Мэдрэмждээ найдсан сонголтыг халахсан
Нийтлэлчийн булан
Хамгийн хоцрогдож байгаа хоёр салбар бол спортын генетик болон биомеханик
Харин мэргэжлийн байгууллагуудын тухайд байдал өөр. Спортын анагаах ухаан өндөр хөгжсөн оронд үс, шүлс, булчингаас нь шинжилгээ аваад тухайн хүүхэд ямар спортоор хичээллэвэл амжилтад хүрэх магадлалтайг тогтоодог болоод цөөнгүй жилийн нүүр үзэж байна. “Ихэнх хүн хөдөлгөөний дундаж түвшинтэй байдаг. Тэдний долоон хувь нь л маш өндөр үзүүлэлттэй. Зарим хүн энэ авьяасаа мэдэлгүй огт өөр ажил хийгээд явах нь бий. Эрдэмтэд олон жилийн судалгааны дүнд спортын 200 гаруй генийг олж илрүүлсэн. Үүнээс 34 нь илүү тодорхой, илүү найдвартай. Мэдээж боксчны гэх мэт тусгайлсан ген байхгүй л дээ. Харин тэсвэр тэвчээр, хүч чадал, уян хатан байдлыг нь тодорхойлж болно. Үүнийг үе шаттай тодорхойлсноор хүүхдэд яг ямар спортын төрөл тохирохыг мэдэж болдог” хэмээн биологийн шинжлэх ухааны доктор В.Ильин ярьжээ.
Техник технологи хөгжихийн хэрээр спортын генетикийг ч илүү нарийвчлалтай тогтоодог болж байна. Спортын талбарт амжилт гаргахын нэг чухал зүйл нь генетик гэдгийг ойлгосон баян, хүчирхэг улсууд энэ чиглэл рүү хөрөнгө оруулах нь ч ихэсчээ. Тухайлбал, Италид сүүлийн хэдхэн жилийн дотор 5000 хүнийг спортын ДНК- ийн шинжилгээнд оруулсан бол Беларусь улс генетикийн судалгааг хуульчилж өгөхөөр төлөвлөсөн гэнэ. Тус улсад эцэг, эхчүүд хүүхдийнхээ спортын чадварыг мэдэхийг хүсвэл 60 хувийн хөнгөлөлттэйгөөр шинжилгээнд хамруулах боломжтой. Тэгвэл бусад нь анхаарлаа хандуулаад байгаа энэ салбар Монголд хэр хөгжсөн байдаг бол. Үүнийг тодруулахаар албаны хүмүүстэй холбогдсон ч ихэвчлэн базаахгүй хариу сонслоо. “Шулуухан хэлэхэд хамгийн хоцрогдож байгаа хоёр салбар бол спортын генетик болон биомеханик. Биомеханикийн хувьд багаж, тоног төхөөрөмж хамгийн их дутагддаг. Олон улсад хэрэглэгддэг төхөөрөмж нь хамгийн багадаа 200-400 сая төгрөгийн үнэтэй. Улс энэ мөнгийг гаргаж чадахгүй учраас биомеханик үндсэндээ орхигдсон, бэлтгэгдсэн боловсон хүчин ч бараг алга.
• Биднийг мөнгөгүй гээд гар хумхин суух хооронд бусад улс энэ салбарт ноёлж, амжилт гаргах бүх нөхцөлийг бүрдүүлж байна.
• Хэрэв бид тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй бол спортын шинжлэх ухаанаас хоцрогдсоор байна.
• Италид сүүлийн хэдхэн жилийн дотор 5000 хүнийг спортын ДНК-ийн шинжилгээнд оруулжээ.
Хэрэв бид тоног төхөөрөмжөө шинэчлэхгүй бол спортын шинжлэх ухаанаас хоцрогдсоор байна гэсэн үг” хэмээн Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат тайлбарлав. Спортын биомеханиктай холбоотой нэгэн сонирхолтой дүгнэлтийг аналистууд гаргасан байна. Дэлхийн шилдэг сагсчин Леброн Жеймсийг мэдэхгүй хүн ховор байх. Энэ залуу хэдхэн
хоногийн дараа 33 нас хүрнэ. Тамирчны замналын хувьд уруудах шатандаа оржээ гэсэн үг. Ер нь өдий насны сагсчин зодог тайлах тал руугаа хандаж, үзүүлэлтүүд нь эрс буураад ирдэг. Гэтэл Леброн Жеймс ид гялалзаж байсан үеэсээ ч илүү амжилт үзүүлж, багаа оройлон тоглосоор байгаа нь мэргэжилтнүүдийн анхаарлыг татжээ. Тэгвэл үүний учир шалтгаан нь биомеханикт байв. Тэрбээр бэлтгэл хийх, хооллох, амрах, бэлтгэлийн үеэр ямар дасгал хийх гээд тамирчин хүнд хэрэгтэй бүгдийг мэргэжилтний заавар зөвлөгөөний дагуу хийдэг аж. Тиймдээ ч сагсан бөмбөгийн хамгийн хүчирхэг лигт 14 жил тоглосон хэрнээ урьдын адил шилдгийн шилдэг нь байж чадав. Тогтвортой амжилт яаж ирдгийг Леброны жишээнээс харж болно. Өөр нэг жишээ бол Криштиану Роналду. 33 гэдэг хөлбөмбөгийн хувьд харьж яваа нас.
Гэтэл тэрбээр 10 жилийн өмнөхөөсөө дутуугүй, зарим тохиолдолд илүү тоглолтыг үзүүлж байгаа нь дэлхийн олон мэргэжилтнүүдийн гайхшралыг барж байна. Гэтэл манайхан яадаг билээ. Нэг тэмцээнд гайгүй оролцож, бөөн медаль хамах ч дараа нь энэ амжилтаа давуулах нь байтугай, давтаж чадахгүй байх нь түгээмэл. Эсвэл нэг жил сайн байгаад дараа оноос нь уруудаад эхэлдэг. Энэ бүгд эргээд спортын шинжлэх ухаан, спортын биомеханик, системтэй бэлтгэлжилтийн хөгжлөөс шууд хамаарч байдаг. Тэгвэл энэхүү чухал салбаруудын ач холбогдлын талаар Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ийн ярьж байна. Тэрбээр Монголын спортын анагаах ухааны тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг юм. “Өнөөдөр Монголын спортын анагаах ухаанд дутагдаж байгаа хоёр гол салбар бол генетик, биомеханик. Спортын биомеханик манай улсад нэлээд дээхнэ хөгжиж байгаад одоо тасарчихаад байгаа бол спортын генетик огт хөгжөөгүй. Спортын биомеханикийн үр дүнд тухайн тамирчин ямар хэмжээний ачааллыг яаж авах боломжтойг тогтооно. Энэ нь тамирчны өсөлт дэвшлийг тодорхойлж, чиглүүлэхэд онцгой чухал. Эдгээр чадварыг илрүүлж, тогтоодог тоног төхөөрөмж олон болсон. Харин спортын генетик бол тамирчдыг хэрхэн сонгохтой холбоотой салбар. Өнөөдөр манайхан тамирчдаа биеийн хөгжил, идэвх чармайлтыг нь харж байгаад л сонгодог. Гэтэл тухайн хүүхдийн физиологийн онцлог, биеийн ерөнхий галбир нь тэр спортод бус, өөр төрөлд тохирохоор байвал яах вэ, хэрхэн мэдэх вэ. Спортын генетик үүнийг шинжилгээгээр тогтоодог” хэмээн тэрбээр ярилаа.
Эрдэмтэд олон жилийн судалгааны дүнд спортын 200 гаруй генийг олж илрүүлсэн
Гэхдээ нэг гэрэлтэй мэдээ байна. Монголын үндэсний олимпийн хороо хоцрогдсон энэхүү хоёр салбарыг хөгжүүлэх асуудалд анхаарлаа хандуулаад эхэлжээ. Эхний ажлуудыг ч хийгээд эхэлсэн байна. Тухайлбал, генетик, биомеханик өндөр хөгжсөн, спортын их гүрнүүд болох ОХУ, БНХАУ, Украинтай өргөн хүрээнд хамтран ажиллах гэрээг байгуулжээ. “Олон улсад судлагдаж, туршигдсан учраас Монголдоо хөгжүүлэхэд нэг их хугацаа шаардагдахгүй. Энэ чиглэл өндөр хөгжсөн орнуудаас мэргэжилтэнүүдийн дэмжлэгтэйгээр сургалт зохион байгуулж, боловсон хүчнээ гадаадад туршлагажуулаад авахад бид эхний үр дүнгээ хүртээд эхлэх боломжтой ажил. Үүний дараа тодорхой хэмжээний тоног төхөөрөмжийг шийдээд ажлаа эхлүүлж болно. ОХУ, БНХАУ, Украины Үндэсний олимпийн хороотой хамтран ажиллаж, тэдний туршлагаас суралцсанаар спортын генетик, биомеханикийн хөгжлийн суурийг Монголдоо тавих юм” хэмээн Д.Загдсүрэн нэмж тайлбарлав.
Дээхнэ үеийн ахмадууд ирээдүйд сайн бөх болох залуусыг мундаг шинжиж чаддаг байсан гэдэг. Х.Баянмөнх аваргыг аравхан настай байхад аавынх нь найз нутгийн хөгшин “Танай энэ хүү л мундаг бөх болно” хэмээн хэлсэн нь биеллээ олсон. Энэ мэт жишээ олныг дурдаж болно. Гэхдээ бид хэдий болтол зөн совин, мэдрэмждээ найдаж тамирчдаа сонгох вэ. Биднийг мөнгөгүй гээд гар хумхин суух хооронд бусад улс энэ салбарт ноёлж, амжилт гаргах бүх нөхцөлийг бүрдүүлж байна. Тэр хэрээр амжилт нь тогтвортой өссөөр буй. Харин бид энэ хэвээрээ байвал нэг тэмцээнд гайгүй оролцож, нөгөөд нь бүдэрдэг өнөөгийн дүр төрх хэзээ ч арилахгүй. Нэг ёсондоо харанхуйд тэмтчиж явсаар аз таарвал гарах хаалгаа олно, хэрэв олохгүй бол тэндээсээ гарч чадахгүй гэсэн үг.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй