Мөнгөний нийлүүлэлтээ нэмэх боломж бүрдлээ

Мөнгөний бодлого

Мөнгөний бодлого инфляцыг “баглах”-гүй

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хэмждэг үзүүлэлтийн нэг нь инфляц. Мөнгөний бодлогын үр нөлөөг тодорхойлж байдаг тус үзүүлэлт энэ оны турш нэг оронтой тоонд байна. Үүнийг тогтвортой гэж тодотгож болох юм. Эдийн засаг сэргэж эхэлснээр инфляц аажмаар өсөж, энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 6.5 хувийн босгыг давлаа. Хэдий ийм боловч Монголбанкны зорилтот түвшнээс инфляц 1.5 хувиар бага дүнтэй гарсныг Үндэсний статистикийн хороо­ноос онцоллоо.

Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын төлөвийг жилийн найман хувиар төсөөлсөн. Тэгвэл Азийн хөгжлийн банк манай улсын инфляцын энэ жилийн өсөлтийг гурван хувь байна гэж тооцоолсон юм. Харин ОУВС 6.1 хувиар зураглаж байна. Тайлант хугацаанд инфляц 6.5 хувь болж өсөхөд импортын барааны үнэ нэмэгдсэн нь голлох нөлөө үзүүлжээ. Мөн хүнсний бүтээгдэхүүний үнэ дээрх өсөлтөд жин дарсан байна. Ялангуяа, төмс, хүнсний ногооны үнэ инфляц үүсэх шалтгааны эхэнд бичигдэж байгаа юм. Инфляц хэт өндөр байх нь зах зээлийн үр ашиггүй байдлыг нэмэгдүүлж, мөнгөний худалдан авах чадварт нөлөөлдөг. Мөн хэт бага байх нь компаниуд алдагдалд хүлээж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбар хаалгаа барихад хүргэдэг. Харин 6.5 хувийн өсөлт нь “алтан дундаж” болж байна.

Үе үеийнд инфляц эдийн засгийн сорилт болж ирсэн. Харин сүүлийн хоёр жилийн хугацаанд төв банкны ажлыг шалгадаг уг үзүүлэлт найман хувиас нам дор түвшинд байна. Гэхдээ ам.доллар тэргүүтэй гадаад валютын эсрэг төгрөгийн Мөнгөний нийлүүлэлтээ нэмэх боломж бүрдлээ ханш өнгөрсөн хугацаанд огцом суларсан нь үнийн өсөлтөд дарамт болж ирлээ. Импортоос үлэмж хамааралтай эдийн засагт ханшийн зөрөө хамгийн том бэрхшээл болдог. Өнөөдрийн байдлаар инфляцыг тодорхойлох манай улсын хэрэглээний сагс нийт 12 бүлгийн 329 бараа, үйлчилгээнээс бүрдэж байна.

Бидний ярьж хэвшсэн инф­ляцыг өсөлтийн хурдаар тав ангилдаг. Үндэсний статис­тикийн хорооны тооцооллоор, манай улсын инфляцын өсөлт аядуу гэсэн ангилалд одоогоор хамаарч байна. Тодруулбал, 3-10 хүртэлх хувийн инфляцын өсөлтийг ийнхүү нэрлэдэг билээ. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр хуваарийн дагуу эхэлж байна. Хамгийн багадаа хоёр удаа хуралдаж, бодлогын хүүг өөрчлөх эсэхээ шийдэх юм.

Үндэсний хувийн хэвшлийн төлөөлөл болох “Монгол Зэс” корпорацийн оролцоо, хяналт “Эрдэнэт үйлдвэр”-т бий болсноор ил тод байдал сайжирч, бизнесийн зарчмаар илүү үр ашигтай ажиллаж эхэлсэн.

Төв банкны бодлогын хүү нэмэгдэх хэрээр Монголбанкин дахь арилжааны банкуудын харилцах дансанд байршиж буй төгрөгийн нөөц нэмэгддэг. Ингэснээр гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ саарч, барааны үнэ нэмэгдэх дарамт суларч байдаг. Харин бодлогын хүүг бууруулсан тохиолдолд эсрэгээрээ гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэж, эргэлт нь идэвхждэг билээ. Төв банкны зүгээс ирэх онд эдийн засгийн өсөлтийг дэмжих, улмаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж ажиллана гэдгээ зарласан. Энэ нь инфляцын өсөлт зорилтот түвшнээс хэт хол хэтрэхгүй гэсэн баталгаа болж байна. Тэрчлэн мөнгөний бодлогод инфляцын өсөлтөөс үүдэн ирэх эрсдэл бага бололтой.

Махны үнэ магнаг болох цагт инфляц гаардаг
Мөнгөний бодлогын зөв­лөл инфляцыг “хазаарлах” хэмжээний хатуу бодлогыг зах зээлд тулгах магадлал бага байна. Тус зөвлөлийн есдүгээр сарын хурлын мэдэгдэлд “Цаашид эдийн засгийн өсөлт нэмэгдэж, инфляц дунд хугацаанд зорилтот найман хувь орчимд тогтворжих төлөвтэй байна” хэмээн дурдсан. Төв банк эдийн засагт нийлүүлэх мөнгөний “крант”-аа нээхэд инфляц саад болох бус өсөлтийг урамшуулах хэмжээнд байгааг зарим эдийн засагч тодотгож байна. Жилийн жилд инфляцын өсөлтийг өрдөж ирсэн махны үнэ олон жилийн дунджаас бага байгаа нь эдийн засагт төдийгүй мөнгөний бодлогод амьсгаа авах боломж олгож байна. Гэхдээ Шатахууны онцгой албан татварын тухай хуулийг 2016 оны түвшинд хүргэн нэмэгдүүлэхээр зэхэж байгаа нь өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний суурь үнийг үндсээр нь өөрчилж магадгүй юм. Энэ нь урт хугацаанд инфляц эргэн өсөх, хоёр оронтой тоонд ойртох эрсдэлийг давхар тээх аж. Инфляцын аюул дунд хугацаанд хол байна. Тиймээс Монголбанк мөнгийг хумьж, гүйлгээнд байгаа бэлэн дэвсгэртийн хэмжээг хазаарласнаар инфляцид нөлөөлөх талаар үг, үсэг унага­сангүй. Энэ нь инфляцид "эрх чөлөө" болох нь дамжиггүй. Гэхдээ бидний хоол хүнсний гол орц болдог махны үнэ магнаг болох цагт инфляц гаарах нь бий. Манай улсын эдийн засаг улирлын шинж чанартай. Ялангуяа, инфляц хаврын тарчиг цагаар тухайн жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрдэг. Харин өвлийн сэрүү орох үед инфляц эргээд агшдаг. Энэ нь бараг зуршил болчихсон. Үүнд, махны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ хямдарсан нь нөлөөлдөг билээ. Энэ жишгээр инфляц тогтож байна. Бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтөөс илүү махны үнэ хэрэглээний сагсанд голлодог. Энэ утгаараа өнгөрсөн сард махны үнэ дотоодын зах зээлийн бодит үнээс хэд дахин уруудлаа. Цас их орж, олон жилийн дунджаас хүйтэрнэ гэсэн мессеж малчдын хотонд өвлийн идэш уушаа бэлтгэх цагаар хүрч, улмаар төв суурин газарт нийлүүлэх махны хэмжээ эрс нэмэгдлээ. Нийлүүлэлт хэдийнэ эрэлтээ давжээ. Гэтэл бэлтгэсэн махаа хавар хүртэл хадгалах зоорь, сав улсын хэмжээнд хангалтгүй байгаагаас үүдэн махны үнэ улам доошлох болов. Хэт их нийлүүлэлтээс болж малын махны үнэ хямд хэвээр байна. Энэ байдлаараа ирэх хавар махны хомсдол үүсэх, улмаар махны үнэ хаданд гарч мэдэх эрсдэл биднийг хүлээж байгааг санахад илүүдэхгүй болов уу. Учир нь, малчид хавартай золгохоос өмнө өвлийг давахгүй гэсэн малаа борлуулах гэж хот барааддаг. Энэ нь цаанаа хавар махны нийлүүлэлт тэр хэрээр буурах шалтгаан болж байгаа юм. Хэдий нөөцийн мах бүрдүүлж байгаа боловч хавар махны өсөх, инфляц хоёр оронтой тоо руу тэмүүлэх магадлал ойрхон байна.
САНАЛ БОЛГОХ