Орчин үеийн гэр бүлийн тав тух нь лаа
Мэдээ
Лааны хэлбэр дүрс хувьсан өөрчлөгдөж, 2000 төрлөөр үйлдвэрлэгдэж байна
Ердөө өнгөрсөн намраас л улс даяар бүх сум суурин газрыг байнгын эрчим хүчинд холбож дууссанаа мэдэгдэж байлаа. Тэр хүртэл Монгол орны зарим газарт лаа нь цахилгааны эх үүсвэр байсаар ирсэн юм. Гэхдээ хүн төрөлхтний өмнө лааны гүйцэтгэж буй үүргийг энүүхнээр төсөөлж болохгүй. Тус бүтээгдэхүүний хөгжил хэрэглээ төдийхнөөс хэдийнэ хальж одоо урлагийн бүтээл, гоо сайхны хэрэгсэл, үнэртэн, бэлэг дурсгал … гээд олон зүйлийг орлох чухал зүйл болжээ. Хүмүүс лааг төрөл бүрээр ашиглах болсон зах зээлийн шаардлагаар хэлбэр дүрс нь хувьсан өөрчлөгдөж, өргөн, нарийн, том, жижиг гээд дотроо 2000 гаруй төрлийн лаа дэлхийд байна. Тэрчлэн худалдан авагчид сонголт хийхдээ хамгийн түрүүнд тансаг үнэрийг нь голчилж үздэг учир өнөөдөр зах зээлд 10 гаруй мянган төрлийн үнэрт, өнгөтэй лаа худалдаанд гарчээ. АНУ-ын томоохон лаа үйлдвэрлэгч компаниуд жилд нэг фунт лааны тосоор 1000-2000 төрлийн лаа үйлдвэрлэж зах зээлд нийлүүдэг аж.
Тэгвэл Монгол Улсад лааг тансаг зах зээл болгож, үнэртэн, бэлэг дурсгалын чиглэлээр борлуулж буй томоохон гурван компани байна. “Их өсөлт” компани тансаг зэрэглэлийн “Аригун” брэндийг энд онцоллоо. Байгалийн үнэр шингээсэн зургаан төрлийн лааг тус компани худалдаанд гаргаад байна. Эдгээр бүтээгдэхүүнээ хүний биед хоргүй шар буурцагны тос ашиглан үйлдвэрлэж байгаа аж. “Аригун” брэндийн үүсгэн байгуулагч Х.Ихбаяр “Бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж, брэндийн лаагаа үйлдвэрлэхэд зориулж 50 гаруй сая төгрөг зарцуулсан. Одоогоор Монголын зах зээл маш хумигдмал байна. Тиймээс үйлдвэрээ өргөжүүлэхийн тулд гадаадын зах зээл рүү экспортлохоор зорьж байгаа. Эхний ээлжинд Япон, БНСУ- ын зах зээлд гараад байна. Бүтээгдэхүүний тухайд хүний биед хоргүй, химийн нэгдэлгүй дэлхийн стандартад нийцсэн” гэв. Харин Lhamour брэнд олон улсад нэлээд өндөр үнэтэй байдаг зөгийн лавтай лааг үйлдвэрлэж, худалдаан гаргаад эхэлжээ. Нэмэлт үнэр шингээх шаардлагагүй уг лаа нь өөрөө анхилуун үнэртэй учир бусад бүтээгдэхүүнээс ахиу үнэтэй байдаг аж.
Тэгвэл “Хатан лаа” компани 2014 оноос энэ зах зээлд өрсөлдөж байгаа. Улмаар “Хатан” брэндийн найман өөр үнэртэй хоёр төрлийн лаа үйлдвэрлэдэг. Тус компанийн зүгээс бүтээгдэхүүнээ АНУ руу экспортлохоор төлөвлөж байгаагаа хэлсэн юм. Орчин үеийн гэр бүлүүд гэртээ халуун дулаан орчин, тав тухтай байдлыг бүрдүүлэхийн тулд лаа болон лааны дагалдах хэрэгслээр гэрээ чимэглэдэг болжээ. Тэгвэл дэлхий дахинд лаа худалдан авагчдын дунд явуулсан судалгаагаар дийлэнх нь үнэрийг нь чухалчилдаг гэжээ. Тэрчлэн лаа хэрэглэгчдийн 42 хувь нь зочны өрөө, 18 хувь нь гал тогоо, 13 хувь нь унтлагын өрөөндөө асаадаг гэсэн бол үлдсэн хувь нь угаалгын өрөөндөө хэрэглэдэг гэж хариулжээ. Хүмүүс лааг амралтын өдрөөрөө стресс ядаргаагаа тайлах зорилгоор асаадаг учир ямар ч цаг үед хамгийн үнэ цэнэтэй бэлэг болно гэж үздэг юм байна.
Тиймээс хэн нэгэнд баяр хүргэхдээ, төрсөн өдөр, хурим найрнаар лаа бэлэлэхийг илүүд үздэг байна. Ийнхүү сүм хийд, зоогийн газар, хоолны ширээн дээрээ тавьж, хэрэглэдэг барууны соёл Монголд нэвтрээд үүнийг дагасан гоёл чимэглэлийн хэрэгслийн борлуулалт өндөр хувийг эзэлж байна. Тухайлбал, шил, болор гээд төрөл бүрийн суурь, галд шатдаггүй өнгө өнгийн тууз, лаа асаагуур болон унтраагуур гээд дагалдах хэрэгслүүд хамгийн эрэлттэй төдийгүй өндөр үнэтэй байдаг аж. Европт лааны соёл өргөн дэлгэрсэн байдаг. Гоёл чимэглэлийн салшгүй нэг хэсэг гэж явдаг төрөл бүрийн лааг маш олон төрлийн тосноос гаргаж авдаг байна. Зарим нэг нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэх нь ч бий. Гэвч экологийн цэвэр бүтээгдэхүүнд дэлхий нийтээр анхаарч байгаа энэ үед амьтны гаралтай параффин тосоор үйлдвэрлэсэн, химийн найрлагатай лаанаас дэлхий нийтээр татгалзаж байгалийн гаралтай лааг илүүд үзэх болжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй