Чанга яригчийн зах зээл дэх аварга өсөлт
Мэдээ
Гуравдугаар улиралд борлуулалт жилийн өмнөхөөс 700 хувиар “үсэрлээ”
Дэлхийн ухаалаг спикер буюу чанга яригчийн зах зээлийн гуравдугаар улирлын статистикийг судалгааны Strategy Analytics компани гаргалаа. Уг статистикаас үзвэл чанга яригчийн зах зээл дэх нэн шинэ төрөл зүйлийн борлуулалт энэ онд гэнэтийн “тэсрэлт” бүхий өсөлттэй байна. Жилийн өмнө буюу 2016 оны гуравдугаар улиралд дэлхий даяар нийт 900 мянган ширхэг ухаалаг чанга яригч зарагджээ. Харин энэ оны гуравдугаар улиралд энэ тоо 7.4 сая ширхэг болж, борлуулалт 700 хувиар “үсэрлээ”. Энэхүү зах зээлд Amazon хуучин хэвээр ноёлж гуравдугаар улиралд таван сая ширхэг ухаалаг спикер борлуулав.
Гэхдээ зах зээлд тус компанийн эзлэх хэмжээ 93.5-аас 66.9 болж эрс буурчээ. Хоёрдугаар байранд 1.9 сая ширхэг төхөөрөмж борлуулж, нийт зах зээлийн 25.3 хувийг эзэлж буй Google оров. Энэ хоёр компани нийлээд дэлхийн ухаалаг чанга яригчийн зах зээлийн 92.2 хувийг атгаж байна. Гуравдугаар улиралд зарагдсан нийт ухаалаг чанга яригчийн 75 хувь нь ердөө Умард Америкийн зах зээлд оногдсон ч цаашдаа энэ үзүүлэлт буурах хандлагатай байгаа юм. Учир нь шинэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ Европ, Азийн зах зээлд хурдацтай нэмэгдэж байна. Ялангуяа БНХАУ-д гуравдугаар улиралд Alibaba, Xiaomi, JD.com зэрэг дотоодын үйлдвэрлэгчийн загвар борлуулалтаараа тэргүүллээ. “Harman Kardon, Sony, Sonos зэрэг шинэ тоглогч ухаалаг чанга яригчийн зах зээлд хүч түрж буйтай уялдан өрсөлдөөн эрс ширүүснэ” хэмээн Strategy Analytics-ын шинжээч Дэвид Уоткинс тайлбарлав. “Эдгээр компани аудио бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр Amazon, Google хоёроос илүү баялаг түүхтэй. Цахиурын хөндийн аваргууд манлай загваруудынхаа дууны чанарыг сайжруулах замаар хариу барьж байна.
Гэхдээ Amazon, Google хоёрын үнээр өрсөлдөх чадвартай Echo Dot, Google Home Mini хэмээх бүтээгдэхүүнүүд ойрын ирээдүйд зах зээлд нэг хэсэгтээ ноёлох байх” хэмээн шинжээч нэмж өгүүллээ. Ухаалаг чанга яригч ашиглаж буй хамгийн түгээмэл дуут туслагч нь Amazon Alexa, Google Assistant хоёр. Үйлдвэрлэгчид энэ хоёрын аль нэгийг, эсвэл хоёуланг нь дэмждэг шинэ бүтээгдэхүүн гаргах хэрээр ирэх онд өрсөлдөөн бүр ширүүснэ. Apple-ийн Siri-д суурилсан HomePod ухаалаг спикер шинэ жилийн баярын үеэр гарах ёстой байсан ч амжсангүй, ирэх онд худалдаанд гарахаар боллоо. Тус компани хиймэл оюун, виртуал туслагч хөгжүүлэх өрсөлдөөнд Amazon, Google хоёрын араас сүүл мушгиж явна. Samsung компани мөн өөрийн хөгжүүлдэг Bixby дуут туслагч ашигладаг ухаалаг чанга яригчийг ирэх оны эхний хагаст зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй