Гүйцэтгэх ажиллагааны зардалд аудит хийнэ

Улс төр

Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд аудит хийхээр төлөвлөжээ

Үндэсний аудитын газар ирэх онд “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, Засгийн газрын авто бааз, Иргэний нисэхийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар болон Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд хяналт хийхээр төлөвлөжээ. Мөн АСЕМ-ийн үйл ажиллагааны тайлан, Төрийн орон сууцны корпораци болон Батлан хамгаалах яамны хөрөн­гө оруулалтын зардалт аудит хийнэ. Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардагдах юм байна. Энэ талаар Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм.

Ерөнхий аудитор Д.Хүрэл­баатар хуралдааны үеэр “Үндэсний аудитын газарт үүрэг хүлээлгэсэн аудитын сэдвийг эхний ээлжинд сонголоо. Төрийн аудитын байгууллагаас эрүүл мэнд, боловсролын салбарын тогтолцоонд ойрын дөрвөн жилд багтаан иж бүрэн аудит хийхээр төлөвлөж байгаа бөгөөд “Төрөөс бага боловсрол олгож байгаа өнөөгийн байдал, үр нөлөө, “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилт”, “Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа” сэдвээр аудит хийхээр төлөвлөсөн” гэжээ.

Харин хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд аудитын сэдэв хангалтгүй байна хэмээн шүүмжилж байлаа. Тухайл­бал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Аудитын байгууллага гишүү­дийн захиалгаар аж ахуйн нэгжтэй ноцолдвол хайран цаг хугацаа зарцуулсан болно. “Эрдэнэс Тавантолгой” компа­нитай ноцолдох ямар хэрэгтэй юм. “Эрдэнэс Монгол” гэж зээл авч өр тавьдаг газар байна. Хэд, хэдэн компанийн хувьцаа эзэмшдэг газар. Ямар үйл ажил­лагаа явуулдаг нь ойлгомжгүй” гэлээ. Мөн өмнө хийсэн аудитын үр дүн гарахгүй байгааг ч шүүмжлэв. Ингээд УИХ-ын гишүүдээс гарсан саналын дагуу ирэх онд хийх аудитын шалгалтыг оновчтой болгож багцлахаар боллоо.


Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардлагатай.
Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит хийхээр болсон юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Улаан ахлах бөгөөд ирэх долоо хоног хүртэл 2018 онд хийгдэх төлөвлөгөөт аудитын жагсаалтыг нарийвчлан гаргахаар болсон юм.

Үргэлжлүүлэн “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм” батлах тухай Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. ОУВС-тай хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулж байгаа аж. Зөвлөлийн бүрэл­дэхүүнд УИХ-ын Байнгын хорооноос хоёр, Засгийн газ­раас хоёр, Монголбанкнаас хоёр хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй. Хараат бус гурван гишүүнийг Төсвийн байнгын хорооноос томилох аж. Өөрөөр хэлбэл, орон тооны бус найм, орон тооны гурван гишүүнтэй ажиллаж төсвийн талаар зөвлөмж гаргана гэдгийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тодотгож байсан юм.
САНАЛ БОЛГОХ