Намайг уучил, би ахиж хэзээ ч гар хүрэхгүй
ЗГМ: Тодруулга
Г.Оюунболд: Хүчирхийлэлтэй холбоотой онц хүнд гэмт хэргийн гаралт 2.5 дахин ихэссэн
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар прокурор Г.Оюунболдтой ярилцлаа. Тэрбээр энэхүү хуулийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж байсан юм.
-Шинээр батлаад удаагүй байгаа Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль үүргээ хэр гүйцэтгэж байна гэж үздэг вэ?
-Хэрэгжилт боломжийн гэж үзэж болох ч хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, хүчирхийлэл үйлдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ авах зохицуулалтууд бүрэн хэрэгжихгүй байна. Яагаад гэвэл энэ онд Зөрчлийн тухай болон Эрүүгийн хуулийг шинэчлэн баталсан. Гэхдээ хуульд заасан журмуудыг хэрэглэхгүй байх тохиолдол гарч байна. Энэ нь хуулийн хэрэгжих хугацаа давчуу байсан, зарим журмуудыг хэрэглэх талаар сургалт явуулж чадаагүй зэрэг олон шалтгаантай. Нөгөө талаар хууль хэрэгжүүлэх анхан шатны хэлбэр болох хамтарсан багийн үйл ажиллагаа орон нутагт бүрэн төлөвшиж амжаагүй, наад зах нь нийгмийн ажилтны орон тоо байхгүй, хуулийг хэрэгжүүлэх санхүүжилт төсөвлөгдөөгүй зэрэг бодит нөхцөлүүд ч нөлөөлж байгаа.
-Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийг хуулийн дагуу таслан зогсоох, урьдчилан сэргийлж бүрэн чадахгүй байна гэсэн үг үү?
-Шалгаж, шийдвэрлэсэн эрүүгийн хэрэгт аюулын зэргийн үнэлгээ, нөхцөл байдлын үнэлгээ зэргийг хавсаргасан байх ёстой. Гэвч энэ төрлийн гэмт хэрэгт хохирогчийн аюулгүй байдлыг хангах хуулийн заалтыг хэрэгжүүлэхгүй байна. Мөрдөгч нарын ур чадварын тухайд хавтаст хэрэг бүрдүүлэх хуучин соёл нь хэвээрээ. Ядаж л хохирогчтой харьцах хэвшмэл хандлага нь өөрчлөгдөхгүй байгаа. Тухайлбал, хохирогчийг олон хүний дунд байцаах, буруутгаж харьцах зэрэг арга барилууд хэвээр байгаа нь гол бэрхшээл юм. Сургалт, сургалт дахин сургалт л гэмээр байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль маань өөрөө анхдагч болон хоёрдогч шатны урдьчилан сэргийлэх чиг үүрэгтэй. Гэтэл энэ чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байгаагаас хууль сахиулах байгууллага шууд гэмт хэрэг, зөрчил гэж үзэн шалгах тал руугаа хэлбийгээд байна уу даа гэж үздэг.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг хуулийн дагуу төрөөс хэрхэн хамгаалж байгаа вэ?
-Хууль маань өөрөө энэ оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилт долдугаар сараас эхэлсэн. Тиймээс хууль хэрэгжүүлэх санхүүжилт энэ онд төсөвлөгдөөгүй. Үүнээс шалтгаалж хамгаалах байр нэмэгдээгүй, албадан сургалтуудын зарим нь хэрэгжих боломжгүйд хүрэх, төрийн зарим чиг үүргийг гэрээгээр гүйцэтгүүлэх боломжгүй нөхцөлүүд тулгарсан. Хэдий ийм ч олон улсын төрөлжсөн байгууллага, төрийн бус байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байна. Цагдаагийн байгууллагын гэмт хэргийн статистик үзүүлэлтээс харвал Хүнийг санаатай алах гэмт хэрэг өнгөрсөн есдүгээр сарын байдлаар 130 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос 5.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой онц хүнд гэмт хэргийн гаралт өмнөх онтой харьцуулахад 2.5 дахин ихэссэн нь анхаарал татаж байна. Нэг аймаг, дүүрэгт нэг жилд 1-2 удаа гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хүн амины хэрэг гарч байна. Энэ нь урьд байсан нөхцөл хэвээр гэдгийг харуулж байна. Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд хохирогчийг хамгаалах заалт бий. Энэ нь төрийн чиг үүрэг. Харин төрийн бус байгууллага хамгаалах, яллах чиг үүргийг гүйцэтгэж болохгүй л дээ. Харин хохирогчийг хамгаалах хуулийн заалтууд хэрэгжиж байна уу гэдэг нь өөрөө асуудал юм. Хуульд заасан боломжит заалтуудыг хэрэглэх талаар хууль сахиулагч, прокурор, шүүгчид мэдрэмжтэй, санаачилгатай хандах шаардлагатай юу гэвэл тийм гэж хэлнэ.
-Хүчирхийлэгчийг шийтгэхийн тулд хуулийн байгууллагын зүгээс Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтарсан багаас нөхцөл байдлын үнэлгээ авчир гэж шаарддаг. Гэтэл хүчирхийлэгч хэрэгтэйгээ танилцаж байна гэсэн нэрээр хэн ямар мэдүүлэг өгснийг бүгдийг хардаг тул хүмүүс мэдүүлэг өгөхөөс айдаг, үнэн бодитоор хэлж чаддаггүй тал бий. Ийм зохицуулалттай тохиолдолд хүчирхийлэгчид бодит шийтгэл оноож чадах уу?
Ер нь хохирогчийн аюулгүй байдалд хамаарах баримт сэлтийг яллагдагч, шүүгдэгчид танилцуулах шаардлагагүй. Хуульд ч энэ талаар тодорхой заалтууд бий. Явж явж хуулийн хэрэгжилт маань хууль хэрэгжүүлдэг хүнээсээ хамаараад байна.
Н.Арвинтариа: Амьд үлдье л гэж бодож байгаа бол гэрлэлтээ цуцлуулахаас өөр гарц байхгүй
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хуульч, өмгөөлөгч Н.Арвинтариагаас гэр бүлийн хүчирхийлэл давтагдахаас хэрхэн сэргийлэх талаар тодрууллаа.
-Танайх хохирогчдод бүх төрлийн үйлчилгээ үзүүлдэг бараг цорын ганц иргэний нийгмийн байгууллага. Өдөрт хэр олон хүн ханддаг вэ?
-Одоогоор өдөр тутам 4-7 үйлчлүүлэгч ирж биечлэн зөвлөгөө авдаг. 1995 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 20772 хүнд хууль зүйн, сэтгэл зүйн болон итгэлтэй утасны, хамгаалах байрны гээд шууд үйлчилгээ үзүүлсэн байна. Эдгээр хүний 23.5 хувийг түр хамгаалах байраар хангаж, 14.5 хувьд нь нийгэм болон хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн. Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 60 хувь нь ээжийгээ дагаж ирсэн хүүхдүүд.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж байгаа ч уг гэмт хэрэг багасахгүй байна. Ер нь давтан үйлдэхээс сэргийлэхийн тулд яах вэ?
-Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэхэд анхан шатны нэгжид ажиллаж буй хамтарсан багийн үүрэг оролцоо чухал гэдгийг шинэ хуульд тусгаж өгсөн. Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, давтагдахаас сэргийлэхэд хамтарсан багийн чадавхыг сайжруулах нь хамгийн чухал байна. Нийгмийн ажилтнуудын хүрэлцээ, хохирогчтой ганцаарчилж уулздаг өрөө нээх, багийн хангамжийг сайжруулах зэрэгт анхаарч байж хүн төвтэй тогтолцооны өөрчлөлт хийнэ. Өнөөдөр 20 гаруй мянган хүн амтай хороонд нэг цагдаа, нэг нийгмийн ажилтан хүчирхийллээс сэргийлж чадахгүй шүү дээ.
-Хамгаалах байрнаас гараад эргээд очиход дахиад л хүчирхийлэл угтдаг. Хүчирхийлэгчийн зан төлөвийг засах боломж бий юу?
-Бид хүчирхийлэл үйлдэгчийн зан төлөвийг засах сургалт туршилтын журмаар явуулсан. Хамрагдсан хүмүүс нь өөрийгөө ойлгож, хохирогчийн оронд өөрийгөө тавьж, хүчирхийлэл үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ тэдний зан төлөвийг засах бол маш урт хугацааны ажил. Бусад орны жишээнээс харахад албадан сургалтын үр дүн тийм ч сайн биш. -Архины гүн хамааралтай болсон нөхрийнхөө хүчирхийллээс ангижрах эцсийн арга юу вэ. Гэрлэлтээ цуцлуулах нь аюулгүй, зөв зам мөн үү? -Өөрийнх нь сонголт шүү дээ. Ихэнх хохирогч гэрлэлтээ цуцлуулахыг сонгодог. Харамсалтай нь, хүүхдүүд өнчирч хоцордог. Гэхдээ гэр бүлийн хүчирхийллээс амьд үлдье л гэж бодож байгаа бол гэрлэлтээ цуцлуулахаас өөр гарц өнөөдөр харагдахгүй байна. Яагаад гэвэл, хүчирхийлэл үйлдэгч олон жил илэрсэн зан төлөвийг засна гэдэг амар биш. Баривчилж, хоригдож ял эдэлдэг ч эргээд өс санах, гэр бүлээ дарамтлах гээд гэр бүлийн хүчирхийлэл тасралтгүй үргэлжилдэг. Хэрэв зан төлөвийг засаж чадвал тухайн гэр бүл цаашаа явчихна шүү дээ. Засаж чадахгүй бол салахаас өөр арга байхгүй.
-Эмэгтэй хүн эдийн засгийн хувьд бие даах нь хүчирхийллээс өөрийгөө ангижруулах үр дүнтэй арга мөн үү?
-Манайд хандсан эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхжуулж байж л бие даалгадаг. Хохирогчид хүчирхийллээс хурдан салахын тулд эд хөрөнгө бүү хэл хүүхдийн тэтгэмжээс ч татгалздаг. Ингэснээр шууд ядуучуудын эгнээнд ордог эрсдэлтэй. Тиймээс хөдөлмөр эрхлэх, мэргэжилтэй болоход нь дэмжлэг үзүүлэх маш чухал. Манайх хамгаалах байрандаа байрласан хүмүүсийг бизнес инкубатор төвөөр дамжуулж ажил, орлоготой болоход нь холбон зуучилдаг. Одоо шинэ хуулиар хамтарсан баг хохирогчдыг халамжид хамрагдах, сурах, ажил эрхлэхэд нь дэмжих, зуучлах үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй болсон.
-Танайх хаанаас санхүүждэг вэ?
-Төсөл бичиж, олон улсын байгууллагад хандах зэргээр өөрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг. Харин хамгаалах байрны үйлчилгээнийхээ санхүүжилтийг халамжийн хуулийн дагуу нэг хүний ор хоногийн 19 мянган төгрөгийн төлбөрөөр тооцож төрөөс авдаг.
-Түр хамгаалах байрны хүрэлцээ ер нь хэр вэ?
-Манайхаас өөр хамгаалах байраар хангадаг ТББ байхгүй. Харин улсад бол шүүх болон гэмтлийн эмнэлэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв гээд гурван газар хүчирхийлэлд өртсөн хүмүүсийг 72 цагийн хугацаатай байрлуулдаг. Мөн Зайсанд нэг байр бий. Манайх уг нь орон нутагт салбартай байсан ч санхүүжилтгүйн улмаас ихэнх нь хаагдсан. Одоо Улаанбаатар, Төв аймагт л түр хамгаалах байр бий.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй