Нам дагасан зээл

Мэдээ


Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжилд дарга саад болно

Жижиг, дунд үйлдвэрлэлийн чиглэлээр өдгөө 70 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Энэ салбарт сүүлийн долоон жилийн хугацаанд нийт 37 мянган ажлын байр бий болсон бөгөөд дийлэнх нь төв, суурин газар бүртгэгджээ. Дээрх 70 мянган үйлдвэрлэгч өнгөрсөн онд 79.9 тэрбум төгрөгтэй тэнцэх зээлийн дэмжлэг авч, хямралын үед үйл ажиллагаагаа зогсоолгүй аваад гарсан байна. Харин хүн ам цөөн, зах зээл багатай сумын төвд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд ихээхэн гомдолтой сууна. Тухайлбал, Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд нарийн ногоо тариалж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж ирсэн Г.Оюун “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлээс жирийн иргэд хүртэж чаддаггүй” гэв. Тэрбээр “Сумын захиргаанд танил талтай нь зээл аваад зориулалтын бусаар ашигладаг.

Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гээд зүтгэж байгаа нь хоосон хоцордог” хэмээн нэмж хэллээ. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлтэй холбоотой зөрчил орон нутагт буурахгүй байна. Хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар ашигласан, эзнээ олоогүй гэх хэл ам байнга гарах болсон. Үүнийг зарим нь байх ёстой үзэгдэл мэт үл тоох аж. Завхан аймагтай хаяа нийлэн орших Говь-Алтай аймагт ч байдал дээрдсэнгүй. Тус аймагт жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлийг нам харгалзан олгож байгаатай олон хүн эвлэрч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн үзэл баримтлал, итгэл үнэмшил чухамдаа зээл авахад албан бус шалгуур хэдийнэ болжээ. Ийм байдал ихэд хавтгайрч, бизнесийн орчинд ан цав үүсгэсээр. Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл ийнхүү орон нутагт нам дагадаг болсон нь “зуршил” болон тогтжээ. Увс, Баянхонгор аймагт ч дээрх байдал давтагдсаар. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд гар таталгүй хөрөнгө хуваарилж ирсэн.

Халамж нэхэх авч хайр даадаггүй салбарын нэг болоод байна
Өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банкны санхүүжилтээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 1600-гаад аж ахуйн нэгж, иргэнд нийт 820 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Гэтэл орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар дорвитой тэлж, хөл дээрээ зогсож чадсан нь ховор. Халамж нэхэх авч хайр даадаггүй салбарын нэг болоод байна. Ялангуяа, засаг захиргааны хамгийн бага нэгж болох багийн дараа орох сумын төвд үйлдвэрлэл хөгжиж, үр дүнд нь ажлын байр бий болсон жишээ, баримт хуруу дарам цөөн. Азийн хөгжлийн банк тэргүүтэй олон улсын байгууллага, хандивлагч орнууд жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гэж манайхыг чамгүй хугацаанд бордож ирсэн. Гэвч үр дүн төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа тул зарим байгууллага нүүр буруулахад хүрч байна. Монголбанкны судалгаанд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд улс төрийн байдал нөлөөлж байгааг дурджээ. Мөн төрийн албаны хүнд суртал, хээл хахууль ихээхэн хүндрэл болдог гэж үзсэн байна. Сум болгон орон нутаг хөгжүүлэх сангаасаа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зээл жил бүр иргэддээ хүртээх болсон. Үүнийг хэнд олгохоо эцсийн дүндээ Засаг дарга л шийддэг. Энэ байдал нь өнөөдөр үйлдвэрлэлийг хөгжүүлэх зээл нөгөө талдаа улстөржих учир шалтгааны ул суурь болжээ.

Хөвсгөлийн Мөрөн хотноо болсон “Хангайн бүсийн өрсөлдөх чадвар”-ын чуулганы хамгийн ширүүхэн хэлэлцүүлэг мөн л жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд өрнөж байлаа. Тухайн үед хуралд оролцсон орон нутгийн үйлдвэрлэгчид зээл жинхэнэ эзэндээ хүрэхгүй байгаа, зээлтэй холбоотой мэдээллийг хав дардаг, эсвэл танил танилдаа шууд олгодог хэмээн хатуухан шүүмжилж байсан юм. Үүнийг Булган, Архангай аймгаас ирсэн жижиг, дундынхан үгүйсгэсэнгүй. Угтаа жижиг, дунд үйлдвэрлэл хөгжиж байж эдийн засаг төрөлжиж, орон нутагт ажлын байр нэмэгдэж, өрхийн амьжиргаа дээшилнэ. Аймаг болгон иргэдээ ажилтай, орлоготой байлгах мөрийн хөтөлбөр боловсруулсан ч амьдрал дээр үүний үр дүн биелэлээ олж чадахгүй байна. Олон тулгуурт эдийн засгийн тогтолцоотой, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналтад савлаад байдаггүй эдийн засагтай болоход жижиг, дунд үйлдвэрлэлийн оролцоо чухал. Үйлдвэрлэл хөгжиж чадсанаар гадаад худалдаа алдагдалтай бус ашигтай гарах нь зүй тогтол.

• Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт өдгөө 70 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

• Өнгөрсөн дөрвөн жилд Хөгжлийн банкны санхүүжилтээр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт 1600-гаад аж ахуйн нэгж, иргэнд нийт 820 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон.

• Жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл орон нутагт нам дагадаг болсон нь “зуршил” болон тогтжээ. Увс, Баянхонгор аймагт ч байдал давтагдсаар.

Ингэснээр шинэ ажлын байр бий болж, гадагшаа урсах хөрөнгийн урсгал дотоодод баялаг болж үлдэнэ. Зөвхөн баялаг болоод зогсохгүй хөгжил болж хот, хөдөөгийн ялгаа арилна. Үүний цаана ажилгүйдэл буурч, ядуурал багасна. Гэтэл жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх гэж зүтгэх иргэдэд зорилтот зээл хүрэхгүй байгаа нь дээрх цагийг улам холдуулна гэсэн үг. Үндэсний статистикийн хороо болон Дэлхийн банкны хамтран тооцсон судалгаагаар, Хот, хөдөөгийн хүн амын амьжиргааны түвшинг харьцуулахад орон нутагт ядуурал илүү нэмэгджээ. Хэрэв жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл эзнээ олж, улстөржөөгүй бол ядуурлын үзүүлэлт арай л бага дүнтэй гарах байсан болов уу. Төрөөс жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалттай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж ирсэн. Хөнгөлөлт, чөлөөлөлт нь тус салбарыг төрөөс дэмжих хамгийн бодит дэмжлэг. Гэвч үүний ашиг тус сум, орон нутагт дорвитой гарч чадахгүй өдий хүрэв. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгож байгаа зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг байсныг 500 сая төгрөгт хүргэн нэмэгдүүлж, зээлийн хугацааг сунгаж, хүүг нь нэг оронтой болгон бууруулж байлаа. Энэ салбарыг эргээд харахад дэмжлэг дутаагүй. Хамгийн сайн нөхцөл, хямд хүүтэй зээл, уян хатан татварын бодлого төр бүрдүүлэх гэж хичээсэн байна. Харин төрөө орон нутагт төлөөлөх хүмүүс төөрөгдөл үүсгэж, хөдөөгийн хөгжлөө өөрсдөө хойш татах аж.





САНАЛ БОЛГОХ