Урлагийн ард орлого нуугдана

Мөнгө ба бизнес

"Despacito” дуу Пуэрто Риког зорих жуулчдын тоог 50 орчим хувиар өсгөжээ

Сонсох төдийд л далайн зөөлөн давалгааг хөнгөн хэмнэлийн хамт мэдрүүлдэг “Despacito” дууг та нэг удаа ч болов сонссон гэдэгт итгэл­тэй байна. Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй цахим талбарын нэг болох Youtube-д энэ оны эхээр байршсан уг дууг өнгөрсөн сарын байдлаар давхардсан тоогоор нийт 4.5 тэрбум хүн үзэж, сонирхжээ. Ингэснээр Youtube-ийн хамгийн олон хандалттай уран бүтээлийн жагсаалтын нэгд бичигдэж байна. Зөвхөн Youtube ч гэлтгүй дэлхийн хөгжмийн ертөнцөд олны хүртээл болсон цагаасаа эхлэн цахиур хагалж, шинэ, шинэ дээд амжилтуудыг тогтоосон. Энэ дуу 2017 оны турш дэлхий нийтийг сэвшээ салхитай сэтгэл татам Пуэрто Рикогийн хөнгөн агаад уянгалаг хэмнэлд уярааж бас уур­галж дөнгөсөн гэхэд хэтрүүлэг болохгүй биз.

Ингээд зогсохгүй Латин Аме­рикийн Пуэрто Рико улсын эдийн засагт ил болон далд хэлбэрээр эергээр нөлөөлсөн байх юм. Тодруулбал, “Despacito” олон нийтийн хүртээл болсноос хойших 4-5 сарын дараа Пуэрто Риког зорих жуулчдын тоо 2016 оны мөн үетэй харьцуулахад 50 орчим хувиар нэмэгдсэн байна.

Ялангуяа, тус дууны клипний зураг авалт хийсэн хотуудад очих жуулчдын тоо үлэмж хэмжээгээр нэмэгдсэн нь үүний баталгаа.

Далайн эргийн энэ улсад жилд дунджаар дөрвөн сая орчим жуулчин зочилдог. Тэгвэл ирэх онд жуулчдын тоо зургаан саяд хүрэх төлөвтэйг тус улсын албаныхан нь тооцсон байна.

Ийнхүү Пуэрто Рикогийн дуучин Луиса Фонси, реппер Дэдди Янкигийн уран бүтээл бүхэл бүтэн улсын аялал жуулчлалын салбарт өндөр хэмжээний өсөлт авчирч, олон сая жуулчинг татжээ. Жуулчдын тоо өсөхийн хэрээр түүнийг дагасан хэмжээний валютын урсгал нэмэгдэж, улмаар эдийн засагт нь эерэг нөлөө үзүүлсэн нь дамжиггүй. Цаашлаад ирэх онуудад ч өсгөх төлөвтэй байгаа нь Пуэрто Риког харах олон улсын жуулчдын хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг ч давхар илтгэнэ.

Гэхдээ сая дурдсан жишээ бол бодит тоон үзүүлэлт. Үүнээс гадна тав орчим минут үргэлжлэх энэхүү клип Пуэрто Рико хэмээх улсын талаар хэчнээн олон хүний үзэл бодлыг өөрчилж чадсаныг бид таашгүй. Тэр тусмаа, тус улс өр төлбөрөө эргүүлэн төлөх чадваргүй болохоо мэдэгдэж байсан амаргүй үед “Despacito” дэлхийн нийтийн хүртээл болж, олон улсын тавцан дахь нэр хүндийг нь өргөжээ.

Испани хэлээр бичигдсэн энэ дууны түүх урлаг эдийн засагт ямар хэмжээний үр ашиг дагуулж болдгийг харуулсан бодит жишээ. Цаашлаад урлаг орлогын эх үндэс болохын баталгаа юм. “Despacito”-тай ижил жишээ цөөнгүй. Тухайлбал, бүлэг бүрээрээ дэлхий нийтийг байлдан дагуулдаг “Game of Thrones” киноны “King’s Landing”-ийн байрладаг Хорватын Дубровникийг зорих жуулчдын тоо хүртэл нэмэгджээ.

Соёл урлаг хэмээх хүн бүхэнд таардаг түлхүүрийг зөв ашиглаж чадвал бүх дэлхийн сонирхол, хүслийг удирдаж болохоор байна. Ингэж чадаж буй улс орон ч цөөн биш. Хамгийн тод жишээ нь бидний сайн мэдэх БНСУ. Солонгосын соёл, урлаг нь өдгөө энэ улсын эдийн засгийн олон салбарын түлхүүр болчихоод байгаа.

• "Game of Thrones” кино Хорватыг зорих жуулчдын тоог өсгөжээ.

• Соёл урлаг хэмээх түлхүүрийг зөв ашиглаж чадвал, бүх дэлхийн сонирхол, хүслийг удирдана.

• Өмнөд Солонгос улс 1990 оны сүүлчээс соёлын довтолгоогоо эхлүүлсэн нь өдгөө орлогын давлагааг энэ улсад авчирч байна.

Аялал жуулчлал, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл гээд соёл урлаг даган бизнес нь хөгжин дэвжсээр.



1990 оны сүүл үед эдийн засгийн амаргүй үетэй нүүр тулсан Өмнөд Солонгос улс соёлын довтолгоо эхлүүлсэн нь өдгөө орлогын давалгааг энэ улсад авчирч байна. Соёл, урлагаа дэлхийн зах зээлд гаргаж эхэлсэн 2000 оноос эхлээд тус улсыг чиглэх жуулчдын тоо нэмэгдсэн байдаг. Ялангуяа, энэ урсгал хүчээ авсан 2010 оны дунд үед гэхэд тус улсыг зорих жуулчдын тоо 50 хувиар өсөж байжээ. БНСУ-ын бодлого тодорхойлогчид эхлээд соёл урлагтаа үлэмж хэмжээний мөнгө зарцуулж, салбараар нь дэмжсэн. Одоо харин тарьсан ургацаа хураан авч, урлагтаа тулгуурлан эдийн засгаа өсгөж байна. Ер нь урлаг бол ургадаг орлого болохыг харуулсан олон жишээ бий. Урлагийн аливаа үзүүлбэр, тоглолтоос олох орлогоос гадна урлагийн нөлөө дагасан эдийн засгийн өгөөжийг хэмжихэд амаргүй.

Их Британид жил бүр тогтмол болдог амьд хөгжмийн наадам, тоглолтууд тус улсад багагүй хэмжээний орлого авчирдаг байна. Өнгөрсөн онд гэхэд л амьд хөгжмийн наадам, арга хэмжээнд оролцогчдын тоо 30.9 саяд хүрсэн бөгөөд энэ төрлийн арга хэмжээнээс дөрвөн тэрбум фунтын орлого олсон байна. Энэ мэт улс орнууд урлагаа орлого болгосоор. Хамгийн гол нь соёл урлагаа дэлхий нийтэд хүргэхэд улс төр, эдийн засгийн нэр нөлөө чухал биш болохыг дампуурлаа зарласан Пуэрто Рикогийн жишээнээс харчихаж болно. Энэ улс өдгөө эдийн засгийн хүнд үетэй нүүр тулж байгаа төдийгүй нийгэм, улс төрийн нөхцөл байдал нь тогтворгүй, бослого, хөдөлгөөн олонтаа гарч, байгалийн гамшигт ч өртөөд буй. Гэсэн хэдий ч үүнийг нь үл харгалзан тус улсад зорчих хүсэлтэй иргэдийн тоо өссөөр.

Дэлхийн хамгийн алдартай хөгжмийн платформ болох Youtube дээр хандалт ихтэй 10 дууны зургааг испани хэлээр дуулсан уран бүтээл бүрдүүлжээ. Мэдээж энэ нь нэг талаас тухайн бүс нутгийн ард иргэдийн онцлогтой холбоотой байж болох ч үүний цаана урлаг хэмээх нууц хүч нуугдаж байгаа нь дамжиггүй.

Үүнээс үзэхэд, монголчууд бидэнд ч ховорхон соёл урлагаа илүү ашиглах, дэлхийд түгээх боломж нээлттэй байна. Тэр тусмаа хорвоод хосгүй хэмээн үнэлдэг урлаг соёлоороо дамжуулан экспортын орлогоо нэмэгдүүлэх боломж байна. Наанадаж л Монголыг зорих жуулчдын тоог өсгөж, өнөөг хүртэл мөрөөдөл хэвээр байгаа хоёр сая зочин хүлээж авах боломж байна.
САНАЛ БОЛГОХ