Бэлчээрийн хуулийг бойкотлох нь хэнд ашигтай вэ?

Мэдээ


Монголын мал сүрэг цөөхөн хүний гарт шилжиж байна

Хаяа багтахаараа бууж, хазаар багтахаараа иддэг зарчмаар олон жил малаа бэлчээж буй малчид нэгнээ гэмтээж, нөгөөгөө хөнөөсөн тухай мэдээлэл тасрахгүй байна. Энэ сарын 8-нд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын зургадугаар багийн нутаг болох “Хүйтэн хөтөл” гэдэг газар бэлчээрээ булаацалдсан хоёр малчин муудалцаж, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хэргээс гадна тус аймгийн Цэнгэл, Алтай, Дэлүүн болон Ногооннуур суманд ч бэлчээрийн маргаанаас болж гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Уг нь нүүдэлчид элэнц, хуланцын үеэсээ бэлчээрээ эв найртай ашиглаж ирсэн. Түүх сөхвөл бэлчээр нутгийг малчдад эзэмшүүлэх уламжлал Өгөдэй хаанаас эхтэй аж. “Өгөдэй хаан зарлиг гаргаж мянгат бүрээс нутагчин гаргаж, бэлчээр нутаг эзэмшүүлж, хамгаалахыг зарлигдсан тухай түүхийн эх сурвалжид бий. Нутагчин гэдэг нь одоогоор бол сумын газар зохион байгуулагч гэсэн үг. Харин малын тоо өсгөх хэрэгтэй гэдэг нь нэгдэлжих хөдөлгөөнөөс л эхтэй” хэмээн Мал аж ахуйн хүрээлэнгийн зөвлөх, доктор С.Жигжидсүрэн учирлав.


Мянгат малчид, алдарт уяачид бэлчээрийг сорчилж нүүдэллэдэг нь нууц биш


Олон зуун жил эв найртай нэгнийхээ ашигладаг бэлчээрт хүндэтгэлтэй хандаж ирсэн уламжлал нь энэ. Өөрөөр хэлбэл, бид ЗХУ-ын түүхий эдийн хангагч улс болохоосоо өмнө бэлчээр нутгаа хамгаалахад л анхаардаг байж. Гэтэл өнөөдөр энэ уламжлалын тухай мэдээ нь сайтар мартагдсан хуучин ойлголт болж хувирсан. Амьжиргааных нь эх үүсвэр болсон бэлчээрээ булаалдах нь аргагүй. Нэг хонь иддэг өвсийг 3-4 хоньд арай ядан хуваарилж байхад түүнийг нь өөр айлын дахиад 3-4 хоньтой хуваалцана гэдэг малчны хувьд байж боломгүй хэрэг. Нэгэнт уламжлалаа гээж, болох болохгүйг зааглаж өгөөгүй эрх зүйн зохицуулалт байхгүй тул малдаа түүртсэн иргэд хүчтэй нь хүчгүйгээ гэх байгалийн хуульд захирагдаж байгааг гайхах зүйл биш. Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн 14 аймгийн 134 сумын малчид, иргэд нийлсэн 1128 хүний дунд явуулсан судалгаагаар бэлчээр ашиглалттай холбоотой маргаан зөрчил ихэссэн гэж 42 хувь нь хариулсан байна.

Харин 34.9 хувь нь улсын нэгдсэн бодлогогүйгээс бэлчээрийг дур зоргоороо ашигладаг гэж хариулжээ. Үүнээс гадна даац хэтэрсэн, усгүй болсон гэдгийг малчид нэн түрүүнд онцолж байгаа нь бэлчээр хуваарилалтыг ямар нэг байдлаар яаралтай зохицуулах шаардлагатайг илтгэнэ. Бараг гурван сарын өмнө Бэлчээрийн үндэсний анхдугаар форум гэгчийг сүр дуулиантай хийж, Бэлчээр хамгаалах тухай хуулийн төсөл боловсруулахаар болсон. Гэтэл ХХААХҮЯ-ны эх сурвалжийн хэлж буйгаар хуулийн төслийн ажил салан задгай байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй аж. Дөнгөж л Ажлын хэсэг байгуулагдаад буй гэнэ. Харамсалтай нь, энэ зуур бэлчээрийн маргаанаас болж нэг хүн амиа алдаж, нөгөө хүн эрүүгийн гэмт хэрэгтэн болж, бас хэд хэдэн хүн бэртэж, гэмтэв.

Бараг дөрвөн парламентын нүүр үзэж, батлах, батлахгүйн завсар тээглэсэн Бэлчээр хамгаалах хуулийг хүлээх зуур бэлчээрийн маргаанаас болж 100 гаруй хүн амиа алдсан гэх албан бус мэдээлэл бий. Жилд л 5-6 хүн мал идэх өвсний төлөө амиараа тахил өргөж байна. Хуулийн төсөлд санал нэмж тусгах, хэлэлцүүлэх шат дамжлага яст мэлхийн хурдаар явж байгаа тул төлөвлөсөн ёсоор энэ намрын чуулганаар батлуулж амжихгүй бололтой. Аз таарвал ирэх хаврын чуулганаар баталж мэдэх. Гэхдээ өмнөх хуулиуд шигээ амилах хувь дутах вий гэсэн болгоомжлол төрж буйг олон хүн анхааруулж буй юм. Аль 20 жилийн өмнө л бэлчээр нутаг ашиглаж байсан уламжлалт эрхийг нь баталгаажуулж, бэлчээрийг зөв ашиглах, нөхөн сэргээх нь зөв гэдгийг уг нь салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид олж харж, гарц шийдэл эрэлхийлсэн. Тодорхой хэлбэл, бэлчээрийг хуулиар баталгаажуулах нь нийгмийн захиалга гэдгийг ойлгосон хэрэг.

• Түүх сөхвөл бэлчээр нутгийг малчдад эзэмшүүлэх уламжлал Өгөдэй хаанаас эхтэй.

• Малчдын 42 хувь бэлчээр ашиглалттай холбоотой маргаан зөрчил ихэссэн гэж хариулсан.

• Бэлчээрийн хуваарилалт, зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийг зохицуулах шийдэл олон байна.

Малчид нь биднээс татвар аваач, бэлчээрийн төлбөр төлье гэдэг, бас улсад мөнгө хэрэгтэй байхад шийдвэр гаргагчид авахгүй байгаа нь ямар шалтгаантай вэ гэсэн асуултад Байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимэд-Очир “Харин тийм ээ. Тийм нэг гаж үзэгдэл болоод байна” гэв. Түүнийхээр бэлчээр, ус гээд байгалийн нөөц ашиглаж буйн хувьд малчид төлбөрөө төлөх ёстой. Тэрбээр “Уг нь бэлчээрийн хуваарилалт, зохистой ашиглалт, нөхөн сэргээлтийг зохицуулах шийдэл олон байна. Цаг цөвүүн үед бэлчээр хүрэлцэхгүй бол орон нутаг нөөц бэлчээрээр зохицуулах боломжтой. Цаашилбал, тусгай хамгаалалттай газар нутгийг ч нөөц бэлчээр болгож болно шүү дээ” гэв. Гэтэл малын тоо, ам бүл, амьжиргааны түвшинд нь тааруулж шаталсан хэлбэрээр татвар тогтоохыг малчид дэмжсэн боловч улс төрийн шалтгаанаар уг оролдлого бүдэрсэн түүх саяхных. Бэлчээр хамгаалах хууль баталж, татвар ногдуулах нь улстөрчид малчдаас дэмжлэг авч, зөөлөн сэнтийд залрахад саад болно гэгддэг. Гэхдээ тоон утга арай өөрийг хүүрнэж байна. ҮСХ-ны тоогоор харвал Монголын мал сүрэг цөөхөн хүний гарт шилжиж байна уу гэлтэй. Задгай тоон дээр тооцоо хийе. 2016 оны байдлаар нийт малчин өрхийн тоо 150 мянга.

Харин малын тоо 61.5 сая. Үүний 43 хувь нь 200 хүртэлх, 34 хувь 200-500, үлдсэн 22 хувь нь 500- аас дээш толгой малтай байна. Өөрөөр хэлбэл, нийт мал сүргийн гуравны нэгийг нийт малчин өрхийн дөрөвний нэг эзэмшиж байгаа юм. 2016 онд төрийн өндөр дээд албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт 13 их наяд төгрөгөөр үнэлэгдэх малтай хэмээн мэдүүлжээ. Нөгөөтэйгүүр, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн болон томоохон компаниуд ажилчдынхаа хүнсний хэрэгцээнд зориулж мал худалдан авч, малчин хөлсөлж маллуулдаг. Тэгвэл бэлчээрийн тухай хуульгүй, малын хөлийн татваргүй байх нь ийм компаниудад ашигтай нь мэдээж. Нэг үхэр нэг сая төгрөгөөр зарсан гэж орлогын албан татвар төлөхгүй тэд бэлчээр, усыг үнэ төлбөргүй ашиглах сонирхолтой гэх хар хэнд ч болов өөрийн эрхгүй төрнө. Мөн мянгат малчид, алдарт уяачид, бөхчүүд бэлчээрийг сорчилж нүүдэллэдэг нь нууц биш. Мал аж ахуйд бугшсан далд эдийн засгийн төлөөлөл нь тэд. Өөрөөр хэлбэл, малчид татвараа төлье гээд байхад улстөрчид нь авахгүй гээд байгаагийн учир шалтгааныг эндээс хайхад буруудахгүй.




САНАЛ БОЛГОХ