Газар дээрээ баригддаг “гэнэн” гишүүн байдаггүйг 11 жил харлаа

Улс төр

Энэ сарын 20-нд ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан болно

Малын хулгайчийг үйлдэл дээр нь барьж болно. Гэхдээ Их хурлын гишүүд мал тууж, доош орохгүй. Модны хулгайчийг мөн ууланд барьж болно. Харин гишүүд мод унагаж, мөнгө олохгүй. Тийм “жижигхэн хулгайч” төрийн ордонд лав байхгүй. Харин авлига авдаг, албан тушаал зарсан хэрэгт холбогдсон байж болзошгүй гэдгийг өмнө нь мэдээлдэг байсан. Сүүлийн үед хүчингийн хэрэгт татагдаж, хүн дайрсан асуудалд холбогдсон тохиолдол бол бий. Гэхдээ аль аль нь үйлдэл дээрээ бариг­даагүй учраас хэрэг үүсээгүй, гэм хүлээгээгүй.

УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газар нотлох баримттайгаа баривчлагдсан тохиолдолд л Улсын ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах эрхтэй байдаг. Энэхүү зохицуулалтыг тусгасан УИХ-ын тухай хуулийг 2002 онд баталж 2006 онд өөрчлөлт оруулснаас хойш өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөг­дөж буй.

Монгол Улсын Их Хурлын тухай хууль, 6.9.1 дэх заалт: 6.9. Дор дурдсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийг түд­ гэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулах бөгөөд Улсын Их Хурал гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ: 6.9.1.гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан.

Харин дээрх хоёр заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн, Б.Мэргэн нарын иргэнд 2017 оны есдүгээр сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд ханджээ. Тэгвэл ҮХЦ энэ асуудлыг ар­ванхоёрдугаар сарын 20-нд Их суудлын хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэх гэж байна.

Харин дээрх хуулийн заал­тыг Цэц дээр хамгаалахаар парламентаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ.

Гомдол гаргагч Б.Мэргэн “2002 онд батлагдсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хоёр тохиолдлыг заасан байсан.

Нэгдүгээрт, тухайн гишүүн гэмт хэрэг үйлдэх явцдаа эд мөрийн баримттайгаар баригдвал Улсын Ерөнхий Прокурорын саналаар УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг шийд­вэрлэдэг.

Хоёрдугаарт, тухайн гишүүн гэмт хэрэгт холбогдсон болохыг нь эрх бүхий байгууллага тог­ тоовол түдгэлзүүлж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн ги­шүүн гэмт хэрэгт сэжиглэгдвэл мөрдөн байцаагч, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал оруулах эрхтэй байсан.

• УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газар нотлох баримттайгаа баривчлагдсан тохиолдолд л Улсын Ерөнхий прокурор бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулах эрхтэй байдаг.

• Цөөн тооны гэмт хэрэг л үйлдэл дээрээ баригддаг. Тухайлбал олон нийтийн газар хүний аминд халдах, дээрмийн хэрэг гэх мэт.

• Харин дээрх хуулийн заалтыг Цэц дээр хамгаалахаар парламентаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ.

Гэтэл 2006 онд Монгол Ул­сын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж, хоёр дахь үндэслэлийг хасчихсан. Тэгэхээр тухайн гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа баригдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр болсон гэсэн үг.

Цөөн тооны л гэмт хэрэг үйл­ дэл дээрээ баригддаг. Тухайлбал, олон нийтийн газар хүний аминд халдах, дээрмийн хэрэг гэх мэт. Ихэнх гэмт хэргүүд нууц, далд хэлбэрээр үйлдэгдэж байгаа. УИХ-ын гишүүн олон нийт, цагдаа нарын нүдэн дээр авлига аваад зогсож байхгүй. Мөн хүчингийн хэрэг байна. Ихэвч­лэн орон байранд үйлдэгддэг. Үйлдэж байхад нь баривчлах боломжгүй учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй байгаа юм. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй тохиолдолд УИХ-ын гишүүнийг саатуулж, цагдан хорьж, орон байр, утас, машин, биед нь үзлэг нэгжлэг хийж болохгүй. Тэгэхээр цагдаа нар тэднийг энгийн иргэдтэй адилхан шалгах боломжгүй болчихоод байна. Тиймээс энэ заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж бид ҮХЦ-д мэдээлэл гаргасан юм” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Энэ асуудлаар өмнө нь өөр нэгэн иргэн ҮХЦ-д хандаж байжээ. Улмаар Цэцийн Дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байсан юм. Тиймээс Их суудлаараа хуралдаж, өмнөх шийдвэрээ баталгаажуулсан байдаг. Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр эцсийнх байдаг. Энэ шийдвэрээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл уг хууль хүчингүй болно. Харин ийм үр дүн өөрсдөд нь ашиггүйг мэдсэн тухайн үеийн парламент Цэцийн дүгнэлтийг хүлээн авч байлаа. Улмаар сайжруулж ба­талсан байдаг. Харин сайжирсан хэмээх тэр заалтыг нь харвал “гэмт хэрэг үйлдэх явцдаа” гэдэг үгийг “гэмт хэрэг үйлдэж байхдаа” гэж солиод “эд мөрийн баримттайгаар баригдсан” гэд­гийг “нотлох баримттайгаар баригдсан” гэж өөрчилсөн юм. Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг л юм болж. Гэмт хэргийн нотлох баримттайгаа газар дээрээ баригддаг “гэнэн” гишүүн ч гэж юу байх билээ.

Харин энэ сарын 20 буюу ирэх долоо хоногийн лхагва гарагт болох Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаас ямар шийдвэр гарахыг л хүлээе.
САНАЛ БОЛГОХ