Ц.Бат-Оргил: Дамбжаагийн дүрд тоглохын тулд маш их хичээсэн
Залуус
Хоёрдугаар бүлэг хийгдэнэ. Гэхдээ хэзээ гарах тов тодроогүй
Үзэгчдийг бүтэн улирлын турш байлдан дагуулсан контент болох “Одоогийн нийгмийн нүүр царайг дээр үеийн маягаар дүрсэлсэн” буюу “Оннц дүмд”-ийн талаар тус контентын гол дүрүүдэд дуу оруулсан Ц.Бат-Оргилтой ярилцлаа.
-“Оннц дүмд”-ээр улс төр, нийгэмд болж бүтэхгүй байгааг харуулах бас шүүмжлэхийг зорьжээ. Энэ санаагаа хэрхэн олж, уран бүтээл болгосон бэ?
-Манай багийн залуус энэ төрлийн анимэйшн үзэх сонирхолтой учир хамтарч ямар нэг уран бүтээл хийх тухай ярьж байлаа. Гэтэл Rokit bay буюу Баяраа ах бидэнд санаагаа хэлэхэд тухайн үед болох л юм гээд л өнгөрсөн. Харин тун удахгүй оффистой болсноор Баяраа ахын ярьсан санаа жинхэнэ юм байна гэдэгт итгэж, ажлаа эхлүүлсэн. “Оннц дүмд”-ийн бүх зохиолыг Rokit bay 100 хувь бичсэн. Бид эхэндээ жижиг зөвлөгөө, багахан санаа л нэмэрлэдэг байсан. Зохиолын анхны санаа одоогийн байгаа нийгмийг дээр үеийнхээр ёгтолж харуулах. Гэхдээ яаж харуулах вэ гэдэг нь сонин байлаа. Учир нь энэ төрлийн зохиолтой контентыг өмнө нь хийж байгаагүй. Тиймээс дээр үед одоогийнх шиг ийм нийгэм байсан бол ямар байх бол гэж төсөөлж сэтгэсэн контент болсон.
-Энэ бүтээл дээр ажилласан багийн талаар мэдээлэл өгөхгүй юу. Нэг ангийг хэдий хугацаанд бүтээдэг вэ?
-Хугацааны хувьд янз бүр. Ний нуугүй хэлэхэд, нэгдүгээр ангиа гаргахын тулд гурван сар зарцуулсан. Гэхдээ анхлан анимэйшн бүтээхэд ийм цаг хугацаа зарцуулна гэдэг харьцангуй бага юм. Манай багийнхан өмнө нь “Бор арьст гаамп”, “Эвдэрхий хүн” зэрэг видео клип хийсэнч анимэйшн хийж байгаагүй. “Оннц дүмд” бүтээл дээр бид дөрвүүлээ ажилласан. Ерөнхий найруулагчаар Баяраа ах маань ажиллаж, бүх зохиол, найруулга, нүүрний хөдөлгөөн, дүрийн зураглал, дууны үгийг бичсэн. Харин ерөнхий аниметрээр Анхаа гэж залуу ажилласан. Анхаа бүхий л эффектийн хөгжүүлэлт буюу монтажийг хийсэн бол туслах аниметрээр Тэмка гэж залуу ажиллалаа. Миний хувьд дүрүүдийн жүжиглэлтийг хийсэн. Мөн арын хэсгийн дүрслэл буюу уул, усыг хийхээс гадна хоолойны найруулгыг хийлээ. Дуу оруулсан жүжигчдэд найз нөхөд, олны танил гээд олон хүн тоглосон.
-Дүрүүдийн сонголтын талаар ярихгүй юу. Анхнаасаа зохиол бичихдээ сонгочихсон байв уу. Тухайн дүрүүдийг яг тэр гээд хэлчих эзэнтэй юу?
-Зохиолоо бичиж байхдаа дүрүүддээ хэн хэн тохирохыг бодчихсон байдаг юм шиг байна лээ. Жишээлбэл, эрхий мэргэнд тоглосон Баяраа гэж залуу бий. Яг л түүний зан араншин, байж байгаа байдал нь эрхий мэргэн дүрээрээ мөн. Манай ерөнхий найруулагчийн хардаг өнцөг гэж байдаг. Тэр нь дүрүүдийг яаж энэ хүнд зориулж бичих эсвэл энэ дүрд тухайн хүн тохирох уу гэдгийг маш сайн хардаг. Анх би Дамбжаагийн дүрийг авах гэж хоёр хоног мэрийж, Баяраа ахад гологдсон. Өдөр, шөнөгүй л элдэв янзын хоолой гаргаж, шалгуулна. Уг нь Баяраа ахтай найман жил хуурай ах дүүс явлаа. Надад нэг дүр өгчихөж болно доо. Гэтэл “Болохгүй байна” гээд л халгаасангүй. Харин нэг өдөр нэг залууд Дамбжаагийн дүрийг танилцуулахдаа төстэй хоолой гаргасан юм шиг байгаа юм. Баяраа ах сонсчихоод “Чи нэг хийгээд үз дээ” гэсэн. Тэгж л Дамбжаагийн дүрийг өөрийн болгосноос хойш Сандаг гэх мэт туслах дүрүүдийг шуурхайлаад авсан даа. Тэгэхээр хүндээ зориулж бичсэн дүр ч гэж бий. Зориулаагүй дүр ч гэж байгаа.
Дүрүүд хүмүүст бодит болж харагдаж эхэлж байгаа нь сонирхолтой
-Эхний цувралын үйл явдал бодит байдлаас сэдэвлэсэн үү. Ер нь өнгөрсөн зуны үйл явдалтай харьцуулбал хэдэн хувь нь бодит байдалтай нийцэх вэ?
-Ямааны мах халуун дээрээ гэдэг шиг сенсаац болж байхад нь юмыг шүүмжлэх бол шүүмжлээд, сайшаах бол сайшаагаад гаргавал олон хүнд хүрнэ. Бид хоёр эсвэл гурван жилийн өмнө юу сенсаац болж байсныг санахгүй шүү дээ. Тиймээс цаг хугацаатайгаа зохицож бүтээл туурвих хэрэгтэй гэж үзсэн юм. Сүүлийн ангиудыг анхаарсан бол уран сайхны бүтээл гэдэг утгаараа дүрээрээ олон зүйл илэрхийлэхийг зорьсон. Эхний ангиуд дээр нийгэмд юу болж байгааг хүүрнэсэн бол анги хойшлох тусам хүмүүс дүртэйгээ танилцаж, хэн нь хэн бэ гэдгийг мэдэж эхэлж байгаа юм. Тухайлбал, Дамбжааг баян цатгалан, хараал хэлдэг нөхөр байна гэж боддог байсан бол сүүлдээ гэнэндүү, ахдаа чадуулсан, яахаа мэдэхгүй яваа нөхөр юм байна гэсэн ойлголт авах жишээтэй. “Оннц дүмд” зөвхөн нийгмийг харуулахаас гадна дүрүүдийн зан араншинд анхаарч, дүрээр үзэгчдээ татахыг зорьсон.
-Хүмүүс Дамбжаа, Гомбжаа, Сандаг гээд л дүрүүдийг бодит амьдрал дээр тэр, энэ байна гэж өөрсдийнхөөрөө таамаглаж байна. Тайллыг нь хэлж болох уу?
-Дамбжаа бол тэр, Сандаг бол энэ гэсэн зүйл огт байхгүй.
Хамгийн гол нь эдгээр дүр бодит амьдрал дээр байдаг учраас хэн нэгэнд нааж байгаа нь бид зорилгодоо хүрснийг харуулж байна. Энэ дүрүүд хүмүүст бодит болж харагдаж эхэлж байгаа нь сонирхолтой. Гэхдээ би Дамбжааг “Зэрэг нэмэхийн өмнө” киноны ноёноос эшэлж, дуурайхыг хичээсэн.
-Одоо хүмүүсийн дунд хүлээлт үүсчихлээ. Дараагийн бүлэг хэзээ гарах вэ?
-Хоёрдугаар бүлэг гэж хийгдэнэ. Гэхдээ хэзээ гарах тов хараахан тодроогүй байна. Бид 11 сарын турш амралтгүй ажилласан. Нэг сар амарчихаад эргээд ажилдаа орно доо.
-Контент, үүнийг дагасан франчайз хөгжиж байгаа энэ үед олон нийтэд таниулж чадсан энэ дүрүүдээ цаашид хэрхэн мөнгөжүүлье гэж төлөвлөж байна вэ?
-Төлөвлөгөө байгаа. Яг үнэнийг хэлэхэд ийм санаа төрсөн боловч эхний улирлын турш ширээнийхээ араас ч босож амжаагүй. Хоёрдугаар улирлаас нарийн төлөвлөж ажиллахаар болсон. Удахгүй дүрүүдийн зурагтай футболк худалдаанд гарна. Залуучууд болон компаниудаас хамтран ажиллах маш олон санал ирж байгаа.
-Хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдсэн бэ?
-Эхэндээ өөрсдийн хүчээр, ямар ч гаднын хөрөнгө оруулалтгүй эхэлсэн. Явцын дунд буюу өрнөл хэсэг дээр “Монгол” телевизийнхэн орж ирж, биднийг шууд дэмжсэн. Хөрөнгө оруулалтыг одоохондоо нууц хэвээр үлдээе.
-Гаднын зарим ижил төрлийн контентоос санаа авсан хэд хэдэн зүйл анзаарагдсан. Тухайлбал, South park, Game of thrones гэх мэт?
-Бид зарим контентын хөгжилтэй хэсгүүдээс нь санаа авсан. Харин гол зохиолоо ямар нэг гаднын контентоос хуулбарлаагүй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй