Бизнесийн шинэ мөчлөг буюу “BLOOMBERG AWARDS 2017”

Сурвалжилга

Монголын эдийн засгийг илүү хүчирхэгжүүлэх нь тэдний хүсэл

Монголын эдийн засаг, бизнес, санхүүгийн манлайлагчдыг дэлхийн хэмжээнд таниулах зорилго тээсэн “Bloomberg awards 2017” шагнал гардуулах ёслол утга төгөлдөр болж, шилдгүүдээ өргөмжиллөө.

Монголын эдийн засаг, бизнес, санхүүгийн манлайлагчдыг дэлхийн хэмжээнд таниулах зорилго тээсэн “Bloomberg awards 2017” шагнал гардуулах ёслолын ажиллагаа лхагва гарагт болж, шилдгүүдээ өргөмжиллөө. 2013 оноос хойш “Bloomberg TV Mongolia” уламжлал болгон зохион байгуулж ирсэн тус арга хэмжээ тав дахь жилтэйгээ ийнхүү ёслол төгөлдөр золгож байна. Энэхүү шагнал нь санхүү, эдийн засгийн салбарын гол тоглогчид шударгаар өрсөлдөх нэр хүндтэй, хүчирхэг индэр хэдийнэ болжээ. Үүнийг цөөнгүй зочид хэлж байлаа.

Бизнесийн салбарт төдийгүй Монгол Улсын хувьд 2017 он сорилтын жил байв
Хөрөнгө оруулагчдын анхаарлыг Монгол Улс руу чиглүүлэх, олон нийтэд бодит дүгнэлт хийх боломж олгох ““Bloomberg awards”-ын эздийг “Үзэгчдийн нэрэмжит шагнал” тэргүүтэй нийт 10 төрөлд нэр дэвшүүлэн тодруулав. Монголын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсан бүтээлч эрхмүүд болон шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулдаг уламжлалтай “Bloomberg awards 2017” цаг хугацааны хувьд хоёр оны зааг дээр болж байгаа нь учиртай.

Монголын эдийн засгийн чуулганыг зохион байгуулагчид энэ он гарсаар товоо гурван ч удаа хойшлуулж, улмаар анх удаа өнжихөөр шийдсэн. Харин тус чуулганы хоёр дахь өдөр нь уламжлан болон зохиогддог байсан “Bloomberg awards” ирэх оны босгон дээр энэ оны шилдгүүдийг тодоор алдаршууллаа. Эдийн засгийн чуулганаас үүдэн ёслолын арга хэмжээ шинэ жилтэй зэрэгцсэн нь энэ. Бизнесийн салбарт төдийгүй Монгол Улсын хувьд 2017 он сорилтын жил байсан. Үүнийг даван гарч, өдгөө ирэх оны ажлаа хэдийнэ төлөвлөчихсөн зогсоо эрхмүүд итгэл найдвар, өсөн дэвжихийн бэлгэдэл, хүч чадлын илэрхийлэл болсон бух бүхий цомоо өчигдөр гардан авсан юм.

Өсөн тэлсээр байгаа бизнесийн салбарт өөрсдийн түүхээ бичиж яваа баялаг бүтээгчид өнөөдөр ачааны хүндийг үүрч, хөгжлийг бүтээлцэж яваа. Тэрчлэн эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах алхмыг хамгийн бодитой нэвтрүүлж байгаа гэж хэлж болно. Энэ өдрийн хамгийн эхний шагнал болох Шилдэг эдийн засагчаар “Хас банк”-ны гүйцэтгэх захирал М.Болд шалгарлаа. Түүний тэргүүлж буй “Хас банк” Монгол Улсын шилдэг банкаар удаа дараа шалгарч байсан. “Шилдэг эдийн засагч”-ийн шагналыг УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир гардуулж өгсөн юм.

Эдийн засгийн тулгамдсан хүндрэлийг даван туулж, бизнесийн амаргүй нөхцөлд үйл ажиллагаагаа зогсолтгүй өргөжүүлж чадсан хувийн хэвшлийнхэн өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийн өртгийг нөхөж ирсэн. Энэхүү тодотголын эзэн болсон, санхүү, эдийн засаг, бизнесийн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн шилдгүүдийг “Bloomberg awards 2017” онцолж байна. “Шилдэг хөрөнгө оруулагч”-аар МАК группийн үүсгэн байгуулагч Б.Нямтайшир тодорсон юм. Эдийн засаг хүнд үед түүний хийсэн хөрөнгө оруулалтын багц өндөр өгөөж өгч, хэрэгжүүлсэн төсөл болгон нь эдийн засгийн өсөлтийг тэтгэх болсон билээ.

“Bloomberg awards 2017” тогтсон уламжлалын дагуу “Шилдэг төсөл”-ийг шалгаруулав. Уг шагналын эзнээр “Эко Констракшн”-ы “Luxury King Tower Аpartment” шалгарсан юм. Барилгын салбарт 15 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй үндэсний бүтээн байгуулагчийн нэг тус компани орон сууц, ялангуяа, тансаг орон сууцны зах зээлд хэдийнэ байр сууриа эзэлсэн билээ.

Гадаадын өрийн дарамт, төгрөгийн ханшийн үргэлжилсэн уналт, инфляцын хямрал, төсвийн өндөр алдагдал нь энэ оны эдийн засгийн “эрүүл мэнд”-ийн эхний хагасыг илтгэх тодорхойлолт. Тэгвэл ийм орчин нөхцөлд ажлын байраа танах бус хадгалж, нийгмийн хариуцлагаа эхэнд тавьж, татвараа цаг хугацаандаа төлнө гэдэг онцлох үзүүлэлт төдийгүй тодотгох амжилт мөн. Үүгээр зогсохгүй шинэ төсөл эхлүүлж, амжилттай хэлцэл өрнүүлж, томоохон бүтээн байгуулалтаар бусдыгаа түүчээлсэн шинийг санаачлагчид “Bloomberg awards 2017”-г өнгөлсөн юм.

“Шилдэг хэлцэл” төрөлд “Монгол зэс” корпораци тэргүүллээ. Тус корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатарт энэхүү шагналыг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав гардуулан өглөө. “Санхүү, бизнес, эдийн засгийн байгууллага энэхүү арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Энэ утгаараа илүү бодитой, шалгуур нь өндөр байдаг” хэмээн шагнал гардуулах үеэрээ Б.Лхагважав тэмдэглэсэн юм.

“Bloomberg awards” жил бүр “Шилдэг гүйцэтгэх захирал” шалгаруулдаг. “Номин холдинг”-ийн ерөнхийлөгч Ш.Баярсайхан энэхүү шагналын эзэн боллоо. Түүнд энэхүү нэр хүндтэй шагналыг Монгол Улсын 21 дэх Ерөнхий сайд Р.Амаржаргал гардуулан өглөө. Тус компанийн 25 жилийн ой энэ онд тохиож буй.

Бизнес, эдийн засгийн ноён оргилууд “Bloomberg awards” ёслолын хүндтэй зочид байж ирсэн. Эдийн засаг, бизнесийн салбарт хүлээлт үүсгээд байсан тус арга хэмжээ яван чангарч, жил ирэх тусам цар хүрээгээ улам тэлж буйг ирсэн зочид хэлж байлаа.

Төсөв, мөнгөний хатуу бодлого хэрэгжиж байгаа энэ үед компаниуд ажилтнаа цомхотгох, улмаар ажилгүйдэл нэмэгдэх нь эдийн засгийн хууль. Хэдий ийм боловч иргэдээ ажлын байраар хангаж, амьжиргааг тэтгэх, улмаар нийгмийн хөгжлийнхөө зүтгүүр нь болж яваа. Тэгвэл “Шилдэг инноваци” төрөлд “Монос” групп бусдыгаа манлайлж, “Bloomberg awards 2017”-гийн эзэн болсон юм. Тус компанийн гүйцэтгэх захирал Х.Ананд шагналаа гардан авлаа. “Монос” группийн хувьд жилд 1.5 тэрбум төгрөгийг инновацийн хөгжилд зарцуулдаг. Тиймээс жил бүр брэнд бүтээгдэхүүн шинээр танилцуулж, инновацлаг компани гэдгээ батлан харуулсаар буй.

Шилдгүүд өрсөлдөх талбар хэмээн тодотгодог “Bloomberg awards 2017”-гийн “Шилдэг бүтээн байгуулалт”-ын төрөлд “Алтай” групп тодорсон юм. Хөдөө аж ахуйн салбарт томоохон бүтээн байгуулалт өрнүүлсэн тус групп 2011 оноос эхлэн Дорнод аймагт газар тариалангийн үйл ажиллагаа амжилттай эрхлэн явуулж байна. Тэгвэл “Шилдэг компани” төрөлд “Алтай Холдинг” шалгарав.

• Бизнесийн салбарт төдийгүй Монгол Улсын хувьд 2017 он сорилтын жил байв.

• Эдийн засгийн тулгамдсан хүндрэлийг даван туулж, бизнесийн амаргүй нөхцөлд үйл ажиллагаагаа зогсолтгүй өргөжүүлж чадсан хувийн хэвшлийнхэн өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжийн өртгийг нөхөж ирсэн.

• Шинэ төсөл эхлүүлж, амжилттай хэлцэл өрнүүлж, томоохон бүтээн байгуулалтаар бусдыгаа түүчээлсэн шинийг санаачлагчид “Bloomberg awards 2017”-г өнгөлсөн юм.

Тус компани Өмнөд Солонгосын жижиглэн худалдааны “E-mart” сүлжээний салбарыг Монголд байгуулж, үйл ажиллагаагаа тэлээд байгаа.

“Bloomberg awards 2017” ёслол энэ өдөр мөн “Шилдэг менежмент”-ийн эзнийг шалгаруулсан юм. Энэхүү шагналын эзнээр “Шунхлай” группийн Ерөнхийлөгч П.Батсайхан тодорлоо. Харин “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг “СЭЭКЛ” компани хүртсэн юм. Одоогоос 21 жилийн өмнө гадаад худалдааны чиглэлээр байгуулагдсан тус компани өдгөө жижиглэн худалдаа, барилга, гадаад худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж байна. Монголын зах зээлд “Оргил” нэртэй бөөний төв, супермаркетын сүлжээгээрээ дамжуулан бөөний худалдааны чиглэлээр амжилттай ажиллаж байгаа “СЭЭКЛ” компани анх 2007 онд барилгын салбарт хөл тавьсан түүхтэй.

Монголын бизнес, санхүү, эдийн засгийн ертөнцөд өөрсдийн амжилтаараа ялгарч чадсан эрхмүүд “Bloomberg awards 2017” ёслолд тухлан саатсан юм. Монголын эдийн засгийг хүчирхэгжүүлэх, улмаар эдийн засгийн цохилох зүрх болж яваа үндэсний компаниуд илүү өрсөлдөх чадвартай болох ирэх оны “аялал”-даа ийнхүү гарлаа.

ХЯМРАЛЫН ҮЕД АВЧ БАЙГАА ШАГНАЛ ИЛҮҮ ҮНЭ ЦЭНЭТЭЙ
Б.Лхагважав /МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч/
-2013 оноос хойш болж буй “Bloomberg awards” жил болгон улам чанаржиж, чансаа ахиж байна. Эдийн засгийн хямралтай зэрэгцэн тус ёслолын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулна гэдэг амаргүй. Гэвч сорилт, бэрхшээл болгоныг даван туулж, хүндрэлд хөл алдалгүй өдий амжилтад хүрсэн компаниудаа 10 гаруй төрлөөр шалгаруулж, урамшуулах нь чухал. Үүнийг гардан зохион байгуулж ирсэн “Bloomberg TV Mongolia”-н хамт олонд талархал илэрхийлье. Хямралын үед авч байгаа шагнал илүү үнэ цэнэтэй. Хувийн хэвшил төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж, иргэдээ ажилтай, орлоготой байлгахад онцгой үүрэг гүйцэтгэж яваа.

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛ ОЙРХОН ХАРАГДАЖ БАЙНА
Б.Бямбасайхан /”Нова Терра”/ компанийн гүйцэтгэх захирал
-Бизнесийн эрхлэгчдийн хувьд 2017 он хүндхэн жилийн нэг байлаа. Манай улсын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жил саарч, хөрөнгө оруулалтын орчны тогтворгүй байдлаас болж нөхцөл байдал улам дордсон. Хэдий ийм боловч дотоодын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа зогсолтгүй урагшлуулж, томоохон бүтээн байгуулалт өрнүүлж, шинэ төслүүдийг эхлүүлсэн байна. “Bloomberg awards 2017” уламжлалаа хадгалж, ондоо багтаж боллоо. Монголын компаниуд зөвхөн дотооддоо бус олон улсын зах зээлд гарч эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл, өрсөлдөх чадвар нь жил ирэх тусам сайжирч байгаа нь үүний нэг илрэл.

ХҮНД НӨХЦӨЛД АМЖИЛТ ГАРГАЖ ЧАДСАН
С.Дэмбэрэл /УИХ-ын гишүүн асан/
-“Bloomberg awards” бол бизнес, эдийн засаг, санхүүгийн салбарын хүндтэй шагналын нэг. Энэ утгаараа тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг үнэлж буй хэрэг. Бизнесийн орчин энэ онд тааруу байсан. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшилд сөрөг нөлөө их байлаа. Гэвч бизнесийн орчин тааруу байна гээд хойш суулгүй, өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаагаа илүү идэвхжүүлж, олон салбарт манайхан хүч сорьж байна. Татвар болон хяналт, шахалт бизнест саад болж байгаа нь үнэн.

Мөн ажлаа цаг хугацаа алдалгүй шуурхай явуулахад нь хүнд суртал сорилт болж байгаа. Энэ болгонд хувийн хэвшил бууж өгсөнгүй.

БИЗНЕСИЙНХЭН СОРИЛТОО ДАВАН ТУУЛСАН
О.Адъяа /Монгол дахь Америкийн худалдааны танхимын гүйцэтгэх захирал/
-Бодит амжилтыг үнэлж, дүгнэдэг томоохон арга хэмжээний нэг нь “Bloomberg awards 2017” болж байна. Бизнес, эдийн засгийн орчинд хүлээлт үүсгэсэн тус арга хэмжээ нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн. Бизнесийн салбарын гүнд нь байдаг “Bloomberg TV Mongolia” жил болгон зохион байгуулж ирсэн нь ихээхэн ач холбогдолтой. Энэ оны эхэнд бизнес, хөрөнгө оруулалтын орчин амаргүй, хүнд байсан. Харин оны хоёрдугаар хагасаас нөхцөл байдал дээрдэж, ДНБ өсөлтийн төлөвт шилжээд байна. Өөрөөр хэлбэл, бизнес, хөрөнгө оруулалтын орчин сэргэх төлөв ажиглагдаж эхэллээ. Бизнесийн сорилтоо даван туулсан.

ХҮНДРЭЛИЙГ БОЛОМЖ ГЭЖ БИЗНЕСҮҮД ХАРЖЭЭ
С.Даваасүрэн /СЗХ-ны дарга/
-Эдийн засгийн хүндрэлийг боломж гэж хараад дотоодын компани, аж ахуйн нэгжүүд өөрсдийн бизнесийн үйл ажиллагаагаа улам тэлж чадсан байна. Бизнес, санхүүгийн салбарын төлөөлөл болсон компани, захирлууд нэр хүндтэй шагналын эзэд боллоо. Монголын эдийн засагт санхүү, бизнесийн салбарын нөлөөлөл голлох жин дардаг. Өсөн дэвжихийн бэлгэдэл болсон шагнал илүү ихийг хийж бүтээх урам, зориг, итгэлийг хүмүүст өгөх нь дамжиггүй. Ялангуяа, санхүүгийн салбарын ирээдүйн хөгжлийг өөдрөг төсөөллөөр харж байна. Энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй байгууллагууд “Bloomberg awards 2017” шагналын шилдгүүд боллоо.
САНАЛ БОЛГОХ