Харилцуурын цаадах нулимс

Сурвалжилга

Ураг төрлийн хүчирхийллийн ноцтой нэг тохиолдлыг илчлэв

Харилцуурын цаанаас зориг муутайхан ярьсан тэр охин нийгэмд салхин цэцэг туурахтай адил хурдан тархаж буй ураг төрлийн хүчирхийллийн ноцтой тохиолдлыг илчлэв. Энэ нь хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөр бүр ирдэг энгийн дуудлагын нэгэн жишээ.

-Байна уу. Та хүүхдийн туслам­жийн 108 утсанд холбогдлоо.
-Байна уу... нэг зүйл асуух гэсэн юм гэх сулхан дуу харилцуурын цаанаас сонсогдов.
-За?
-Ммм, Миний утасны дугаар гарч байгаа юу, эгч ээ?
-Гарна аа. Яг юу болсон билээ?
-Тийм үү. Гэрийн хаяг ч бас гарах уу?
-Юуны тухай ярьж, ямар мэдээлэл авах вэ?
-Найзынхаа тухай. Хамаатны ах нь оролдоод. Одоо жирэмсэн юм шиг байна гэнэ ээ.
-Найзыг нь хэн гэдэг вэ?
-Нэрийг нь заавал хэлэх ёстой юм уу?
-Энэ тохиолдолд заавал хэлнэ гээд чихэвч зүүсэн сэтгэлзүйч шалтгааныг нь тайлбарлаж өгөв. Харилцуурын цаадах сулхан хоолой ээж ааваасаа айж, ичиж байгаагаа хэлж, нууцлахыг хүслээ.

Гэвч ийм мэдээллийг цагдаад заавал дамжуулж, найзыг нь хамгаалдаг гэдгийг хэлж, мэдээллээ дэлгэрүүлж өгөхийг сэтгэлзүйч дахин ятгав. Харамсалтай нь, охин эргээд холбогдъё хэмээн утсаа тасаллаа. Сэтгэлзүйч нэн даруй утасны дугаараар байрлалыг нь илрүүлж, цагдаад мэдэгдэхээр шуурхай ажиллав. Бараг ганц минутын дараа 102-д мөнөөх охины тухай шаардлагатай мэ­дээллийг дамжууллаа. Хамаатны ах нь оролдож, жирэмсэн болсон гэх охин өөрөө ч байж болзошгүй гэж тэд сэжиглэв. Тус төвийн захиргааны нэгэн ажилтан “Намайг дуудлага хүлээж авдаг байхад хүсээгүйгээр жирэмсэлсэн охид ямар нэг байдлаар тусламж хүсдэг байсан. Гэхдээ яг өөрт нь асуудал тулгарлаа гэж ханддаггүй. Жишээлбэл, манай найз охин жирэмсэн болчихлоо. Үр хөндүүлэх ийм эм байдаг гэсэн. Хаагуур зардаг бол гэх зэргээр өөрийнхөө асуудалтай холбоотой сэжүүр гаргаж, тандах маягаар асуудаг. Харин манай сэтгэлзүйчид асуултанд нь тулгуурлаж мэргэжлийн арга барил ашиглан ярилцах байдлаар аюултай тохиолдлуудыг илрүүл­дэг юм” гэв.

Харилцуурын цаанаас зориг муутайхан ярьсан тэр охин нийгэмд салхин цэцэг туу­рахтай адил хурдан тархаж буй ураг төрлийн хүчирхийллийн ноцтой тохиолдлын нэг жишээг илчилсэн нь энэ байлаа. Охин өөрт ичгүүртэй, бусдад хэлэхээс эмээж буй сэтгэлийн зовлонгоо бусдад дэлгэх зориг гаргажээ.

Гэвч хэрэг хэдийнэ үйлдэгдсэн байгаа нь юутай харамсалтай. Тус төвийн ахлах сэтгэлзүйч Ц.Цолмон “Хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртчихлөө гэж тэр даруй ханддаг нь тун цөөн. 5-6 сарын өмнө болсон эсвэл хүчирхийллийн улмаас сэтгэл зүй нь тогтворгүй болсон тохиолдолд тусламж эрж, 108 утсанд ханддаг. Тухайн үедээ айсан, бас ээж, аавдаа хэлээгүйгээс ийнхүү хожуу мэдээлдэг” хэмээн ярихдаа зовнингуй аясаа дарахыг хичээсэн ч харцаа тогтоож ядан, хөмсгөө үл ялиг атируулна.

Гэтэл гэнэт “Та яах гэж сургууль дээр очсон юм бэ. Би одоо харихгүй. Юу ч хийхэд бэлэн байна” гэсэн сүрдүүлсэн мессэж хүүгээсээ аваад, 108 руу сандран залгасан ээжийн яаралтай дуудлага түүнд ирэв. Яахаа мэдэхгүй, цочролд орсон ээжтэй 10 гаруй минут ярилцаж, юу хийх ёстойг нь зөвлөсөн тэрбээр яриагаа үргэлжлүүлэв. “Хүүхдүүд ээж, аавынхаа үгнээс зөрөөд орой үдэш явахдаа хүчирхийлэлд өртвөл өөрийгөө буруутгадаг. Мөн бага насандаа ураг төрлийн хүрээнд хүчирхийлэлд өртсөн гэдгээ ойлгохгүй байх нь их. Мэдсэн зарим нь айж, ичдэг. Хүчирхийлэл сэтгэц, эрүүл мэнд, зан үйлээр илэрч, эсвэл давтагдсан тохиолдолд дуудлагын утсанд ханддаг болж байна” хэмээв.

Хойд ханандаа томоо гэгч тольтой, гэрэлтүүлэг муутай, агааржуулагчгүй жижигхэн өрөөнд сэтгэлзүйчид ийн завгүй ажиллана. Монголын өнцөг булан бүрээс утсаар холбогддог хүүхдүүдэд мэдээлэл, зөвлөгөө өгч, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бүхэл бүтэн бааз суурь гэхэд тус төв чамламаар жижигхэн. Гэртээ ганцаараа үлддэг, гэрэл цахилгаан тасрахад айж уйлдаг 4-5 настай бяцхан охиноос эхлээд сургууль дээрээ гадуурхагдаж, өөрийгөө хэнд ч хэрэггүй мэтээр төсөөлсөн сурагч 108 руу л залгадаг. Үр хүүхэдтэйгээ хэрхэн харьцах учраа олохгүй байгаа эцэг, эх, 102, 103, дүүрэг, хорооны мэргэжилтнүүд гээд олон хүн 108 утсыг 24 цагийн турш чөлөө завгүй хангинуулна. Ихэнх нь хүүхдүүд. Тус төвийн гурван оператор, ахлах сэтгэлзүйч өрөөний зүүнтээ эгнэн суух бөгөөд ханан дээрх цагаан самбарын буланд “Хүүхдийн тусламжийн утасны 108 үйлчилгээний төвийн ажил­чид телевиз, радио, сонин, сэт­гүүл, аль ч хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгөхгүй” хэ­мээн хатуу анхааруулан бичжээ.

• Өнгөрсөн долоо хоногт Хүүхдийн тусламжийн 108 утас 4500 гаруй дуудлага авснаас 150-д нь тусламж үзүүлж ажиллаж байгаа аж.

• Хүүхэд хамгаалах хариу үйлчилгээ, түр хамгаалах байр энэ оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 288 хүүхдэд үйлчилжээ.

• Үүнээс бэлгийн хүчирхийлэлд өртсөн 17

Самбарын үлдсэн хэсэгт арванхоёрдугаар сарыг өдөр, өдрөөр нь нүдлэн хувааж, тухайн өдөр ирсэн дуудлагын тоо, амь нас, эрүүл мэндэд нь аюул учрах эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдийн тоог тэмдэглэжээ. Мөн тус төвийн хамгаалах байранд ирсэн хүүхдийн тоог ч өдөр бүр хянадаг байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 4500 гаруй дуудлага авснаас 150-д нь цагдаа, эмнэлэг болон хорооны хүүхэд хамгаалах багтай хамтран тус­ламж үзүүлж байгаа аж.

Хүүхэд алаг нүднээсээ нулимс унагаж, атгахан зүрхэндээ зовлон хураах гэж мэндэлдэггүй. Эцэг, эхээс заяасан алдар нэрээ сайнаар дуудуулж, удам угсааг тань залгуулах энхрий үрсийнхээ нулимсыг арчиж, халуун элгэндээ тэврээч, хүмүүс минь.
Харин 10 хүүхдийн багтаамж­тай түр хамгаалах байр долоо хоногийн эхний гурван өдөрт 18-23 хүүхэд хүлээн авчээ. Биднийг очиход хамгаалах байранд есөн сартайгаас 14 настай зургаан хүүхэд байсан юм. Энэ оны хоёрдугаар сард үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 288 хүүхдэд үйлчилжээ. Дийлэнх нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөнөөс хамгаалуулсан аж. Харин бэлгийн хүчирхийлэлд өртсөн 17 тохиолдол байгаа юм. Харамсалтай нь, ийм төрлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг эрүүл мэнд, сэтгэл зүйн тусламж үйлчилгээгээр гүйцэд хангаж чадахгүй байна. “Хуулиар зөвхөн хэрэгтнийг яллаад өнгөрдөг. Гэтэл хохи­рогчид цаашдаа амьдрах итгэл, зовлонгоо даван туулах сэтгэл заслын үйлчилгээ үнэхээр дутагдаж байна. Эрүүл мэндийнх ч ялгаагүй” хэмээн Хүүх­дийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвийн захирал Д.Ундраа учирлалаа.

ЭЦЭГ, ЭХТЭЙ ӨНЧИН ХҮҮХДҮҮД

-Миний дүү яагаад энд хүрээд ирсэн юм бэ?
-Хоёр хоногийн өмнө аав архи уучихаад, намайг утсаараа яасан их оролддог юм гээд утас шүүрч авангуутаа хамар руу цохиж, утсыг маань газар савсан. Тэгээд цагдаад дуудлага өгч энд ирсэн. Аав архи уухаараа эхлээд загнадаг байсан. Сүүлдээ юм авч шиддэг болсон. Гэрийн эд хогшлыг ч гэсэн бүгдийг нь сүйтгэсэн. Одоо хамт байх гэхээр муухай санагдаад байна.

-Аав нь архи их уудаг уу?
-Ээжийг өнгөрснөөс хойш байнга уудаг болсон. Өмнө нь баяр ёслолоор л амсдаг байсан юм. Ээж маань өвчний улмаас өөд болоод хоёр сар өнгөрч байна.

-Энд таалагдаж байна уу?
-Тийм ээ. Үеийнхэн байгаа болохоор хөгжилтэй гоё байна. Би уг нь их бишүүрхүү зантай ч хурдан танилцсан. Бөөнөөрөө эмнэлэгт очиж цусны шинжилгээ өгөхөд Болороо (жинхэнэ нэрийг нь нууцлав) бид хоёр их уйлсан. Харин хөвгүүд аргадаад нулимс арчиж өгөхөд нь хөөрхөн санагдсан. Тэгээд л танилцсан. Даанч өнөөдөр явчихлаа.

-Өмнө нь аавыгаа цагдаад өгч байсан уу?
-Аав ээжийг байхад ч ах бид хоёртой нэг их ярьдаггүй байсан. Өглөө ажилдаа яваад л орой ирдэг. Одоо ажлаасаа гарчихаад архи уугаад байна. Уурлахаар нь би цагдаа дуудаж өгдөг. Цагдаа нар сүүлдээ мэддэг болчихсон. Хэлтэс дээр байлгаж байгаад л орой нь буцаагаад явуулчихдаг.

-Цагдаагаас ирэхээрээ чамайг загнадаг уу?
-Үгүй ээ. Шууд унтана. Мар­гааш нь дахиад л ууна. Хааяа овоо уухгүй байхаар нь хүн шиг болчиж дээ гэж бодонгуут “хи­чээлдээ явж байна уу”, “өнөөдөр гэрээ цэвэрлэсэн үү” гээд ойл­гомжгүй юм их ярьдаг. Ихэвчлэн хоёулхнаа амьдардаг учраас гэр ихэнхдээ цэвэрхэн байдаг.

-Хичээлдээ явмаар санагдаж байна уу. Ямар хичээлдээ дуртай вэ?
-Тийм. Бас найзуудаа санаж байна. Ангидаа зургуулаа найзал­даг. Уран зохиол, орос хэлнээс гадна математик, физик, химийн хичээлд дуртай.

-Үерхдэг хөвгүүн байгаа юу?
-Байгаа. Манай нөгөө ангийнх. Бид хоёр үерхээд 258 хонож байна. Валентинаар монита зар­лахад намайг сугалсан байсан. Тэр үеэс найзалж байгаад сүүлдээ үерхдэг болсон.

-Чамд юу нь таалагддаг вэ?
-Хөгжилтэй, наргианч. Тэгээд маш эелдэг. Намайг аав, ах хоёроос илүү ойлгодог, даруу төлөв зантай.

Гоё эерэг энергитэй үерхлийн тухай яриад ичингүйрэн харцаа буулгахад охины уруулд багахан инээмсэглэл тодров. Охины ах уурхайд ажилладаг тул гэртээ байхаасаа байхгүй нь их. Тиймээс түүнийг энд авчирчээ. Хөвгүүдийн өрөөнд бид ярилцаж байсан тул 10 орчим насны гурван хүү ээлжлэн хаалга онголзуулах нь хурдан дуусгаарай гэсэн дохио бололтой. Ярианыхаа төгсгөлд тэр охинд “Аав нь чамтай ярилцмаар санагддаг ч яах учраа олдоггүй байх л даа” гэдгээс өөр үг хэлж чадсангүй. Шавилхан биетэй, урт хар гэзэгтэй тэр охин бусдын л адил догдолж, хайрлаж энэрэх зүрх сэтгэлтэй. Харин ирээдүйдтүүнийг юу хүлээж байгааг таах аргагүй. Зан ааш нь эвдэрч эхэлж байгааг, зорьсон зорилго, харсан мөрөөдөл нь хумигдан жижгэрч байгааг түүний ярианаас тодхон харж болно. Түүнд зөв бурууг дэнслэн зааж өгөх хүн байхгүй, зөөлөн үгээр аргадан ухааруулах хэн ч үгүй. Дуу чимээгүй ийм нэгэн охин гэрээсээ зугтаж, аавыгаа цагдаад өгдөг хүндхэн “ажилтай” амьдарч явна.

ИЖИЛ АРАНШИН, ИЖИЛ ТУСГАЛ

...Хонгилд шуугилдаад байсан мөнөөх гурван хүү муудалцжээ. Нэг нь “Би одоохон хувцсаа өмсөөд эндээс чинь зайлаад өгье” хэмээн ихэр татан бархирав. “Би зайлаад өгье” гэх үгсийн цаана насанд хүрсэн хэр баргийн хүний амнаас гарахааргүй их уур бухимдал тэр жижигхэн биенд нэвчсэн мэт санагдав. Энэ тухай хараат бус сэтгэлзүйч Б.Баярцэнгэл “Ийм хүүхдүүд голдуу тарчиг амьдралтай байдаг. Ээж, аав нь орлогын боломж тааруугаас үүдсэн стрессээ хүүхдүүддээ гаргаж, залхаж, ядарч байгаагаа байнга гомдоллодог. Бараг архи ууж байгаагаа өөрсдөөс нь болсон юм шиг хүүхдүүдээ зэмлэж, тээршаадаг. Хүүхдүүд нь битгий гэж ятгахад эргээд би зайлаад өгье, яваад өгье гэдэг эцэг, эхийн үйлдэл хүүхдэд тусаж байгаа нь тэр. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд мөн адил хүнд зүйл тулгармагц шууд арилаад өгөх нь амар юм байна гэсэн ойлголттой болдог” гэж тайлбарлав.

10 хүүхдийн ортой хамгаалах байранд өдөрт 23 хүүхэд ирэх тохиодол бий
Удсан ч үгүй зохицуулагч багш гарч ирж, бусад нь ч бухимдсан хүүг аргадаж, байдал тэгсгээд намжив. Харин хамгаалах байрны хамгийн бяцхан “оршин суугч” томчуудын бужигнааныг тэргэндээ суугаад томоотой гэгч нь ажина. Угжаа барин биднийг угтсан түүнийг анх хараад эндхийн ажилчдын нэгийнх нь хүүхэд биз гэж таамаглаж байлаа. Гэтэл хүмүүс ээлжлэн өхөөрдөж, асрахад нь хар бараан хорвоогийн нялх “оршин суугчид”-ын нэг юм байна хэмээн түүний амьдралын зах зухаас ойлгож эхлэв. Хуучин буйдан тавьж, хананд нь зурагт өлгөсөн бүдэг гэрэлтэй үүдний танхимд бяцхан охин жижүүр багштай хамт зочид угтаад 11 хонож байгаа аж. “Аав нь архины хамааралтай, ээжийг нь зодож хүнд бэртээсэн. Ээж нь гэмтлийн эмнэлэгт хагалгаанд орж, аавд нь эрүүгийн хэрэг үүсгээд хорьж байгаа тул гурван ахтай нь авчирсан. Гэхдээ том ах нь сургуульд сурдаг учраас эмээ нь өөр дээрээ авсан. Дараагийн хоёр нь ихэр юм билээ. Бид 24-ийн цэцэрлэгт өгсөн” хэмээн Хүүхэд хамгаалах хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны зохицуулагч М.Содгэрэл ярив. “Өнөр бүл” асрамжийн газар олон жил ажилласан тэрбээр хүүхдүүдээ ирэх долоо хоногоос илүү тухтай өрөөнд оруулна гэдгээ хэлэв. Уг нь нэг дор 20 хүүхэд хүлээж авах чадалтай ч одоогоор 10 ортой аж. Харин дээд давхрууддаа засвар хийж, улсын комисст хүлээлгэж өгчээ. М.Содгэрэл “Манайд голдуу л үл хайхрах болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд ирдэг. Ихэнхийнх нь эцэг, эх архины хамааралтай болчихсон. Эцэг, эхчүүд өөрсдөө балчир үрсээ эрсдэлд оруулаад байна” гэв. Улсын хэмжээнд байдаг хүүхэд хамгаалах, асрамжийн 10 гаруй төвийн зөвхөн нэгнийх нь дүр төрх энэ. Улсын онцгой объектод тооцогдох тус төвд хандаж буй хүүхдүүдийн сэтгэл зүйг хүчирхийлэл буруу харгуйд хэрхэн төөрүүлж, ирээдүйд нийгэмд ямар үүрэг гүйцэтгэх иргэн өсөн торниж буйг бид харуулахыг хичээлээ.

Бага насандаа хүчирхийлүүлж байсан хүүхэд өсч том болсон ч бие, сэтгэлийг нь эмтэлсэн явдлуудыг ор тас мартаж чад­даггүй. Шөнө хар дарж зүүдлэх, шээс задгайрах, бухимдах нь ихсэх гээд олон шинж тэмдэг аймшигт явдлын дараах эхэн үед илэрдэг. Амьдралын жигшмээр хар барааныг нялх биеэр амссан охид насанд хүрсэн хойноо эрэгтэй хүнтэй хэвийн харилцаа тогтоох чадвар муутай эсвэл донтох эмгэгт автдаг нь судалгаагаар тодорхой болсон бодит үнэн юм. Өдгөө Эрээн хотод биеэ үнэлж буй охидын дийлэнх нь багадаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг гэж хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэлтэй мэргэжилтнүүд анхааруулсаар буй.

Харин эрэгтэй хүүхдийн хувьд хүчирхийлэгчтэй нийлэн хүчирхийлэгч болж, бага насны шархаа нуухыг хичээдэг нь юутай аймшигтай.

Хүчирхийлэл үйлдэгчийг яллах төдийгөөр хүчирхийлэлтэй “тэмцэж” байгаа өнөөгийн эрх баригчид, эрх мэдэлтнүүдээс “Та нарыг дээд үе чинь ямар орчинд өсгөж, хүмүүжүүлсэн бэ” гэж асуумаар байна. Бас хүүхэд насыг туулаад өнгөрсөн хэн боловч энэ асуултыг өөртөө бас тавиад үзээрэй.

Нэгэнт болоод өнгөрсөн явдал гээд ээж, аав, асран хамгаалагч нь дуугүй өнгөрөх бус харин ч хүчирхийллээс болж шархалсан бяцхан зүрх, сэвтсэн биеийг нь илааршуулж, хүүхэд насны хэвийн амьдралд нь хөтөлж оруулах нь хамгийн чухал. Хэдийгээр бусдын уурын мунхаг, сувдаг шуналын золиос болсон ч тэдэнд сайхан амьдрах эрх бий. Энэ бол цай уух зуур яриад өнгөрдөг, мэдээнээс уншаад толгой сэгсрээд орхих асуудал биш. Төр засаг ч хүчир­хийллээс урьдчилан сэргийлэх баазыг нь өргөжүүлж, эрүүл мэнд, сэтгэл зүйн бүрэн үйлчил­гээг хохирогчдод үзүүлж, хүчирхийлэл дахин давтагдахгүй байх бүхий л нөхцөл боломжийг бүрдүүлэх нэн шаардлагатай байна. Үүнийг намын хэрүүл, улс төрийн амбийцаасаа доогуур тавих ёсгүй.

Хүүхдийн дуудлагын утас ажиллуулж байгаа нь хүүхэд хамгааллын салбарт гарсан дэвшил. Мөн хүчирхийллийн эсрэг хуультай ч болсон. Гэлээ гээд харилцуурын цаана уйлах үрсийн тоо буурахгүй байгаа нь хууль, дүрэм журмууд “тахир дутуу” байгаагийн нотолгоо.

Саяхан орон нутагт таван настай хүү аавдаа нүүрээ тэгширтэл зодуулсан тохиодол бүртгэгджээ. Хүү эмнэлгийн тусламж цаг алдалгүй авсны ачаар сэхээн амьдруулах тасгаас энгийн тасагт шилжээд буй аж. Гэвч өөрт нь хумсын толион чинээ хайр энэрэлгүй хандаж, адгууснаас дор авирласан аавыгаа ээжтэйгээ эвлэрүүлэхийн тулд “Та аавд битгий уурла л даа” хэмээн эмнэлгийн орон дээр ээжийнхээ хүзүүнээс зүүг­дэн суух бор хүүгийн тухай сонсоод өөрийн эрхгүй өр өмөрч, хоолой зангирсан юм. Үүн шиг хүүхдийн цэвэр ариун ертөнцийг харлуулсан жишээг өчнөөн олноор нь хэлж болохоор байна. Хүүхэд энэ хорвоод уйлж, гуниж, зовох гэж ирдэггүй. Гагц­хүү ээж, аавдаа халуун хайр, аз жаргал гээд амьдралын нандин бүхнийг мэдрүүлэх гэж анх ирэх­дээ л нэг уйлдаг. Түүнээс биш алаг нүднээсээ нулимс унагаж, атгахан зүрхэндээ зовлон хураах гэж мэндэлдэггүй.

Ирээдүйд бусдын дунд биеэ авч явах чадваргүй архичин, биеэ үнэлэгч, хүчирхийлэгч бус харин эцэг, эхээс заяасан алдар нэрээ сайнаар дуудуулж, удам угсааг тань залгуулах энхрий үрсийнхээ нулимсыг арчиж, халуун элгэндээ тэврээч, хүмүүс минь.

ТЭД ЮУ ХЭЛЭВ

П.Оюун­чимэг: Хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргийн 5.6 хувь нь л шийдэгддэг

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын та­лаар ХЭҮК-ын гишүүн П.Оюун­чимэгийн үгэнд анхаарлаа хан­дуулъя.

-Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэсэн бодит нөхцөл байдал ямар байна вэ?

-Бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа нөхцөл байдлыг харвал хохирогчийн гэрт зонхилон гарч байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Хохирогчийн эцэг, эх нь орон гэртээ архи ууж, олон хүн цуглуулдаг бөгөөд архины хамааралтай танил тал, найз нөхөд, ураг төрөл нь хүүхдийг айлган сүрдүүлэх, хууран мэхлэх болон шууд хүчирхийлэх арга замаар гэмт хэрэг үйлддэг.
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэлд улсын хэмжээнд 2015-2017 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг хүчирхийллийн нийт 1009 гэмт хэрэг бүртгэгдэж, 537 хүүхэд хохирч, 442 хэргийг хянан шийдвэрлэж, 31-ийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл ШЕЗ-өөс ирүүлсэн тоог харахад улсын хэмжээнд дээрх хугацаанд цагдаагаас яллах дүгнэлт үйлдсэн яг ижил зүйл ангиар 69 хүнд холбогдох 57 хэргийн 45-ыг нь хянаж, 43 хүнд ял шийтгэл ногдуулж, хоёрыг нь хэрэгсэхгүй болгожээ. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт явуулсан хэргийн хэд нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байгааг та харж байна.
Хоёр жилийн хугацаанд хүүхдийн эсрэг хүчирхийллийн 1009 гэмт хэрэг бүтгэгдчихээд байхад дөнгөж 57-г хянан шийдвэрлэсэн байна. Тэгвэл энэ хэр зэрэг бодит тоо вэ, аль шатандаа хүүхэдтэй холбоотой хүчирхийллийн гэмт хэрэг хэрэгсэхгүй болоод байна вэ гэсэн асуудал ургаж байгаа юм. Тиймээс хохирсон хүүхдүүдийн судалгаа, тоон мэдээллийг нэгтгэж гаргах сантай болох хэрэгтэй байна.

-Төрөөс хохирсон хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тогтсон дүрэм журам байдаг уу?

-Яг үнэндээ насанд хүрээгүй хүүхдийн нөхөн үржихүй, эрүүл мэндэд төр огт хайхардаггүй гэхэд болно. Хохирогчдод төрийн аль байгууллага ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг нь үнэндээ бүрхэг. Арван жилийн өмнө буюу 2007 онд улсын хэмжээнд на­санд хүрээгүй 3047 охин төрж байсан бол 2015-2016 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 8439 болсон.
Нөгөө талаар ураг төрөлдөө хүчиндүүлж, жирэмсэн болсон охидын үр хөндөлт жилээс жилд нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт, ялангуяа говийн аймгуудад дээрх хэрэг зонхилон гарч байгааг тогтоосон. Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ойлголт муутай эсвэл нутгийн хүмүүсээс ичсэн эцэг, эхчүүд охиноо гэртээ төрүүлж, амь насанд нь аюул учруулсан бодит жишээнүүд ч байна. Мөн БЗХӨ-өөр 2015 онд 10-14 насны 35, 15-19 насны 2111, 2016 онд 10-14 насны 45, 15-19 насны 1947 охин өвчилсөн гэсэн судалгаа гарсан.

Б.Алтанцэцэг: Хүчирхийлэл хүүхдэд насан туршид нь хүнд ачаа болдог

Сэтгэл судлалын үндэсний төвийн Зөвлөгөөний албаны дарга Б.Алтанцэцэгээс хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүй ямар болдог, яаж эмчлэх шаардлагатай талаар тодрууллаа.

-Хүчирхийлэл, тэр тусмаа хүүхдийн хүчирхийлэл нэмэгдээд байгаа нь судалгаагаар тодорхой байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд цаашдаа нийгэмшихэд ямар бэрхшээл тулгардаг вэ?

-Тухайн хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өрт­чихөөд тусламж авсан уу, үгүй юу гэдэг их чухал. Мэдээж сэтгэл санааны гэмтлийг бүрэн эдгээж чадахгүй. Гэхдээ сэтгэлзүйч­тэй уулзаж, эмчид үзүүлсэн хүүхдийн эдгэрэх байдал арай илүү байдаг. Хүний сэтгэл зүйг нэг бүхэл бөмбөлөг гэж үзвэл түүнийг нь гэмтээж байна гэсэн үг.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд ямар нэг байдлаар мэргэжлийн хүнээс тусламж аваагүй бол тэр бөмбөлөг хагарсан чигээрээ бэхэждэг. Ийм хүмүүст ямар асуудал тохиолддог вэ гэвэл, нэгдүгээрт хувийн харилцаа доголдоно. Хувийн харилцаа гэдэг үндсэндээ итгэлцэл дээр тогтдог. Харин ойр дотнынхондоо итгэдэггүй бол гэр бүлийн харилцаа нь асуудалтай болдог. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд айдас, түгшүүр, өвдөлт мэдэрсэн байдаг учраас өөрийгөө хамгаалах зөн совин нь маш өндөр. Зүгээр л нийтийг хамарсан юм ярьж байхад өөр дээрээ тусгаж авах зэргээр эмзэг байдаг учраас бусдаас өөрийгөө тусгаарлах нь элбэг.
Хоёрдугаарт, нийгэм дээр гарахад ажил хэргийн харил­цаанд хүндрэл учирна. Бага насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрийгөө хэт хамгаалах сэтгэл зүйгээсээ болоод бусдыг ялгах хандлагатай болсон байдаг. Тиймээс бусадтай зүгээр харилцаж чадахгүй, асуудал үүсгэх нь түгээмэл. Товчхондоо зөвхөн бага насанд нь болоод мартагдах биш, насан туршид нь зовоодог хүнд ачаа үүрч байна гэсэн үг.

-Энэ хүнд ачааг нимгэлж, багасгахын тулд яах ёстой вэ?

-Маш чухал асуулт байна. Ерөнхийдөө хоёр асуудалд бид анхаарлаа хандуулах ёстой. Нэгдүгээрт, урьдчилан сэр­гийлэх. Хүүхэд хүчирхий­лэлд өртөмтгий байдаг нь биеэ хамгаалж чадахгүйгээс гадна мэдлэг дутуу байдагтай холбоотой. Тэгэхээр эцэг, эх байхын боловсрол маш чухал. Ямар үгийг хүүхдэдээ хэлж болохгүй вэ, хүүхдийнхээ өмнө ямар үйлдэл хийж болохгүй вэ гэдгээ хянахаас эхэлнэ. Жишээ нь, хүүхдийнхээ өмнө согтууруулах ундаа хэрэглэх нь нэг төрлийн хүчирхийлэлд тооцогддог. Ялангуяа хүүхдүүд ээжийгээ согтуу байгааг харвал сэтгэцэд нь хүндээр нөлөөлдөг.
Мөн гэр бүл төлөвлөлт чухал нөлөөтэй. Ер нь нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүд хүчир­хийлэлд өртөх нь элбэг. Тэгэхээр гэр бүл зохиож, хүүхэдтэй болохоосоо өмнө төлөвлөж байгаач ээ гэж хүсмээр байна. Хэрэв нэгэнт хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нөхөн сэргээх ажлыг заавал хийх ёстой. Сэтгэл судлаачид үзүүлэхээс гадна эмчид үзүүлж, цагдаа, шүүхэд хандах ёстой. Ийм тохиолдол болсныг мэдсэн хэрнээ чимээгүй өнгөрөх нь хамгийн буруу. Хүмүүс хүүхдээ бодоод нөхрөөсөө салж чадахгүй байна гэдэг.
Гэтэл саяхан Англид хийсэн судалгаагаар ээж, аав нь салаагүй хэрнээ байнга хүчирхийлэлтэй, хэрүүл зодоонтой байдаг айлын хүүхэд бусдаас илүү аз жаргалгүй, сэтгэл гутралтай байна гэсэн үр дүн гарсан. Ганц бие өсгөлөө гээд хүүхэд нь хүмүүжлийн доголдолтой, аз жаргалгүй байна гэсэн үг биш. Харин ч гэр бүл бүрэн бүтэн хэрнээ хүчирхийлэл дунд өсөх нь хүүхдийн сэтгэл зүйг хамгийн их гэмтээдэг.

САНАЛ БОЛГОХ