Гэрэлт амьдралаа харанхуй сүүдрээр солих гэж үү?

ЗГМ: Сэдэв

2005 оноос хойш бүтэн 12 жил завсардсаны эцэст хөтөлбөр батлав

Дээр дооргүй л хар тамхи татдаг залуус олширч, нас нь улам бүр залуужиж байгааг өдөр бүр шахам халаглан ярих атлаа бодит байдал дээр үүний эсрэг дорвитой тэмцэж, компанит ажил өрнүүлэлгүй гар хумьж суугаа нь үнэндээ гайхширал төрүүлмээр. Хар тамхитай тэмцэх ажил бол “чи, би” гэлтгүй хүн бүрийн санаа зовних, анхаарал хандуулах ёстой асуудлын нэг мөн.

Гуравхан сая хүн амтай Монгол Улсын хувьд өсвөр насныхан, ид хийж бүтээх насандаа яваа залуучууд хар тамхинд донтож, залуу сайхан нас, амь амьдралаа хэрхэн сүйрүүлж байгааг нь харсаар суух хэрэг үү. Үнэндээ цаг хугацааны хувьд хожимдсон байж ч магадгүй энэ асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үзэж яагаад болохгүй гэж.

Муу амлаж, муухайг зөгнөхийг хүсэхгүй байв ч Монголын ирээдүй болсон залуучууд хар тамхинд живснийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) дээр очоод өөрийн биеэр мэдэрлээ.

Гэхдээ энэ талаар өгүүлэхийн өмнө төрөөс хар тамхитай тэмцэх ажилд хэрхэн анхаарч ирснийг товчхон мэдээлье. Засгийн газраас 2000-2005 онд “Хар тамхи, мансуурахтай тэмцэх үндэсний
хөтөлбөр”-ийг хэрэгжүүлжээ. Харамсалтай нь, уг хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажил, үүнээс гарсан үр дүн, тайлан мэдээ зэрэг холбоотой баримт бичгийг хайгаад олсонгүй. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2012 оны тавдугаар сард шинэ хөтөлбөр боловсруулах зарлиг гаргаж, өмнөх хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ, дүгнэлт хийлгэхийг даалгаж байснаас өөр зүйл алга.

Тэгвэл хар тамхитай тэмцэх ажил 2005 оноос хойш бүтэн 12 жил завсардсаны эцэст сая нэг эрх баригчдын анхааралд орж, тэд гүн нойрноосоо “сэрлээ”. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 7-нд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж, Ажлын алба байгуулав. Ингээд хөтөлбөр батлагдсанаас хойш гурван сарын дараа буюу зургадугаар сарын 9-нд Төрийн ордонд үндэсний чуулган зохион байгуулж, хар тамхины хор хөнөөл хийгээд үүнээс урьдчилан сэргийлэх арга замын талаар бүх талын оролцоог хангасан төлөөллүүд нээллтэй ярилцсан. Энэ чуулганаас хойш өнөөдрийг хүртэл зургаан сар өнгөрлөө. Цаг хугацаа урссаар л байна.
Гэтэл байдал огт дээрдэхгүйгээр барахгүй улам даамжирсаар…

НАС, ХҮЙС, БОЛОВСРОЛ ҮЛ ХАРГАЛЗАНА

Одоо өгүүлэх тоон мэдээлэлд онцгойлон анхаарахыг хүсье. Учир нь эдгээр тоо Монголыг цагаан тахал яаж нөмөрснийг илтгэнэ. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр 2016 онд шүүхээс 101 хүн ял шийтгүүлжээ. Тодруулбал, хамгийн их буюу 10-15 жилээр 22, 5-8 жилээр гурав, 3-5 жилээр нэг, 1-3 жилээр 33 хүн ял сонссон бол нэг жилийн хорих ялаар 42 хүн шийтгүүлжээ.
Харин шийтгүүлсэн иргэдийг насны ангиллаар нь авч үзвэл, 16-17 насны долоо, 18-29 насны 99, 30-34 насны 22, 35-аас дээш насны 10 хүн байгаа юм. Тэгвэл боловсролын түвшингээрээ бага боловсролтой дөрөв, суурь боловсролтой 20, бүрэн дунд боловсролтой 68, тусгай мэргэжлийн гурав, дээд боловсролтой 43 хүн байжээ.

Энэ бүхнийг тоочиж байгаагийн учир нь өнөөдөр мансууруулах бодис, хар тамхины хэрэглээ нас хүйс, санхүү, боловсролын түвшин харгалзахгүйгээр Монголд тархаж, тахал болтлоо дэгдээд буйг өгүүлэх гэсэн санаа.

Тэгвэл хар тамхинд донтож, улмаар СЭМҮТ-д эмчлүүлж буй хоёр залуу ийн ярьж байна.
Эмчлүүлэгч 1: Би энд ирээд 24 хонож байна. Эмчилгээний үр дүн маш сайн байгаа. Өвс татаж, газ үнэрлээд гурван жил болсон. Одоо 22 настай. Айлын отгон хүү, дээрээ гурван эгчтэй. МУИС-ийн гадаад харилцаанд сурч байгаад сургуулиа хаячихсан. Өвсийг өдөр тутмын амьдралдаа татаж байгаад сүүлдээ уйдаад илүү хүнд хэлбэрээр мансуурахын тулд газ үнэрлэдэг болсон. Хамгийн анх сонирхол хөдлөөд өвс татаж үзсэн. Тэр үед хаанаас олж авснаа санахгүй байна. Лав мөнгөөр худалдаж аваагүй. Үүнээс хойш өөрөө өвс түүж, хатаагаад нөөцөлж
хэрэглэдэг болсон. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд юу ч хийгээгүй. Хэрэгцээний мөнгөө гэрийнхэндээ худлаа хэлээд авчихдаг байсан. Хамгийн сүүлд эмнэлэгт хэвтэхийнхээ өмнө татсан. Ингээд хар тамхинаас гаръя, амьдралаа бодъё, гэр бүлийнхнийгээ зовоохоо больё, залуу насаа хар тамхинд үрэн таран хийх хэрэггүй юм байна гэдгийг ойлгоод СЭМҮТ-д өөрийн хүсэлтээр эмчлүүлэхээр ирээд байна. Эндээс эмчлэгдэж гараад хувийн бизнес эрхлэх бодолтой байгаа.
Эмчлүүлэгч 2: Би 23 настай. Одоогоор ганц бие. СЭМҮТ-д эмчлүүлэхээр ирээд дөрөв хонож байна. Гэр бүлийн ятгалгаар энд ирсэн. Гурван жилийн өмнө өвс
түүж татаад, үүнээс хойш байнга хэрэглэх болсон. Би эмнэлэгт хар тамхинаас биш, ядаргаанаас болж эмчлүүлэхээр ирсэн. Өвснөөс өөр ургамал, эм, бодис татаж үзээгүй ээ. Гэхдээ манайхан өвс ургадаг талбайг жил бүр шатаадаггүй болохоор залуучууд чөлөөтэй түүж, хэрэглэдэг шүү дээ гэв.

ДЭМБ-аас хар тамхинд донтогсдын ердөө 1-5 хувь нь л эдгэрдэг гэжээ. Энэ бол мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж буй үйлдэл.
Энэ хоёр залуу хоёулаа боломжтой айлын хүүхдүүд. Хэдийгээр хар тамхинд залуус нас, хүйс, боловсрол харгалзахгүй донтож байгаа ч боломжтой айлын хүүхдүүд илүү автдаг болохыг мэргэжлийн эмч нар хэлж байна. Ийм хүүхдүүд ихэвчлэн дураараа өсчихсөн, мөнгөний үнэ цэнийг ойлгодоггүй, аав ээждээ худал хэлж мөнгө авдаг гэхчлэн олон учир шалтгааны улмаас буруу зүйлд амархан татагддаг болохыг сэтгэлзүйчид ярьдаг. Мансууруулах бодис, хар тамхинд донтсон хүнд хийдэг эмчилгээний зардал өндөр төдийгүй үр дүн багатай тул урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ёстой гэсэн зөвлөгөөг ДЭМБ манай улсад өгчээ. Тиймээс энэ ажлыг гардан хариуцаж буй ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэлээс асуухад “Шри Ланкаас удахгүй мэргэжилтэн ирж, манай хүмүүст сургалт явуулахаар зэхэж байна. Мөн гаднын жишгээр хар тамхины хамааралтай хүмүүст тусламж үзүүлэх “Drop center” байгуулахаар судалж байгаа” гэхээс өөр юм хэлсэнгүй.

ДЭМБ-аас хар тамхинд донтогсдын ердөө 1-5 хувь нь эдгэрдэг гэж мэдэгдсэн байдаг. Энэ бол мөнхийн эрх чөлөөгөө түр зуурын солиорлоор сольж, үлдсэн бүхий л жаргалтай амьдралаа нар харахгүй, чийгтэй орчинд өнгөрөөх таны буруу сонголтын “шагнал”. Тиймээс үхлийн тун гэгддэг хар тамхинаас хол явж, эрүүл мэнд, эрх чөлөөгөө хамгаалж, гэр бүл, үр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдрахыг залууст уриалж байна.
САНАЛ БОЛГОХ