Цагаан олимпийн түүхээс

Мэдээ


Гитлерийн нөлөөгөөр 1936 оны өвөл, зуны олимп хоёул Германд зохиогдсон

Сар гаруйхны дараа БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн олимпийн XXIII олимп нээлтээ хийнэ. Олимп зохион байгуулах сунгаанд хэдэнтээ бүдэрсний эцэст эрхээ авсан солонгосчууд энэ үеэр техник технологийн дэвшлийг олон нийтэд гайхуулахад бэлэн болжээ. Энэхүү олимпод 90 орны 2500 гаруй тамирчин 98 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Түүхийн хуудас сөхвөл өвлийн олимпийн анхны наадмууд тун ч марзан, зохион байгуулалт муутай болдог байв. Гэхдээ он цагийн уртад алдаа дутагдлаа засаж сайжруулсаар өнөөг хүрчээ. Өвлийн спортын төрлүүд эхэндээ зуны олимпийн хатавчинд багтдаг байсан гэх хүн итгэмээргүй баримт бий. 1908 оны Лондоны олимпод уран гулгалт багтсан бол 1920 оны Антверпений олимпод шайбтай хоккей орсон түүхтэй. Гэхдээ өвөл, зуны төрлүүдийг хамтад нь зохиох утгагүй байсан тул Олон улсын олимпийн хороо (ОУОХ) өвлийн цагаан олимпийг тусад нь явуулах шийдвэр гаргаж, 1921 онд Лозаннд болсон хурлаараа анхны эрхийг Францын Шамонид өгчээ.

Ингээд анхны өвлийн олимп 1924 оны нэгдүгээр сарын 26-наас хоёрдугаар сарын 4-ний хооронд зохиогдсон юм. Анхдугаар наадамд 16 орны 258 тамирчин 16 багц медалийн төлөө өрсөлдсөн гэдэг. Францчууд олимпод зориулж трамплин, бобслейн зам шинээр байгуулсан бөгөөд үүнд хоёр сая гаруй франк зарцуулжээ. Энэ мэт нэлээн зардал гаргасан боловч ашиг олох нь байтугай алдагдал хүлээсэн аж. Олимпийн турш ердөө 10 мянган ширхэг тасалбар зарагдсан бөгөөд нийт 88 сурвалжлагч албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ.

Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал олимпийг зохион байгуулахад саад болж байлаа. Баруун Европын хамгийн өндөр уул Монбланы хормойд орших Шамонид арванхоёрдугаар сар гэхэд ямар ч цас унасангүй. Олимпийг хойшлуулах талаар яриа хүртэл гарч байтал удалгүй цас орж, зохион байгуулагчдыг тайвшруулав. Гэтэл хүссэн юм хүзүүгээр татна гэгчээр оройтож орсон цас нь сүүлдээ шуурга болж, хотын зарим хэсэг 1.5 метр хүртэл цасан хунгарт дарагджээ. Олимпийн үеэр ч цаг агаар тавгүй байлаа. Тухайлбал, цанын 50 км-ын марафон уралдааны үеэр хүчтэй цасан шуурга тавьж, тамирчдын тэвчээрийг шалгажээ. Түрүүлсэн Торлейф Хеуг гэхэд замаа гурван цаг 44 минутад дуусгасан бөгөөд сүүлийн хүн түүнээс хоёр цаг хагасаар хоцрон барианд орсон юм. Нийт 23 тамирчин уралдсанаас 12 нь замаа дуусгаж чадсангүй. Анхны цагаан олимп улс төрөөс ангид байгаагүй. Цанын тэмцээний үеэр Аргентин, Эстонийн тамирчид германчуудтай нэг замд уралдахаас татгалзав. Мөн Францын ҮОХ- ноос ЗХУ-д урилга илгээсэн ч үл ойшоосон юм. Зөвлөлтүүд 1956 оноос л өвлийн олимпод оролцож эхэлсэн билээ. Сонирхуулахад, тэрхүү олимпод 16 багц буюу нийт 48 медаль эзэндээ очих ёстой байсан ч үүнээс нэгээр илүүг өгөхөөс аргагүй болсон.

Учир нь гүйлтийн тэшүүрийн 500 метрийн уралдаанд гуравт орж ирсэн хоёр тамирчны хугацаа ижил гарсан тул хоёуланд нь хүрэл медаль гардуулсан юм. Анхны цагаан олимп “Олон улсын өвлийн спортын долоо хоног” нэрийн дор явагдсан бол 1928 оноос эхлэн албан ёсоор өвлийн олимп хэмээн нэрших болжээ. Швейцарын Санкт Мориц хэмээх таван мянган хүнтэй жижиг хот хоёрдугаар олимпийг зохион байгуулсан юм. Энэ олимпод Европ тивийнхэн түлхүү орсон нь мэдээж. Бусад тивээс АНУ, Канад, Аргентин, Мексик, Японы багууд хүрэлцэн иржээ. Энэ удаа оролцогчийн тоо эрс нэмэгдэж, нийт 25 орны 464 тамирчин (үүнээс 26 нь эмэгтэй) зургаан спортын 14 төрөлд 14 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Өмнөх хоёр олимпод сайн, саар зүйл аль аль нь тохиолдож байсан. Тиймээс гурав дахь удаагийн наадам илүү өргөн хүрээг хамарч, илүү өндөр түвшинд зохион байгуулагдана гэж хүн бүр хүлээж байлаа. Гэвч АНУ-ын Лейк-Плэсидэд болсон цагаан олимп олон зүйлээр сөрөг рекорд тогтоосон юм. Ердөө 17 орон оролцсон нь өвлийн олимпийн түүхэнд хоёрт орох (“Шамони-1924”-ийн дараа) тааруу үзүүлэлт болов. Тамирчид 14 багц медалийн төлөө өрсөлдсөн нь хамгийн муу үзүүлэлтийг давтсан байна.

Мөн спортын долоон төрлөөр олимпийг явуулсан нь бүх цаг үеийн хамгийн бага нь болжээ. Ийнхүү тааруу амжилт олныг тогтоосон олимпийг зохион байгуулахын тулд америкчууд сая гаруй ам.доллар зарлагадсан нь тухайн үедээ асар их төсөв байлаа. ОУОХ-ны хартид зааснаар олимпийн наадам улс төрөөс ангид байх ёстой. Гэвч энэ заалт биелэхгүй байх тохиолдол олон. Олимпийн наадам улс төрөөс ангид байж чадаагүйн нэг жишээ нь “Гармиш Партенкирхен-1936” болжээ. Тэр жил нацист дэглэмийн удирдагч Гитлерийн нөлөөгөөр өвөл, зуны олимп хоёул Германд зохиогдсон юм. Гитлер Германы засгийн эрхэнд гараад спортоор дамжуулан нацист дэглэмийн хүч чадлыг дэлхий нийтэд харуулахыг хүсэв. Түүний өмнөөс үгүй гэж хэлж чадах хүч тухайн үеийн ОУОХ-нд байсангүй. Ингээд өвлийн IV олимп Германы Бавари мужийн жижиг хот Гармиш Партенкирхенд болжээ.

Гэхдээ Гармиш Партенкирхений олимп эхлэхээсээ л олны эсэргүүцэлтэй тулгарч байлаа. 1935 онд тус хотод очсон Английн сэтгүүлч, гэрэл зурагчин эр “Еврей хүмүүст энд байх орон зай алга” гэж бичсэн нь дэлхий нийтэд шуугиан тарьсан юм. Спортын хэд хэдэн том зүтгэлтэн олимпийг бойкотлох тухай ярьж, байдал эвгүйтэж ирэв. Харин тэр үед ОУОХ-г удирдаж байсан Анри де Байе-Латур немцүүдтэй ярилцаж, олимпийн үеэр хүний эрх зөрчсөн ямар ч үйлдэл гаргаж болохгүй талаар тохиролцсоноор байдлыг зөөлрүүлсэн юм. Гэхдээ л Америкийн тэшүүрчин, өмнөх олимпийн аварга Жек Ши, Норвегийн тамирчин, “Санкт Мориц-1928”-ын аварга Бернт Эверсен, Францын уран гулгагч, олимпийн хошой аварга Андре болон Пьер Брюне нарын алдартай тамирчид Германы харгис дэглэмийг эсэргүүцэн олимпод оролцохоос татгалзжээ. Хаа очиж олимп цаг агаарын туйлын тааламжтай нөхцөлд явагдсан. Өмнөх олимпуудын үеэр цасан шуурга тавих, хэтэрхий дулаарах, эсвэл цас орохгүй байх зэрэг цаг агаарын гэнэтийн зүйл байнга тохиолдож байсан бол энэ удаа тамирчдыг харж үзсэн юм.

Мөн бүх л тэмцээн уралдаан дүүрэн үзэгчтэй байсан нь олимпийн наадмын үеэр урьд тохиолдож байгаагүй зүйл байлаа. Тэр ч байтугай олимпийн наадмын тухай кино театруудаар гарахад сая гаруй хүн ирж үзсэн тооцоо гарчээ. Хэдийгээр олон улс Германд болсон олимпийг бойкотлохоо мэдэгдэж байсан ч 28 орны 646 тамирчин ирж оролцсон байна. Энэ нь өвлийн олимпийн шинэ рекорд болсон юм. Олимпод оролцож байсан олон тамирчин үүнээс хэдэн жилийн дараа Германы армид багтан фронтод тулалдаж, амиа алдсан түүхтэй. Үүнээс хойш олимп зохиогдолгүй хэдэн жил завсарласан. Шалтгаан нь мэдээж дэлхийн II дайн байв. Дэлхий нийтээрээ дайтаж байхад олимп зохионо гэдэг утгагүй байх нь мэдээж. Харин 1948 онд Санкт Мориц хот тав дахь удаагийн олимпийг хүлээн авсан юм. Швейцарчууд дайнд төвийг сахисан байдалтай оролцсон, улс орон нь дайны хөлд сүйдээгүй давуу талаа ашиглан хоёр дахь удаагаа олимпийн зохион байгуулагчаар тодорсон нь энэ.

Харин 1952 онд Ослод болсон цагаан олимп олон зүйлээрээ шинэлэг, дэвшилттэй байж чадав. Тухайлбал, гүйлтийн тэшүүрийн тэмцээнийг 115 мянган үзэгчийн суудалтай хөнгөний цэнгэлдэхэд явуулжээ. Энэ нь өвлийн олимпийн түүхэн дээд амжилт болсон юм. Мөн тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүс, сэтгүүлчдэд зориулан зочид буудал барьсан нь орчин үеийн тамирчдын тосгоны эхлэл байлаа. Түүнчлэн олимпийн бамбарын буухиаг анх эхлүүлсэн нь амжилттай болсон юм. Үүнээс хойш галт бамбарын буухиа олимпийн наадмын салшгүй нэг хэсэг болжээ. 1956 онд Италийн Кортина-д Ампеццод зохиогдсон ээлжит олимп сайн, саар аль алиныг дагуулсан. Тэр жил Италид хангалттай их цас ороогүй тул хөрш Австриас цас зөөвөрлөн авчирсан аж. Мөн олимпийн тэмцээнийг 22 оронд телевизээр шууд дамжуулан үзүүлсэн нь том дэвшил болсон юм.

Түүнчлэн италичууд олимпийн түүхэнд анх удаа ивээн тэтгэгчийн аварга гэрээг автомашин үйлдвэрлэгч нэгэн компанитай байгуулжээ. Хэрвээ ийм гэрээ байгуулаагүй бол санхүүгийн хямралд орсон италичууд олимпийг зохион байгуулах эсэх нь эргэлзээтэй болж ирэх байв. Спорт, олимпоор дамжуулан мөнгө босгох хамгийн шилдэг аргыг тэд ийн нэвтрүүлжээ. Түүнчлэн энэ олимпоос эхлэн ЗХУ оролцож эхэлснээр өрсөлдөөн улам ширүүссэн юм. Ер нь дэлхийн II дайнаас хойш олимпийн наадмын нэр хүнд дээшилж, улс орнууд өндөр ач холбогдол өгөн оролцох болсон байдаг. Тухайлбал, “Инсбрук 1964”-д тамирчдын тоо анх удаа мянгын босго давснаас гадна цэнхэр дэлгэцээр тэрбум хүн үзэж сонирхсон нь тухайн үедээ аварга амжилт байв. Үүнээс хойш олимп бүр ямар нэг зүйлээрээ шинэлэг, өвөрмөц байдалтай болж, хөгжин дэвжсээр иржээ.




САНАЛ БОЛГОХ