Эцсийн сонголт нь бууж өгөх

Гадаад худалдаа

Экспортын нүүрсний ачилтыг зогсоожээ

Албан бус хоригийн өмнө Монгол Улс бууж өгч байна. Арга мухардсан Засгийн газар экспортын нүүрсний ачилтыг зогсоох шийдвэр гаргасан байна. Монгол Улсын Засгийн газрын 320 дугаар тогтоолоор Тавантолгойн бүлэг ордын экспортын нүүрсний ачилтыг энэ сарын 12-ны 00 цагаас эхлэн түр хугацаагаар зогсоожээ. Манай улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт- Ганцмодны боомтод үүссэн гацаа буурах хүртэл энэ арга хэмжээг авах аж. Манай улсын нүүрсний экспортын 55 хувийг дангаар гаргадаг энэ боомтод ачааны автомашины олон километр үргэлжилсэн түгжрэл үүсээд бараг хагас жил болох гэж буй.

Холбогдох салбарын хоёр сайд ажлаа авсан даруйдаа хилийн боомтод очиж ажилласан ч тусыг эс олов.
Энэ хугацаанд Гашуунсухайт дахь гацааг багасгахын тулд Засгийн газар шат дараатай арга хэмжээ авсан. Бүр холбогдох салбарын хоёр сайд ч ажлаа авсан даруйдаа хилийн боомтод очиж ажилласан ч тусыг эс олов. Харин шинэ сайд нарын шийдэл дайран дээр давс нэмж, ачаалал, дарааллыг улам сунгасан хэмээн энэ чиглэлд тээвэр хийдэг жолооч нар хэлж байна. Одоогоор Гашуунсухайтын боомтод 130-140 километр урт түгжрэл үүсэж, ойролцоогоор 6000 жолооч өвлийн хүйтэнд автомашиндаа ээлжээ хүлээн хэд хонож байна.

Ийм хүнд нөхцөл үүссэн тул бодлого тодорхойлогчид хилийн боомт чиглэсэн автомашинуудыг зогсоож, хил орчмын ачааллыг бууруулах ядруухан оролдлого хийж байгаа нь энэ. Мэдээж, гадагшлах урсгалыг нь дотооддоо хаачихаар гацаа түгжрэл буурах нь ойлгомжтой. Гэхдээ энэ ядмаг аргаар хэдий хүртэл торгоох вэ? Цаашлаад нүүрсний ачилт зогссоноор Монголын мөнгөний нэг уурхай болох нүүрсний экспортын орлого хэрхэх бол?

Бид боломжийг ашиглах нь бүү хэл харин ч экспортоо хумьж байна.

Гэтэл нүүрс бол энгийн нэг түүхий эд биш. Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар Монгол Улс 31.3 сая тонн нүүрс экспортолж, 2.1 тэрбум ам.долларын орлого олсон байна. Арваннэгдүгээр сарын байдлаар уул уурхайн салбарын экспортын орлого өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Үүний 90 гаруй хувь буюу 1.3 тэрбум ам.долларыг зөвхөн нүүрсний орлого бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, дийлэнх нь Гашуунсухайт боомтоор дамжиж буй нүүрсний экспорт өдгөө манай эдийн засгийн гол тулгуур болчихоод байна. Гэтэл Монголын эдийн засагт ийм чухал ач холбогдолтой бүтээгдэхүүний экспорт уурхайн аман дээр ч, хилийн боомтод ч гацсаар байна.

Үнэндээ экспортын энэ уналт эрэлт, нийлүүлэлт зэрэг зах зээлийн хүчин зүйлээс шалтгаалаагүй. Урд хөршийг чиглэх Монгол Улсын нүүрсний экспорт саарахтай зэрэгцээд бусад улсаас БНХАУ-ыг чиглэсэн нийлүүлэлт өссөөр байна. Хятадын нүүрсний импорт өнгөрсөн сард гэхэд 3.6 хувиар өсчээ. Тус улс агаарын бохирдолтой тэмцэхийн тулд дотоодын олборлолтоо бууруулсан нь урд хөршийн нүүрсний импортыг өсгөжээ. Үүнээс үүдэн үнэ ч өссөн байна. Чинхуандао боомтод 5500 ккал илчтэй нүүрсний ханш 10 гаруй хувиар өсөж 680 юанийг давсан. Мөн Хандан, Хэбэй мужид ч коксжих нүүрсний ханш тонн тутамдаа 50 юаниар нэмэгдэж, I, II зэргийн коксжих нүүрсний ханш 1710-1720 юаньд хүрсэн юм. Ийнхүү гол худалдан авагчийн эрэлт, зах зээл дэх ханш өсөж, ашиг олох хамгийн таатай үе тохиогоод байна. Гэтэл бид энэ боломжийг ашиглах нь бүү хэл харин ч экспортоо хумьж байна. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлалаар хоёр тал хилийн боомтын талаар хэлэлцэж, эрдэс баялаг, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээ Хятадын тал амласан. Энэ нь экспортлогчдод итгэл төрүүлээд байсан ч өнөөг хүртэл дорвитой үр дүнд хүрээгүй л байна.

Мэдээж, энэ гацаа зөвхөн биднээс шалтгаалаагүй. Гэлээ гээд орлогын итгэл найдвараа буурахыг харсаар суух уу. Салбарын сайдын жишим ч үгүй зогсоож буй дотоод хоригийн цаана нүүрс олборлож буй төрийн болон хувийн хэвшлийн компаниуд, тээврийн үйлчилгээ гээд бизнесийн олон талт үйл ажиллагаа бүгд гацаж байна. Монгол Улсын гадаад худалдаанд үлэмж хэмжээний орлого авчирсан нүүрсний экспорт саатвал энэ салбарын орлогоос эхлээд улсын төсөв, монгол өрхийн хэтэвчийг л торгоно. Гэтэл бид хийж чадах зүйл нь энэ гээд дотоодын нийлүүлэлтээ хумьсаар суух уу.
САНАЛ БОЛГОХ