Хар тамхины шарталт архиныхаас 60 дахин хүчтэй илэрдэг

Албаны хүний үг

СЭМҮТ-ийн Донтох эмгэгийн клиникийн эрхлэгч Б.Энхчимэгээс зарим зүйлийг тодрууллаа.

- Танайх ямар шалтгаантай хүмүүст эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна вэ?

-Донтох эмгэгийн клиник 30 ортой үйл ажиллагаа явуулж байна. Мөн өдрийн эмчилгээ давхар хийдэг. Өнөөдрийн байдлаар тасагт хэвтэн эмчлүүлэгчид дүүрсэн, өдрийн эмчилгээнд найман хүн хамрагдаж байна. Мөн хар тамхинд донтсон 20 гаруй насны хоёр залуу бий. Сүүлийн үед 18-25 насныхан сэтгэцэд нөлөөлөх бодисын хамааралд ихээр орлоо. Энэ нь хар тамхинд донтогчид улам залуужиж байгааг илтгэж байгаа юм. Манайх архи, тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис (морфин, кокайн, каннабис, мөс, газ, бензин, цавуу)-д донтох эмгэгтэй болсон хүмүүсийг хүлээн авч эмчилдэг. Архины хамааралтай хүнийг 14-21, хар тамхинд донтогсдыг 2-6 сар хүртэлх хугацаанд эмчилж, зохих хөтөлбөр, сургалтад хамруулж байна.

-Донтогсдын нас улам залуужиж байгаа нь ямар хүчин зүйлээс шалтгаалж байна вэ?

-Олон хүчин зүйлийн нөлөөтэй. Хамгийн гол нь боловсролын системд эрүүл мэндийн хичээлийг онцгойлон тусгаж, хүүхдүүдэд багаас нь архи, тамхи, хар тамхины хор хөнөөлийн талаар ойлголт өгөхгүй байгаатай холбоотой. Жишээлбэл, манайхаас хэдэн жилийн өмнө ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт архи, тамхи, хар тамхины хор хөнөөлийн талаар нэг бус удаа сургалт явуулсан юм. Гэвч багш нар бидний заасан сургалтыг нухацтай хүлээж аваагүй. Тухайлбал, мэргэжлийн бус буюу биеийн тамирын багш сургалтад хамрагдах жишээтэй. Сэтгэл хямарч, стресс үүсэхэд үүнийг хэрхэн даван туулах вэ гэдгийг мэдэхгүй цагт буруу нөлөөлөлд амархан автана. Ерөөс стрессээ тайлж сураагүй хүн буруу зүйлд амархан уруу татагддаг.

-Хар тамхинд донтох өвчлөл хүний биед ямар хор хөнөөлтэй вэ?

-Бүхий л эд эрхтэн гэмтдэг. Ялангуяа, уураг тархинд хамгийн ихээр нөлөөлдөг. Ингэснээр донтолт улам даамжирч, зан авир нь өөрчлөгдөнө. Ялимгүй зүйлд уурлаж уцаарлах, гомдоллох, юм бүхэнд шүүмжлэлтэй хандах, хэт өөрийнхөөрөө байх зэрэг сөрөг хандлага илэрдэг. Улмаар тухайн бодисоо хэрэглэж байж тайвширч, эцэстээ хамааралд орж донтох эмгэг үүсдэг. Хар тамхины шарталт нь архинд донтох өвчний үед үүсэж байгаа биеийн хараат байдал буюу үгүйлэх шинж, шарталтын үеийнхээс 40-60 дахин хүчтэй дуршил илэрдэг. Учир нь хар тамхи хүний биеийн яс, булчинд илүү хуримтлагдаж, биеэс задрах үед биед өвдөлт үүсгэдэг тул архины шарталтаас илүү хүчтэй зовиур илэрдэг. Тиймээс л хар тамхины донтолт маш богино хугацаанд гүнзгийрдэг.

-Хар тамхины хамааралтай байдал эмчлэгдэх хувь хэд байдаг вэ?

-Дэлхий нийтэд хар тамхины эмгэг туссан хүн 1-5 хувьтай эмчлэгддэг гэж үздэг. Хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүст хар тамхины хор хөнөөл, үүнээс гарах арга замын талаар сургалт явуулж байна. Гэхдээ энэ бүхэн хожимдсон сургалтууд юм. Өвдсөн хойно нь урьдчилан сэргийлж байна гэсэн үг. Гэхдээ эмнэлгийн байгууллага дахин хэрэглэх, илүү гүнзгий орохоос нь сэргийлж, эдгэрэлтийг сайжруулахын тулд чадах бүхнээ хийж байна. Дахин хэлэхэд, хар тамхинд донтож, өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх мэдээлэл өгөх зайлшгүй шаардлага үүсээд байна. Манайд өөрсдийн хүслээр хар тамхинаас гаръя гэж ирэх хүн байдаггүй. Дийлэнх нь гэрийхнийхээ албан шаардлагаар эсвэл албадлагаар ирдэг.

САНАЛ БОЛГОХ