Урд хөрш бодлогоо тодорхой болгохыг хүсэв

Мэдээ


Шадар сайд Ө.Энхтүвшин БНХАУ-ын Эрээн хотын намын хорооны дарга Тянь Юн, Эрээн хотын дарга Лю Жыпинтэй уулзав. Энэ үеэр тус хотын удирдлага Эрээн хот дахь Чөлөөт бүсийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр УИХ-ын хүндэтгэлийн чуулганд тавьсан илтгэлдээ Замын-Үүд болон Эрээн хотыг холбосон хилийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг судлахаа мэдэгдсэн юм. Тийнхүү 2015 оны тавдугаар сард Аж үйлдвэрийн яам болон БНХАУ- ын Худалдааны яам “Монгол, Хятадын Замын-Үүд-Эрээний хилийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан ерөнхий төлөвлөгөө”-г үзэглэснээр хоёр тал хил дамнасан бүсийн зорилго, зарчим, механизмаа тодорхойлсон байна. Албан ёсны төлөвлөгөөний дагуу Хятадын тал шаардлагатай гэрээ, хэлэлцээрийн төслийг Монголын талд даруй хүргүүлсэн боловч Монголын тал хариу өгөөгүйн улмаас хилийн хамтын ажиллагааны бүс байгуулах төсөл өнөөг хүртэл гацсан байна.

Танилцуулгад дурдсанаар, Хятад, Монголын тал Эрээн- Замын-Үүдийн хилийн хамтын ажиллагааны бүсийг нийт 18 км.кв байхаар төлөвлөсөн байна. Хятадын тал өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Эрээн хотын бүс дэх өөрийн есөн км.кв талбайд улсынхаа төсвөөс 800 сая юанийн хөрөнгө оруулж, зам талбай, ус зайлуулах шугам хоолой зэрэг дэд бүтцийн барилга байгууламжийг барьж дуусгажээ. 2018 онд үлдсэн ажлаа гүйцээхээр төлөвлөсөн байна. Үүний дараа Эрээн хотын удирдлага Шадар сайд Ө.Энхтүвшинд хэд хэдэн санал тавьжээ. Тодруулбал, хоёр талын хилийн хамтын ажиллагааг урагшлуулах зорилгоор хоёр улсын өндөр түвшний IV зөвлөлдөх уулзалтыг ойрын хугацаанд сэргээн зохион байгуулахыг хүссэн байна. Мөн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үед хилийн хамтын ажиллагааны бүсийн асуудлыг ярианы сэдэвт оруулах, Монгол Улс Замын-Үүдийн чөлөөт бүсэд барих бодлогоо тодорхой болгох шаардлагатай байгааг дуулгав. Хилийн хамтын ажиллагааны бүсийн албан ёсны хэлэлцээрт эцэслэн гарын үсэг зураагүйн улмаас Хятадын хөрөнгө оруулагчид Монголын талын Замын-Үүдийн чөлөөт бүсдээ барих бодлого нь тодорхойгүй хэмээн үзэж итгэл алдрах байдал ажиглагдаж байгаа аж.


САНАЛ БОЛГОХ