Дагуул хотын ААН-д татварын хөнгөлөлт үзүүлнэ

Мэдээ


Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрх зүйн орчин бүрдэнэ

Монгол Улсын нийслэл 1.5 сая орчим хүн амтай дэлхийн 400 гаруй хотын нэг болсон тул цаашид хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлохын тулд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Энэхүү хуулийг анх 1994 онд баталсан бөгөөд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн тул ийнхүү шинэчлэн найруулахад хүрчээ. Тухайлбал, нийслэлд албан ёсоор бүртгэлтэй байнга оршин суугчдын тоо 1993 онд 589 мянга байсан бол 2017 оны байдлаар 1.3 сая буюу манай улсын нийт хүн амын 44.7 хувьд хүрээд байна. Мөн аж ахуйн нэгж байгууллагын тоо 1993 онд 15,484 байсан бол өнөөдөр 104,474-д тус тус хүрчээ.

Тэгвэл энэхүү шинэчилсэн найруулгад Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээг өргөтгөж, эрх мэдлийг нэмэгдүүлж, Засгийн газрын гишүүний статустай болгохоор тусгажээ. Анх 2010 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дээрх саналыг тусгасан ч тухайн үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, бүдэрсэн удаатай. Тэгвэл дээрх саналыг дахин дэвшүүлэх болсон шалтгаанаа нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд эрх мэдэл нь хүрэлцэхгүй байгаатай холбон тайлбарлажээ.

Хэрэв санал дэмжлэг хүлээж, батлагдвал эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, УИХ-аас гарсан хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлж, ажлынхаа үр дүнг Ерөнхий сайд, УИХ-ын өмнө дангаар болон Засгийн газрын үйл ажиллагаанд хамтын хариуцлага хүлээх юм. Товчхондоо, хотын дарга Ерөнхий сайдын шууд удирдлага дор очно гэсэн үг. Өнөөгийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиар бол хотын дарга НИТХ-аар мөрийн хөтөлбөрөө батлуулж, хэрэгжүүлдэг. Мөн нийслэлийн бодлогыг тодорхойлох хууль тогтоомж боловсруулсан бол Засгийн газраар дамжуулж, УИХ-д өргөн мэдүүлдэг юм. Хэрэв хотын дарга Засгийн газрын гишүүний статустай болбол холбогдох хууль тогтоомжийн төслийг шууд УИХ-д өргөн мэдүүлэх боломж бүрдэнэ. Энэхүү хууль батлагдсанаар Улаанбаатар хот анх удаа бонд гаргах эрх зүйн орчин бүрдэх юм. Энэ нь хотын төсөв санхүүгийн бие даасан байдлыг дээшлүүлэх, хөрөнгө орлогыг нэмэгдүүлэх зорилгод чиглэсэн гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд онцолсон. 2013 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн банктай хамтран анх удаа бонд гаргах ажлыг эхлүүлсэн байдаг. Жил гаруйн хугацаанд тооцоо судалгаа хийж, 2014 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар бонд гаргах журмыг баталсан. Бонд нь хүү өндөртэй, төлөх хугацаа богино байдаг учраас нийслэлийн бондын хөрөнгийг Налайхын аж үйлдвэрийн парк, Ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, хуучин орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах гэх мэт хурдан хугацаанд эргэн төлөгдөх боломжтой төсөлд зарцуулахаар журамд тусгаж байсан юм.

Тухайн үед Дэлхийн банкнаас 347 тэрбум төгрөгийн бонд гаргах боломжтой гэсэн тооцоо гаргасан ч бодит ажил болоогүй. Үүнээс гадна шинэчилсэн найруулгад нийслэлийн төвд байршиж байгаа төр, захиргааны байгууллагуудыг үе шаттайгаар дагуул хот, дэд төвүүд рүү шилжүүлэхээр тусгасан байна. Дагуул хотод шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 20 жилийн хугацаанд 50 хувиар хөнгөлнө. Харин нийслэлийн дэд төвүүдэд шилжин байршиж, байнгын үйл ажиллагаа явуулдаг, бүртгэлтэй аж ахуйн нэгжид ногдох орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 50 хувиар тус, тус хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгажээ. Түүнчлэн дагуул хотод ажиллаж буй иргэдийн цалин хөлс, шагнал, урамшуулалд ногдуулах орлогын албан татварыг 10 жилийн хугацаанд 50 хувиар хөнгөлөх заалт багтсан байна.



САНАЛ БОЛГОХ