төрлийн өөрчлөлтийн цаана өрсөлдөх чадвараа өсгөх, зах зээлийн ширүүн өрсөлдөөнд давуу тал олж авах гэсэн зорилго нуугдаж байдгийг МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш Н.Отгонсайхан тайлбарлаж байна. Тодруулбал, зарим компани зах зээлийн мөчлөг өөрчлөгдөх буюу тогтворжилт эсвэл бууралтын үед зардлаа багасгахын тулд өрсөлдөгч компаниа ху­далдан авах, нэгдэн нийлэх нь түгээмэл байдаг байна. Мөн үндсэн салбартаа илүү төвлөрч, давуу талаа хадгалан, харилцан ашигтай хамтран ажиллахын тулд нэгдэн, нийлэх хэлцэл байгуулах тохиолдол байдаг байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн өрсөлдөөн ширүүсэхийн хэрээр энэ төрлийн өөрчлөлт илүү идэвхтэй өрнөдөг.

Түүнчлэн манай зарим том компаниуд ч шинэ төрлийн талбарт хүч сорьж эхэлсэн. Тухайлбал, “Макс” групп газрын тосны салбарт хайгуулын үйл ажиллагаа эрхэлж эхлээд байна. Тэрчлэн хөдөө аж ахуйн биз­несээ ч улам өргөжүүлж буй. Мөн барилгын салбарт хүч үзэж ирсэн “Алтай констракшн” хөдөө аж ахуйн салбараар үйл ажиллагаагаа тэлж байна. Өдгөө ажиглагдаж эхэлсэн энэ төрлийн шилжилт, өөрчлөлт цаашид улам идэвхижнэ гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Худалдаа” хөтөлбөрийн ахлах багш Ц.Цолмон хэлэв.

Угтаа нэгдэн нийлэх хэлцэл нь олон улсад түгээмэл үйл явц. Европт гэхэд энэ оны эхний хоёр улиралд 234 тэрбум ам.долларын нэгдэн нийлэх хэлцэл болжээ. Энэ бүс нутгийн эдийн засаг сэргэж эхэлсэн нь нэгдэх үйл явцыг дэмжсэн байна. Тиймээс энэ оны эхний хоёр улирлын дүнг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бараг 50 хувиар өссөн дүн аж. Харин АНУ-д татварын шинэчлэл өрнөж буйгаас энэ төрлийн шилжилт саарсан. АНУ-д нэгдэн, нийлэх хэлцлийн тоо 281 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа нь жилийн дүнгээр 36 хувиар буурсан дүн аж. Харин манайд тун ховор байсан энэ үзэгдэл эхнээсээ эрчимжиж эхэлсэн. Ялангуяа, энэ төрлийн үйл ажиллагааг үндэсний тэргүүлэгчид эхлүүлж буй нь цаашид ч ийм үйл явц үргэлжлэхийн дохио гэж судлаачид үзэж байна.
САНАЛ БОЛГОХ