Халдашгүй байдал хамгаалалтгүй болов
Мэдээ
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах боломжтой боллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн хууль, шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй гэх заалт бүрэн утгаараа хэрэгжиж эхлэв. Учир нь УИХ-ын гишүүдийг энгийн иргэдийн адил шалгаж болдоггүй цаг өчигдрөөр дуусгавар болов. Үндсэн хуулийн цэц ээлжит Их суудлын хуралдаанаараа УИХ-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаа баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна хэмээн үзлээ. Цэцийн гишүүд иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй байх Үндсэн хуулийн агуулгатай зөрчилдөж байгааг онцлоод УИХ-ын тухай хуулийн дээрх заалтыг хүчингүй болгов. Иргэн Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар өнгөрсөн есдүгээр сарын 8-нд Үндсэн хуулийн цэцэд дээрх гомдлыг гаргаж, ийнхүү ялалт байгууллаа. Ингэснээр гэмт хэрэгт холбогдсон төрийн түшээг шалгах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулсан тохиолдолд энэ асуудлыг парламент хэлэлцэнэ гэсэн үг.
• Иргэн Б.Мэргэн, М.Ариунболд, Э.Хашчулуун нар өнгөрсөн есдүгээр сарын 8-нд Үндсэн хуулийн цэцэд дээрх гомдлыг гаргаж, ийнхүү ялалт байгууллаа.
• Үндсэн хуулийн цэц УИХ- ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах эрхийг өмнө нь олгож байсан.
• Хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгах боломж бүрдэж байна.
Өнгөрсөн хугацаанд халдашгүй байдлаар хамгаалагдсан хэд хэдэн төрийн түшээд эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шалгаж болдоггүй байв. Тэд гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баригдаагүй гэдэг шалтгаанаар мултарч дөнгөдөг байлаа. Энэ хууль хамгийн түрүүнд үйлчилж мэдэх түшээ бол хүчингийн хэрэгт нэр холбогдоод буй Д.Гантулга. Харин УИХ-ын гишүүний суудлаас буусных нь дараа хэргийг сэргээж, холбогдох ялыг оногдуулсан тохиолдол бий. Хамгийн сүүлийн жишээ Д.Дондог. УИХ-ын гишүүнээр ажиллаж байх үед хуулийнхан шалгаж нийслэлийн прокурорын газраас түүний эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д удаа дараа тавьж байсан ч хүлээж аваагүй юм. Ингээд Д.Дондог гишүүний сэнтийгээс буусны дараа буюу 2013 оны зунаас эхлэн түүнд холбогдох хэргийг дахин шалгаж эхэлсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад Д.Дондог нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сарын 8-нд өөрийн шадар туслах Г.Сайнбаяртай хамтран “Меридан” гэх компанид орон сууц барих газрын зөвшөөрөл гаргаж өгөх нэрийдлээр 242 мянган ам.доллар буюу 400 орчим сая төгрөг залилж, сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдгийг тогтоосон.
Улмаар 2014 онд 10.1 жилийн ял оноож байсан. Үүнээс гадна нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт УИХ- ын гишүүн асан Ц.Батбаярыг сэжиглэсэн. Хэргийг шалгах үед УИХ-ын гишүүнээр сонгогдож, саарал ордонд сууж байсан тул түр хугацаанд хойшлуулсан юм. Хожим мөн л гишүүн бус болсон үед нь хэргийг сэргээж, 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийтгэсэн. Монгол Улс анх 2006 онд УИХ- ын тухай хуульд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай заалтыг тусгаж, баталсан. Энэ нь УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг бий болгох гэсэн эхний алхам байсан юм. Гэвч Үндсэн хуультай зөрчилдөж байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон түүхтэй. Тэгвэл үүнээс өмнө УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцсон байсан хоёр гуравхан жишээ бий. Тухайлбал, Улсын Бага Хурлын гишүүн Д.Дамдиныг 1991 онд эгүүлэн татсан байдаг. Тэрбээр алдарт 20 дугаар тогтоол гарахыг урьдчилан мэдэж, хувьдаа ашигласан гэх хэргээр бүрэн эрхээ цуцлуулж байсан юм.
Мөн 1996- 2000 оны УИХ-аас Казиногийн тухай хуулийг батлахаар парламент хэлэлцсан байдаг. Тухайн үед буюу уг хуулийн дагуу явуулсан казиногийн тендерийг будилуулж, авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьж байсан удаатай. УИХ-аас дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгуулах хүсэлт гаргаснаар ийнхүү хариуцлага хүлээлгэсэн юм. Гишүүдэд хариуцлага тооцох тухай бас нэгэн тохиолдол гэвэл 2004-2008 оны парламентын үед У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай нарыг Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгөөр казинодсон хэрэг мандсан. Тэдний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УИХ-аар хэлэлцээд тухайн үед олонх байсан намын гишүүд нь гурван нөхрөө танхимдаа авч үлдэж чадсан юм. Онцлоход, Үндсэн хуулийн цэц УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн гэмт хэрэгт холбогдуулан шалгах эрхийг өмнө нь олгосон. Гэвч УИХ Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээж авахдаа агуулгын өөрчлөлт хийх нэрийдлээр хэлбэр төдий засвар оруулсан юм. Өөрчлөлт оруулсан заалтыг нь харвал “гэмт хэрэг үйлдэх явцдаа” гэдэг үгийг “гэмт хэрэг үйлдэж байхдаа” гэж солиод “эд мөрийн баримттайгаар баригдсан” гэдгийг “нотлох баримттайгаар баригдсан” гэж өөрчилсөн юм. Тиймээс парламент Үндсэн хуулийн цэцийн өчигдрийн дүгнэлтийг хэлэлцэхдээ дахин ийм завсар оруулахаас сэрэмжилж буйгаа хуульч Б.Мэргэн Цэцийн гишүүдэд “сануулав”. Энэ талаарх маргааныг Цэц дээр хэлэлцэх үед хууль хамгаалагч-ийн үүргийг Л.Оюун-Эрдэнэ гишүүн хүлээж парламентаас томилогдсон. Гэвч тэрбээр ирээгүй юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй