Би-д биш “бид” гэсэн үгэнд анхаардаг

Залуус

Мөнгө бол ердөө мөрөөдөлд хүрэхэд туслах хөдөлгүүр

Уран бүтээлч хүний илэр­хийлэмж, мэдрэмж нь сэтгэл дотроос нь урган гардаг. Монголын залуучуудын дунд чөлөөт сэтгэлгээ, тэр дундаа гудамжны бүжгийн шинэ хэв маягийг таниулж, өөрийгөө олоход нь тусалж буй бүжигчин Н.Саруултөгстэй уулзаж, ярилцлаа.

-Хамгийн сүүлд “Бүхнээс дээгүүр” кинон дээр ажиллаж, уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгосон. Одоо амарч байна уу, эсвэл шинэ уран бүтээлдээ аль хэдийнэ орчихсон уу?

-Одоогоор “116” бүжгийн сту­дидээ шинээр сонгон шалгаруулж авсан 61 бүжигчин бэлдэж байна. Өмнө нь бид гадаадаас бүжигчин цалинжуулж авчран сургалт зохион байгуулахад ердөө 30, 40 хүрэхгүй бүжигчин цуглах тохиолдлууд цөөнгүй байсан. Гэвч өнөөдөр нөхцөл байдал өөр. Манай студи хамт олон бүжигчин залуусынхаа амьдралын дараагийн замыг нь дөтөлж өгөхийн тулд хичээж, хөдөлмөрлөж байна даа. Гаднын улс орнуудын хэмжээнд хүрэхэд ганц хүн хангалтгүй. Тиймээс нийтээрээ яаж тэр хэмжээнд хүрч чадах вэ гэдэгт анхаарлаа хандуулж, төсөл бичиж, өдөрт доод тал нь 6-9 цагийн бэлтгэл хийж байгаа.

-Удахгүй залуучуудад зориулан “Сэтгэлийн гал 2” лекц тавих гэж байна. Энэ удаа ямар сэдвээр ярих вэ?

-Одоогийн хүүхэд, залуус шинэ зүйл бүтээе, хийе гэсэн сэтгэлтэй байдаг ч харамсалтай нь уур, айдас хоёрт оюун санаа­гаараа эзлэгдчихсэн байна. Ямар нэг зүйл хийе, хэлье гэхээр багш, эсвэл эцэг, эхээсээ айдаг, найз нөхдөөсөө ичдэг. Яг үнэндээ хүүхэд, залуусын маань хамгийн том дайсан өөрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бусад биш. Харин өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа өөрөө л байдаг. Тиймээс айдсаа давж чадах юм бол дэлхий дээрх бүх л зүйл боломжтой гэдэгт би итгэдэг. Сэтгэлд гал байвал тулганд гал байдаг гэж Монгол ардын үг байдаг шиг залууст үүний үнэ цэнийн талаар яримаар байгаа юм. Хүмүүс ихэвчлэн гэр бүл төлөвлөлт, амжилтад хүрэх арга, хүн байх гэсэн тодорхой хэдхэн сэдвээр лекц уншдаг. Гэхдээ үүний өмнөх асуудал нь юу вэ гэдгийг ярилгүй орхигдуулдаг юм шиг санагддаг. Хэрэв монгол залуус өсвөр насандаа айдсаа даван туулж, өөртөө итгэлтэй байж чадвал дэлхийн зах зээлд Монголын бараа бүтээгдэхүүнийг гаргаж ирэх дараагийн саятан байгаа гэж боддог.

-Зарим мэдээллийн сайтад өөрийн тань талаар сөрөг мэдээ- лэл гарах болсон. Таныг дэмжиж байсан залуучууд яагаад нүүрээ буруулах болов?

-Сүүлийн 2-3 сарын хугацаанд намайг чиглэсэн цахим дайралтууд цувран маш хүчтэй явж байгаа. Эхэндээ тоохгүй байсан ч сүүлдээ бүр хувийн амьдрал руу маань ч дайрч, сүрдүүлж эхэлсэн. Миний талаарх мэдээнүүдийг болон өгсөн ярилцлагыг маань гэртээ суугаад уншиж байгаа хүмүүст энэ олон үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлийг унших хүндээр туссан байх л даа. Гэхдээ ганц зүйл маш сонин санагдсан. Би биш байсан ч хэн нэгэн үнэнийг хэлэхэд өнөөдрийн энэ нөхцөл байдал үүсэж байгаа юм бол бид яг одоо юун дотор амьдарч байгаа юм бэ гэж бодогдсон. “Rapzilla” хэмээх цахим сэтгүүлд өгсөн ярилцлагын хувьд бол улс хоорондын дипломат харилцааны ярилцлага биш л дээ. Зүгээр л Америк, Монгол залуусын хооронд өрнөсөн энгийн яриа байсан. Гэвч хүмүүс ярилцлагад хэт анхаарч, асар их уур уцаараар шүүмжлэлтэй хандсан. Одоогийн ийм стресстэй нийгэмд эерэг өөр өнцгөөс харах боломжгүй байгааг ойлгож байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний л үзэл бодол шүү дээ. Би өөрийн өнцгөөс харахад бид яг юу хийж чадах вэ гэдгийг л эрэлхийлж байгаа. Хүсэл мөрөөдөлгүй, зорилгогүй байгаа залуусын сэтгэлгээг яаж өөрчлөх вэ гэдэгт миний санаа зовнидог. Тиймээс миний хэлсэн зүйл монголчуудыгаа муухай харагдуулах үүднээс биш, санаа зовсондоо ярьсан. Яг одоогийн байдлаар хувийн тоглолт гэхээсээ илүү “бид” гэдэг үгэнд анхаарч байна.

-Өнөөдөр бүх зүйл эдийн засаг, бизнес сэтгэлгээтэй болчихсон. Тэгвэл үүнийг өөрчлөх боломжтой гэж харж байна уу?

-Бүх зүйл мөнгөний тухай болсныг ойлгож байгаа. Мэдээж хэрэг гэрээ засчихаад дараагийн асуудалд анхаарах хэрэгтэй л байх. Мөнгө бол ердөө л “хөрөнгө оруулалтын нэг хэлбэр” болохоос бурхан шиг тахин шүтээд байх зүйл биш. Тиймээс миний бодлоор тухайн хийж буй зүйлдээ үнэхээр дуртай, хайртай байна уу, үүнийг хийж байхдаа өдөр бүр аз жаргал мэдэрч байна уу гэдэг л хамгийн чухал. Өөр ямар нэг ашгийн төлөө ажил мэргэжлийг сонгож хийх нь эцэс төгсгөлгүй морин тойруулга мэт санагддаг. Эцэж цуцаж, та дуусна уу гэхээс энэ тойруулга өөрөө дуусдаггүй. Гэнэт ямар нэг ашгийн төлөө гарч ирээд алдартай болсон хүн буцаад алга болох нь амархан байдаг. Харин удаан хугацаанд нэг зүйлийн төлөө тууштай хөдөлмөрлөж байгаа хүн алдар нэр, амжилт олохоосоо илүүтэй яг тэр хэрээр “ӨВ” гэдэг зүйл үлддэг. Тиймээс бүх зүрх сэтгэлээ зориулж чадах хайртай, дуртай зүйлээ хийж амьдраасай л гэж хэлмээр байна. Мөнгө бол ердөө туслах хөдөлгүүр гэж би боддог.

-Сая хэсэг хугацаанд гадаадад байж бүжгийн тэмцээнд оролцоод ирсэн гэж сонссон?

-Тийм ээ, сая хоёр сарын турш АНУ-д бүжгийн бэлтгэл хийж, сургалтуудад хамрагдаж байгаад ирсэн. Одоохондоо тэмцээнд орно гэхээсээ илүү өөрийгөө бэлдсээр л байна. Дэлхийн шилдэг бүжигчдээс очиж зөвлөгөө авч, өөрийн хараагүй өнцгийг олж харан өдөр бүр суралцахад энэ биеэ зориулна гэдэг гайхамшигтай мэдрэмж юм. Аливаа зүйлд өөрийн цаг хугацаа гэж байдаг мэт санагддаг. Цаг нь болохоор дараагийн түвшний тэмцээн уралдаанд оролцох, дэлхийн шилдгүүдтэй хамтарч ажиллах өдөр ирэх байх. Зүгээр л цаг хугацааны асуудал мэт санагдаж байна. Өмнө нь би “байхаасаа илүү хийх” гэж оролддог бай­сан минь надад хамгийн том алдаа бөгөөд сургамж болсон. Бүжигчин, сурагч, багш байх гэж юу байдгийг мэдэхгүй зүгээр л бүжиглэдэг байсан. Тиймээс одоо байгаа зүйлээ алдахгүйн тулд хийхээ ч мөн адил хослуулж тодорхой хэмжээнд барьж яваа.

-Та ер нь бусад олны танил хүмүүсийн адил амбийц хөөдөг үү?

/Инээв/, Хүн болгон л өөрөөр хэлэх байх. Гэхдээ миний хувьд өмнөх үеийн олны танил хүмүүст биеэ авч явах байдал, өмсөх хувцас, хэлэх үгс нь их чухал байсан мэт санагддаг. Магадгүй олны өмнө гарах мөчүүд одоог бодвол цөөхөн байсан болоод тэр байх. Харин өнөөдөр өдөр бүр гар утсаараа хаана юу хийж байгааг мэдэж, холбогдохыг хүсдэг фенүүдтэй байдаг болсон энэ үед өмнөх үеийн амбийцлах, өөрийнхөөрөө байх хоёрын ялгааг улам тодотгож өгсөн. MILLENIALS буюу гар утас, дижитал ертөнцөд төрж өссөн одоогийн залуусын хувьд зурагтаар л гардаг хүн олны танил байхаа больж байна. Олон дагагчтай байна гэдэг ердөө тэр хүний ертөнцийг үзэх үзэл, зан ааш, амьдралын хэв маягийн л асуудал болж ирсэн. Хамгийн олон дагагчтай хүмүүс хэлбэрээр бус дотоод хүн агуулгаараа бусдыг татдаг болсон.

Ихэнх маань яг үнэндээ төөрсөн чигтээ, амьдрах биш амьд явж байна
Учир нь техник, технологи бидэнд хэзээ ч нэвтэрч чадахгүй гэж бодож байсан тэр хүний дотоод ертөнцийг нээж өгсөн шүү дээ. Би таалагдах гэж хичээх тусам олон дагагчаа алдах нь бичигдээгүй хууль болсон. Өөрийнхөөрөө байх, өөрийнхөө чаддаг зүйлийг хийх нь намайг бусдаас өөр болгодог. Энэ л миний давуу тал. Тэгэхээр миний хариулт бол таны асуултын яг эсрэг. Би од болох гэж, олны танил болох гэж хэзээ ч хичээдэггүй. Ердөө өөрийнхөөрөө л байдаг. Тэгээд л боллоо. Гэхдээ цоо шинэ гэж хэлж болох энэ тогтолцоо дараагийн хэдэн зуундаа технологи дээр суурилсан хүний суурь ойлголт болж төлөвшинө гэдэгт итгэлтэй байна.

-Удахгүй урт хугацаагаар АНУ-ыг зорих гэж байгаа гэж сонссон. Шинэ уран бүтээлийн үзүүрээс атгасан уу, эсвэл өөр зорилгоор явах гэж байна уу?

-Америкийг зорих гол шалтгаан нь тоглолт хийх талбараа тэнд байлгавал илүү боломж байгааг олж харсанд байгаа юм. Гэхдээ XXI зуунд хаана амьдрах нь сонин биш болсон шүү дээ. Хүсвэл 12 цаг нисээд л хүрээд ирнэ. Гол зорилго маань том хэмжээний төслийг хөрөнгө оруулалт, бодит зүйл болгох юм. Хэрвээ энэ зүйл биеллээ олбол цаашид Монголын залуусыг өөрийгөө, хүсэл мөрөөдлөө олоход нь туслах видео контент хийх, вэб сайт нээх, гар утасны апп хийх, тогтмол сургалт, лекц зохион байгуулж байх болно. Би өөрөө Hollywood-д очиж бүжиглэх нь Монголын гудамжны бүжгийн хөгжлийг АНУ-ын асар том бүжгийн зах зээлд шууд холбох боломжийг нээж өгнө. Мөн манлайллын чиглэлээр мастерт суралцах зорилготой байгаа. Тиймээс ерөнхийдөө өөрийнхөө мөрөөдлийн “Газрын зураг”-ийг тэлэхээр явж байна.

Америкийг зорих гол шалтгаан нь тоглолт хийх талбараа тэнд байлгавал илүү боломж байгааг олж харсных
-Урт хугацаа гэхээр яг хэдэн жил гэж тооцож байна вэ. Энэ хугацаанд Монгол дахь ажил тань орхигдохгүй юу?

-Эхний ээлжид хоёр жил болно гэсэн төлөвлөгөөтэй бай­гаа. Тэгэхдээ АНУ-д очоод юу тохиолдохыг, ямар гайхамшигтай боломжууд гарч ирэхийг мэдэхгүй учраас хэдий хэр хугацааг өнгөрүүлэхийг мэдэхгүй байна. Олон улсын зах зээл дээр гарсан байхад хэзээ ч төсөөлөөгүй боломжууд гарч ирдэг. “116” бүжгийн студи намайг байхгүйд ч үйл ажиллагаа нь зогсолтгүй явах хэмжээнд хүрсэн. Бүжиглэж байгаа залуус заавал миний сургалтад сууж байж сайжрахгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд монголд маш олон авьяаслаг бүжигчид гарч ирсэн. Тиймээс өөрсдөө биеэ даагаад, хариуцлага үүрээд явах нь тэдгээр залуусын хөгжих дараагийн том алхам байх болно. Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд бид хүн болж төрсөн нь дараагийн үеийнхээ өсөж, хөгжих гүүр нь болох явдал гэж боддог. Түүнээс биш унах нүх, бүдрэх чулуу нь болох гэж ирээгүй. Харин өнөөдөр залууст өмнөх үеийнхний анхаарал халамж, хөрөнгө оруулалт асар их дутагдаж байна. Ихэнх маань яг үнэндээ төөрсөн чигтээ амьдрах биш зүгээр л амьд явж байна шүү дээ. Бид тэр залуусыг сэрээж өөрсдийнх нь үнэ цэнийг таниулах хэрэгтэй.
САНАЛ БОЛГОХ