Хүүхдийн эсрэг хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгийн үгэнд анхаарлаа хандуулъя.
-Хүүхдийн эсрэг хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэсэн бодит нөхцөл байдал ямар байна вэ?
-Бэлгийн хүчирхийлэл үйлдэж байгаа нөхцөл байдлыг харвал хохирогчийн гэрт зонхилон гарч байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Хохирогчийн эцэг, эх нь орон гэртээ архи ууж, олон хүн цуглуулдаг бөгөөд архины хамааралтай танил тал, найз нөхөд, ураг төрөл нь хүүхдийг айлган сүрдүүлэх, хууран мэхлэх болон шууд хүчирхийлэх арга замаар гэмт хэрэг үйлддэг. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээлэлд улсын хэмжээнд 2015-2017 оны эхний хагас жилд хүүхдийн эсрэг хүчирхийллийн нийт 1009 гэмт хэрэг бүртгэгдэж, 537 хүүхэд хохирч, 442 хэргийг хянан шийдвэрлэж, 31-ийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл ШЕЗ-өөс ирүүлсэн тоог харахад улсын хэмжээнд дээрх хугацаанд цагдаагаас яллах дүгнэлт үйлдсэн яг ижил зүйл ангиар 69 хүнд холбогдох 57 хэргийн 45-ыг нь хянаж, 43 хүнд ял шийтгэл ногдуулж, хоёрыг нь хэрэгсэхгүй болгожээ. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт явуулсан хэргийн хэд нь шүүхээр хянан шийдвэрлэгдсэн байгааг та харж байна. Хоёр жилийн хугацаанд хүүхдийн эсрэг хүчирхийллийн 1009 гэмт хэрэг бүтгэгдчихээд байхад дөнгөж 57-г хянан шийдвэрлэсэн байна. Тэгвэл энэ хэр зэрэг бодит тоо вэ, аль шатандаа хүүхэдтэй холбоотой хүчирхийллийн гэмт хэрэг хэрэгсэхгүй болоод байна вэ гэсэн асуудал ургаж байгаа юм. Тиймээс хохирсон хүүхдүүдийн судалгаа, тоон мэдээллийг нэгтгэж гаргах сантай болох хэрэгтэй байна.
-Төрөөс хохирсон хүүхдэд эрүүл мэнд, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх тогтсон дүрэм журам байдаг уу?
-Яг үнэндээ насанд хүрээгүй хүүхдийн нөхөн үржихүй, эрүүл мэндэд төр огт хайхардаггүй гэхэд болно. Хохирогчдод төрийн аль байгууллага ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг нь үнэндээ бүрхэг. Арван жилийн өмнө буюу 2007 онд улсын хэмжээнд насанд хүрээгүй 3047 охин төрж байсан бол 2015-2016 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж, 8439 болсон. Нөгөө талаар ураг төрөлдөө хүчиндүүлж, жирэмсэн болсон охидын үр хөндөлт жилээс жилд нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт, ялангуяа говийн аймгуудад дээрх хэрэг зонхилон гарч байгааг тогтоосон. Эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар ойлголт муутай эсвэл нутгийн хүмүүсээс ичсэн эцэг, эхчүүд охиноо гэртээ төрүүлж, амь насанд нь аюул учруулсан бодит жишээнүүд ч байна. Мөн БЗХӨ-өөр 2015 онд 10-14 насны 35, 15-19 насны 2111, 2016 онд 10-14 насны 45, 15-19 насны 1947 охин өвчилсөн гэсэн судалгаа гарсан.
Сэтгэл судлалын үндэсний төвийн Зөвлөгөөний албаны дарга Б.Алтанцэцэгээс хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэл зүй ямар болдог, яаж эмчлэх шаардлагатай талаар тодрууллаа.
-Хүчирхийлэл, тэр тусмаа хүүхдийн хүчирхийлэл нэмэгдээд байгаа нь судалгаагаар тодорхой байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд цаашдаа нийгэмшихэд ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Тухайн хүүхэд ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртчихөөд тусламж авсан уу, үгүй юу гэдэг их чухал. Мэдээж сэтгэл санааны гэмтлийг бүрэн эдгээж чадахгүй. Гэхдээ сэтгэлзүйчтэй уулзаж, эмчид үзүүлсэн хүүхдийн эдгэрэх байдал арай илүү байдаг. Хүний сэтгэл зүйг нэг бүхэл бөмбөлөг гэж үзвэл түүнийг нь гэмтээж байна гэсэн үг. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд ямар нэг байдлаар мэргэжлийн хүнээс тусламж аваагүй бол тэр бөмбөлөг хагарсан чигээрээ бэхэждэг. Ийм хүмүүст ямар асуудал тохиолддог вэ гэвэл, нэгдүгээрт хувийн харилцаа доголдоно. Хувийн харилцаа гэдэг үндсэндээ итгэлцэл дээр тогтдог. Харин ойр дотнынхондоо итгэдэггүй бол гэр бүлийн харилцаа нь асуудалтай болдог. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд айдас, түгшүүр, өвдөлт мэдэрсэн байдаг учраас өөрийгөө хамгаалах зөн совин нь маш өндөр. Зүгээр л нийтийг хамарсан юм ярьж байхад өөр дээрээ тусгаж авах зэргээр эмзэг байдаг учраас бусдаас өөрийгөө тусгаарлах нь элбэг. Хоёрдугаарт, нийгэм дээр гарахад ажил хэргийн харилцаанд хүндрэл учирна. Бага насандаа хүчирхийлэлд өртсөн хүүхэд өөрийгөө хэт хамгаалах сэтгэл зүйгээсээ болоод бусдыг ялгах хандлагатай болсон байдаг. Тиймээс бусадтай зүгээр харилцаж чадахгүй, асуудал үүсгэх нь түгээмэл. Товчхондоо зөвхөн бага насанд нь болоод мартагдах биш, насан туршид нь зовоодог хүнд ачаа үүрч байна гэсэн үг.
-Энэ хүнд ачааг нимгэлж, багасгахын тулд яах ёстой вэ?
-Маш чухал асуулт байна. Ерөнхийдөө хоёр асуудалд бид анхаарлаа хандуулах ёстой. Нэгдүгээрт, урьдчилан сэргийлэх. Хүүхэд хүчирхийлэлд өртөмтгий байдаг нь биеэ хамгаалж чадахгүйгээс гадна мэдлэг дутуу байдагтай холбоотой. Тэгэхээр эцэг, эх байхын боловсрол маш чухал. Ямар үгийг хүүхдэдээ хэлж болохгүй вэ, хүүхдийнхээ өмнө ямар үйлдэл хийж болохгүй вэ гэдгээ хянахаас эхэлнэ. Жишээ нь, хүүхдийнхээ өмнө согтууруулах ундаа хэрэглэх нь нэг төрлийн хүчирхийлэлд тооцогддог. Ялангуяа хүүхдүүд ээжийгээ согтуу байгааг харвал сэтгэцэд нь хүндээр нөлөөлдөг. Мөн гэр бүл төлөвлөлт чухал нөлөөтэй. Ер нь нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь элбэг. Тэгэхээр гэр бүл зохиож, хүүхэдтэй болохоосоо өмнө төлөвлөж байгаач ээ гэж хүсмээр байна.
Хэрэв нэгэнт хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нөхөн сэргээх ажлыг заавал хийх ёстой. Сэтгэл судлаачид үзүүлэхээс гадна эмчид үзүүлж, цагдаа, шүүхэд хандах ёстой. Ийм тохиолдол болсныг мэдсэн хэрнээ чимээгүй өнгөрөх нь хамгийн буруу. Хүмүүс хүүхдээ бодоод нөхрөөсөө салж чадахгүй байна гэдэг. Гэтэл саяхан Англид хийсэн судалгаагаар ээж, аав нь салаагүй хэрнээ байнга хүчирхийлэлтэй, хэрүүл зодоонтой байдаг айлын хүүхэд бусдаас илүү аз жаргалгүй, сэтгэл гутралтай байна гэсэн үр дүн гарсан. Ганц бие өсгөлөө гээд хүүхэд нь хүмүүжлийн доголдолтой, аз жаргалгүй байна гэсэн үг биш. Харин ч гэр бүл бүрэн бүтэн хэрнээ хүчирхийлэл дунд өсөх нь хүүхдийн сэтгэл зүйг хамгийн их гэмтээдэг.