Цэцэрлэг, ажил эзгүйрсээр
Мэдээ
Ажилчид түр зуурын чөлөө авах хөдөлмөрийн бүтээмжийг бууруулдаг
“Нэг өдөр долоон хүний чөлөөний хуудсан дээр гарын үсэг зурсан” хэмээн нэгэн удирдах албан тушаалтан өгүүлж байна. Ер нь зөвхөн тус байгууллага гэлтгүй нийслэлийн хэмжээнд өвчтэй болон чөлөөтэй гэсэн шалтгаанаар ажлаас түр хугацаанд чөлөөлөгдөх ажилтны тоо сүүлийн өдрүүдэд нэмэгджээ. Хотын төвд байрлах оффисын барилгын нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг дөрвөн байгууллагын хэмжээнд гэхэд нийт 12 ажилтан дээрх шалтгаанаар ажилдаа ирээгүй байна. Тэдний дийлэнх нь хүүхэд өвдсөн гэх тайлбарыг удирдлагадаа хэлжээ. Бага насны хүүхдийн өвчлөл нийслэлд нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больсныг уншигч та мэдсэн биз. Энэ хэрээр цэцэрлэгийг зорих багачуудын тоо багассан аж. Лхагва гарагийн байдлаар нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн 54 хүүхэдтэй нэг бүлгийн 14 хүүхэд өвчтэй гэсэн шалтгаанаар энэ өдөр ирээгүй байна. Жирийн өдрүүдэд 1-2 хүүхэд өвчтэй, чөлөөтэй байдаг.
Харин сүүлийн өдрүүдэд энэ тоо огцом нэмэгдсэн хэмээн цэцэрлэгийн багш нь хэлж байлаа. Үүнээс үүдэн түргэн тусламжийн төвд хандах тоо ч нэмэгдсэн. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гэхэд 200 гаруй хүүхэд лхагва гарагт үзлэг оношлогоонд орж, хэвтэн эмчүүлж байна. Хүрээлэн буй орчны бохирдол болон хүйтний улмаас хүүхдийн өвчлөл нэмэгдсэн хэмээн эмч нар тайлбарлаж буй. Үүнээс үүдэн эцэг, эхчүүд хүүхдээ эмчид үзүүлэх, эмнэлэгт сахих, асрахын тулд ажлаас түр хугацаанд чөлөөлөгдсөн нь энэ. Хүрээлэн буй орчин, улирлын шинжтэй өөрчлөлтийн улмаас ажилтнуудын ажлаас хоцрох, өвчлөх болон чөлөө авах нь нэмэгддэг болохыг судалгаа, зөвлөгөөний Gallup компанийн судлаачид тогтоожээ.
Өвдсөн хүүхдийн тоо жирийн үеийнхээс хэд дахин нэмэгджээ
Ажилчдын анхаарал сарних, ирц нь буурах зэрэг нь бүтээмж багасгаж, урсгал зардал нэмдэг. АНУ-ын 14 мэргэжлийн 94 мянган ажилтны дунд хийсэн судалгаагаар өвчлөл нь компанид зардал болдгийг Gallup компани тооцоолсон. Тухайлбал, тус судалгаанд оролцогчдын 77 хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар түр болон бүрэн ажлаас чөлөөлөгдөх магадлалтай гэж үзвэл эдгээр иргэний алдагдсан бүтээмжийн зардал нь жилд 84 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарчээ. Ажилчид түр зуурын чөлөө авах нь зөвхөн ажлын бүтээмжийг бууруулаад зогсохгүй бусад ажилтны сэтгэлзүйд сөргөөр нөлөөлдөг байна. Цаашлаад эзгүй ажилтныг нөхөхийн тулд бусад хүмүүст нэмэлт ачаалал ирдэг ба үүнд ч компани давхар цалин олгодог.
Мөн энэ нь бусад ажилтны ёс зүй, хандлагад сөргөөр нөлөөлдгийг хүний нөөцийн судлаачид онцолж байна. Хөндлөнгийн хүчин зүйлээс үүдэлтэйгээр хөдөлмөрийн бүтээмж багасах нь байгууллагын бүтээмж, цаашлаад улсын баялаг бүтээх үйл явцад нөлөөлдөг. Монгол хүний ажлын бүтээмж өдрийн таван ам.доллартай тэнцэж буйг 2015 онд тухайн үеийн төрийн тэргүүн мэдэгдэж байв. Тэгвэл энэ дүн 2017 оны байдлаар хэдэд хүрсэн талаар тооцоо, судалгаа ховор байна. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн бараа болон үйлчилгээний нийлбэр болох ДНБ-ий өсөлттэй уялдуулан хөдөлмөрийн бүтээмжийг тооцвол барагцаа тоо гарах боломжтой. 2015 оноос хойш Монгол Улсын ДНБ нийт 9.2 хувиар өссөн гэж үзвэл таван ам.доллартай тэнцэж байсан хөдөлмөрийн бүтээмж энэ оны байдлаар 5.5 орчим ам.доллартай тэнцэхээр байна.
Тэгвэл энэ нь олон улсын дунджаас доогуур үзүүлэлтэд тооцогдох аж. Тодруулбал, олон улсад дундаж бүтээмжтэй ажилтан нэг өдөрт 30-60 ам.доллар бүтээдэг байна. Монгол ажилтны дундаж бүтээмж нь олон улстай харьцуулахад бага сонсогдож байгаа ч зарим шалтгааны улмаас өдгөөгийнх шиг чөлөө авагчдын тоо нэмэгдсээр байвал энэ нь бага биш дүн болно. Тухайлбал, лхагва гарагийн байдлаар гэхэд 30 гаруй ажилтантай нэг байгууллагын долоон хүн нь чөлөө авсан гэж үзвэл нийт хүний нөөцийнх 20 хувь эзгүй байна гэсэн үг. Ингээд үзвэл энэ нь тоолгүй өнгөрч боломгүй үзүүлэлт болно. Тэр тусмаа, нөхөн үржихүйн идэвхтэй үеийнхэн буюу 20-40 настай ажиллагсад нийт ажиллаж буй иргэдийн 50 гаруй хувийг бүрдүүлж байхад хүрээлэн буй орчин, хүүхдийн өвчлөл хөдөлмөрийн зах зээлд нөлөөлж мэдэхээр байна. Үндэсний статистикийн хороо хөдөлмөрийн бүтээмжийн талаар судалгаа хийдэг. 2013-2016 онд улсын дундаж бүтээмжийн өсөлт 8.3 хувиар хэмжигдсэн.
Харин бизнесийн салбарын хөдөлмөрийн бүтээмж энэ хугацаанд 10.3 хувьтай тэнцэж байна. Үүнийг нийт эдийн засгийн дундажтай харьцуулбал бизнесийн салбарын бүтээмжийн өсөлт улсын дунджаас өндөр байна. Өөрөөр хэлбэл, бизнесийн бус салбарын бүтээмжийн өсөлт доогуур байгаа аж. Нобелийн шагналт эдийн засагч П.Самуэльсон улс орнуудын хоцрогдол, буурай хөгжлийн нэг шалтгаан нь бүтээмж. Бүтээмжийн түвшин доогуур байх нь ашиг орлого, хуримтлалыг бууруулж, үйлдвэрлэл хөгжүүлэх боломж хязгаарладаг. Энэ нь эргээд бүтээмжийг бууруулж, чөтгөрийн тойрог үүсгэдэг хэмээн үзжээ. Тэгэхээр эдийн засаг, баялаг бүтээх үйл явц дахь бүтээмжийн нөлөөг тооцолгүй, тоохгүй өнгөрч болохгүй цаг тулгарч байна. Тэр тусмаа, хүмүүсээс үл хамаарах, утаа, автомашины түгжрэл гэх мэт хөндлөнгийн, хүчин зүйл Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрдэг аж ахуйн нэгжүүдэд эрсдэл дагуулж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй