Компаниуд “Тавантолгой”-н ордоос нүүрсээ ачиж эхэллээ
Мэдээ
Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийж байгаа “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн өмчит “Тавантолгой” компаниуд өчигдрөөс нүүрсээ ачиж эхэллээ. Гашуунсухайт боомтын орчимд үүссэн нүүрсний тээврийн урт дараалал бүрэн арилсан гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх зам 240 км урт үргэлжилдэг. Харин Ганцмодны боомтоор нэвтрүүлэх тээврийн хэрэгслийг цөөрүүлсний дараа буюу наймдугаар сарын сүүлчээр ачаалал хамгийн их буюу 171 км урт цуваа үүсээд байсан юм. Одоогоор Гашуунсухайт боомтоор нэг машиныг 15-20 секундэд нэвтрүүлж байгаа аж. Мөн Засгийн газрын шийдвэрээр Тавантолгой-Цагаанхад- Гашуунсухайт гэсэн маршрутаар нүүрс тээвэрлэхэд компаниудын ачилтын зардал нэмэгдэж байна. Ойролцоогоор нэг тонн нүүрс тутамд 2-3 ам.долларын нэмэлт зардал гарах тооцоо байна гэж “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас мэдээллээ. “Тавантолгой”-н гол экспортлогч “Эрдэнэс Тавантолгой” компанийн тухайд энэ сарын 20-ны байдлаар нийт 8.4 сая тонн нүүрс экспортлоод байна. Үүнээс 5.3 сая тонныг нь Зүүн Цанхиас, 3.1 сая тонныг Баруун Цанхиас экспортолжээ. Олборлолт нь 2017 онд нийт 10 сая тоннд хүрээд байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг Chalco-д нийлүүлж байгаа аж. Одоогоор үнээ шинэчилж чадаагүй, тонн тутмыг нь 59.3 ам.доллараар борлуулж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй