Өмнөх гурав цуцлагдаж, Б.Хурц түр хүлээзнэнэ

Мэдээ


Шинээр томилогдох Элчин сайдуудын нэрийг ойрын хугацаанд яаралтай шинэчлэн оруулж ирэх талаар Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын тэргүүнд хандан албан бичиг хүргүүлжээ. АНУ-д Элчин сайдаар суух Ё.Отгонбаяр, Канадад Н.Чимгүүндарь, Японд Г.Тэнгэр нарыг томилсон УИХ, Засгийн газрын шийдвэрийг хүлээн авахгүй гэдгээ Ерөнхийлөгч долоон сарын дараа албан ёсоор илэрхийлсэн нь энэ юм. Тэгвэл тэдэн дээр сүр дуулиантайгаар томилогдож, БНСУ-д Монголыг төлөөлөх Элчингээр томилогдсон Б.Хурц мөн нэмэгджээ.

Гэхдээ Ерөнхийлөгч Б.Хурцын оронд өөр нэр санал болго гэсэнгүй, харин түр хүлээзнэ гэсэн. Тодруулбал, “Б.Хурцыг Элчин сайдаар томилох тухайд УИХ-тай зөвшилцөх явцад анхаарал татсан олон асуудал яригдсан тул энэ бүхнийг тодорхой болтол Ерөнхийлөгчийн зүгээс түүнийг томилж явуулах боломжгүй” гэж үзсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн уг албан бичигт “Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Монгол Улсаас Америкийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ё.Отгонбаярыг тус тус тохоон томилох тухай асуудлыг УИХ-ын 2017 оны тавдугаар сарын 25-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн.

Гэвч Элчин сайдаар ажиллахаар болсон эдгээр нэр дэвшигчид нь тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй гэж үзэж байгаа зэргийг харгалзан тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй байна. Түүнчлэн Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцээгүй байна.

Иймд эл асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу” гэжээ. Ийнхүү Ерөнхийлөгч шинээр томилогдсон Элчин сайдуудад итгэмжлэх хийж өгөхгүй болох нь тодорхой боллоо. Тэгэхээр Засгийн газраас дээрх эрхмүүдээс өөр хүнийг шинээр нэр дэвшүүлж, Ерөнхийлөгч болон УИХ-тай зөвшилцөхөөс өөр сонголтгүй болж байх шиг байна.



САНАЛ БОЛГОХ