“Анд энерги” компани 27 удаагийн арилжаагаар 84 сая төгрөгийн арилжаа хийгээд байна

Мэдээ

“Анд энерги” компани хоёрдогч зах зээлд олон нийтэд хувьцаагаа арилжаад сар гаруйн хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд нийт 27 удаагийн арилжаагаар 84 сая төгрөгийн хувьцааны арилжаа хийгдээд байгаа бөгөөд хувьцааны ханш дээд тал нь 69.9 төгрөгт хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 51 төгрөг болоод байна. Тус компани нийт татан төвлөрүүлсэн хөрөнгийн 50 орчим хувийг үйлдвэрийн барилга байгууламжид, 17 хувийг тоног төхөөрөмжид, 15 хувийг механик цех барихад зарцуулах бөгөөд үлдсэн хувийг маркетинг борлуулалт болон бусад зардалд тусгахаар тооцоолжээ. Барилгын ажил ирэх оны 3-4 сарын үед эхэлж, III улиралд ашиглалтад орох зорилго тавин ажиллаж байгаа аж. “Анд энерги” компани энэ оны 11 дүгээр сард 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр хувьцааныхаа 34 хувийг олон нийтэд санал болгосон юм. Ингэснээр Монголын үнэт цаасны биржид явагдсан анхдагч зах зээлийн арилжаагаар 160 хувийн захиалга авч хоёрдогч зах зээлийн арилжаа 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхэлсэн байна.

“Анд энерги” компани 2011 онд цахилгааны угсралт, суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдаж байжээ. Харин 2014 оны есдүгээр сараас “Эрдэнэт лед” гэрлийн үйлдвэрийг ашиглалтад оруулж үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 35 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.



САНАЛ БОЛГОХ