Нялхсаа хайрлаж, карантин тогтооё
Мэдээ
Амбулатори, хүлээн авахад ирсэн хүүхдүүд ор олдохгүй буцаж байна
Хаа сайгүй ханиад хүрч, халуурсан хүүхдүүд. Ор хүлээж, дугаарласан эцэг, эхчүүд дүүргийн эмнэлгүүдийг дүүргэжээ. А хүрээний H2N3 вирусийн гаралтай томуу, томуу төст өвчинд бага насны хүүхдүүд илүү их өртөж, өндөр хэмээр халуурч, уушгины хатгаа тусаж байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс нөхцөл байдал ямар байгааг сурвалжлахаар Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн хүүхдийн эмнэлэгт очлоо. “Өнөөдрийн рентген зураг авах оочер дууссан. Хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн зургийг л авна. Харин амбулаториор үзүүлсэн хүүхдүүд маргааш эрт ирээрэй” гэсээр нэгэн эмч чанга дуугаар эцэг, эхийн дунд зарлал тараагаад яваад өгөв. Рентген зураг авах өрөөний үүдэнд халуурсан, нус нь гоожсон, ханиалгасан, нурмайсан хүүхдүүд аав, ээждээ тэврүүлэн зогсоно.
“Маргааш, маргааш гэсээр ханиад нь улам бүр дордлоо. Яадаг юм билээ” гэсээр аав, ээжүүд арга мухардсан байдалтай, яах учраа олохгүй эмнэлгийн үүдээр гарцгаалаа. Бидний очсон эхний эмнэлэг Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэг байв. Тус эмнэлэг нь 260 хүүхдийн ортой бөгөөд одоогийн байдлаар бүх ор нь дүүрсэн гэдгийг эмчилгээ эрхэлсэн дарга нь хэлсэн юм. Түүнээс нөхцөл байдлын талаар асуухад “Манайд ор дүүргэлттэй байна. Коридорт эсвэл газраар хэвтсэн хүүхэд байхгүй. Та нарыг тасаг руу оруулах боломжгүй” гэв. Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд тус эмнэлгийн коридорт хүүхдүүд ээж, аавтайгаа хэвтэн эмчлүүлж байна гэсэн шүүмжлэл тархсан юм. Энэ мэдээллийн дагууу Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд хүүхдийн эмнэлгүүдэд очиж ажилласан. Ерөнхийлөгчийг ажилласны ердөө маргааш нь коридорт хэвтсэн нэг ч хүүхэд тус эмнэлэгт байхгүй болсон нь үнэндээ гайхмаар үйл явдал.
СУИС-ийн зүүн урд талд байрлах Чингэлтэй дүүргийн эмнэлгийн үүдээр ороход л хүүхдийн уйлах чимээ хаа сайгүй сонсогдоно. Хуучны байртай найман давхар тус эмнэлгийн дөрөв, тавдугаар давхарт нь тус бүр 40 ортой хүүхдийн хоёр тасаг үйл ажиллагаа явуулдаг аж. Дөрөвдүгээр давхарт гарахад эмчийн үүдийг сахингаа хүүхдээ хөхүүлсэн, тэвэрсэн, утсаараа тоглуулж аргацаасан эцэг, эх хөл гишгэх зайгүй шахам байгаа харагдав. Шинээр ирсэн хүүхдүүд өвчний түүхээ нээлгэхээр эмчийн үүдэнд зогсож байсан бол эдгэрээд гарч байгаа хүүхдүүд дэвтрээ авахаар эмчийг хүлээнэ. Хаа сайгүй л нурмайж, уйлагнасан балчир үрс. Хүүхдүүд бүгд л гартаа уян зүү хатгуулсан байлаа. Энэ тасагт хатгаатай, ханиадтай, гэдэс нь өвдсөн гээд янз бүрийн өвчтэй хүүхдүүд байлаа. Хамгийн гол нь, хатгаатай хүүхэд дийлэнх учир цонх онгойлгох боломжгүй. Тиймээс ямар ч агаарын солилцоо байхгүйгээс эвгүй үнэр ханхалж байлаа. Хэвтэх ор олдож, хүүхдүүд эдгэж л байвал тэр зэргийн үнэр танар ч яамай байна гэсэн бодол төрсөөр бид тус эмнэлгийн хүүхдийн тасгийн бага эмчийг даган, тасаг дундуур явж үзлээ. Дөрвөн ортой нэг өрөөнд 1-2 эвхдэг ор нэмж тавьжээ. Ингээд зогсохгүй нэг орон дээр хоёр хүүхдийг хэвтүүлсэн байна. Үүнээс болж өрөөний зай талбай багасаж, хүүхдүүд амьсгалах агаараар дутагдаж байгаа нь илт. Тиймээс зарим нь гэрээсээ агаар цэвэршүүлэгч авчирсан байгаа харагдана. Чингэлтэй дүүргийн XVIII хорооны иргэн Б.Туул “Хүүхэд маань 11 сартай. Гэнэт л бөөлжиж, халуураад эмнэлэгт ирсэн. Давхар ханиад хүрсэн. Эмнэлэг ачаалал ихтэй байна.
Нэг орон дээр хоёр хүүхдийг ээж нарынх нь хамт хэвтүүлсэн байв
Эм, тариа нь ч хүрэлцэхгүй юм. Манай хүүхдийн утлага өнөөдөр эхэлж байгаа. Гэтэл эхний өдрийнхийг эмнэлэг дааж, дараагийнх нь өөрсдөө худалдаж авчир гэсэн. Бас хүүхдээ халуурахаар нь хөвөнд спирт шингээгээд арчих гэтэл хөвөн хүрэлцэхгүй, гэрээсээ захиж, авчруулаарай гэлээ. Бид ийм жижигхэн өрөөнд эвхдэг ортой хүүхэд, эцэг эх нийлээд наймуулаа байна. Арай л хэтэрхий. Жилийн жилд л ийм байдаг. Баар цэнгээний газруудынхаа тоог цөөлж, хүүхдийн эмнэлэг нэмж баримаар юм” хэмээн нэлээд бухимдангуй ярилаа. Энэ зуур эмнэлгийн тасгийн коридороор нэгэн ээж бага эмчид гомдоллож, чанга дуугаар бас л бухимдлаа илэрхийлж байгаа нь сонсогдов. Тэр эмэгтэй “Би нярай хүүхэдтэй. Нэг орон дээр хоёулаа орж чадахгүй. Өнгөрсөн шөнө зогсоогоороо хоносон. Ядарч байна. Ийм байдалтай долоо хонож чадахгүй” хэмээн гомдол мэдүүлэхэд бага эмч хариуд нь “Бүх ээж нар нэг орон дээр хоёулаа хонож байна. Эмнэлэгт хонох гэж ирсэн юм уу. Хоёр хоногийн дараа өөр оронд шилжүүүлнэ. Дуугай бай” хэмээн дээрэнгүй өнгөөр харилцаж байгааг нь сонссон бусад ээж нар ч түүнтэй зэрэгцэн бухимдлаа ирэлхийлж, ямар ч зохион байгуулалт алга хэмээн шүүмжилсэн юм. “Бид хоёр өчигдөр шөнө ирсэн. Ор байхгүй гээд эвхдэг нарийхан орон дээр хүүхдээ унтуулж, өөрөө суугаагаараа хоносон.
Гэтэл өнөөдөр ахиад л ор байхгүй гээд давхар хэвтүүлчихлээ. Нэг, хоёр хоног ингэж байж байгаад тус тусдаа орон дээр оруулна гэсэн тайлбар өгсөн. Ер нь эмнэлгийн орны хүрэлцээ муу байна. Бас эмч, сувилагч нараа ч нэмэх хэрэгтэй. Жил бүр л ийм дүр зурагтай байдаг. Эмчилгээний тал дээр ярих зүйл байхгүй ч гэсэн зохион байгуулалт муу байна. 40-хөн ортой нэг тасагт 75 хүүхэд авахаар байдал ийм байхаас өөр яах вэ. Чингэлтэй дүүрэгт хоёр, гурван хүүхдийн эмнэлэг нэмж баримаар юм. Бас энэ эмнэлэгт янз бүрийн өвчтэй хүүхдүүд нэг дор, нэг өрөөнд холилдоод хэвтэж байна” гэж Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны иргэн Ж.Сарнай хэллээ. Дараа нь бид Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг буюу Хүүхдийн II эмнэлгээр орж, нөхцөл байдал ямархуу байгааг харлаа. Хүүхдийн тасаг руугаа гаднын хүн оруулахгүй хөл хорио тогтоосон байлаа. “Хүүхдүүдэд гаднаас ямар нэгэн халдвар тараахгүй гэсэндээ л ингэж байна” хэмээн тус эмнэлгийн дарга М.Чимгээ учирласан юм. Эднийх хүүхдийн 125, том хүний 180 ортой үйл ажиллагаа явуулж буй. Эмнэлгийнхээ хүчин чадлыг харгалзан, том хүний тасагт хүүхдүүдээ хэвтүүлэх байдлаар зохицуулжээ. Аргаа барсан, халширсан ээж нарт ор олж хэвтэнэ гэдэг ховорхон аз завшаан болжээ. Тэд “Зарим дүүргийн эмнэлэг хатгаатай хүүхдийг ч хэвтүүлэхгүй, гэрээр нь эмчилгээ хий гээд явуулж байна” гэцгээв.
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт хоёр долоо хоногийн өмнөөс эрс өсчээ. Олон улсын стандартад амбулаториор үзүүлсэн хүүхдийн хувь 10 хувиас дээш гарвал дэгдэлт гэж үздэг юм байна. Тэгвэл нийслэлд амбулаториор томуу, томуу төст өвчнөөр үзүүлсэн хүүхдийн хувь 6.6, орон нутагт 5.9 байгааг Эрүүл мэндийн сайд Г.Сарангэрэл мэдээлсэн юм. Гэтэл бодит байдал дээр эмнэлгийн орны хүрэлцээ хүрэхгүйгээс өдөрт нэг дүүргийн эмнэлгээс 200 гаруй хүүхэд гэр рүүгээ буцаж байгаа тоог тооцож үзсэн үү. Үнэндээ ор олдохгүй, гэрээрээ эмчлүүлж байгаа олон мянган хүүхэд байна. Тэднийг оруулаад тооцвол карантин тогтоох хэмжээнд хүрчихсэн юм биш үү. Хэдэн хувиас дээш гарсан тохиолдолд карантин тогтоодог дүрэм журамтайг Эрүүл мэндийн яамны албаны хүмүүсээс тодруулсан боловч “Манайх хариуцахгүй” гээд тодорхой мэдээлэл өгсөнгүй.
Харин Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хүүхдийн эмнэлгээр хоёр Ажлын хэсэг гаргаад явж байна. Нийслэлийн хэмжээнд орны ачаалал 500-гаар нэмэгдсэн. Ачааллыг бууруулахаар насанд хүрэгчдийн тасгийг суллаж хүүхдийн тасаг болгосон” гэв. Жил бүрийн өвөл болохоор л дээр дооргүй томуу, томуу төст өвчний дэгдэлтийг ярьж, дарга нар дүүргийн хэдэн эмнэлгүүдээр явж томуутай “танилцдаг” болсоор удаж байна. Агаарын бохирдол, орчны нөлөөллөөс хүүхдээ яаж ч хамгаалсан яаж ийж байгаад л ханиад хүрч, хатгаа авчихаад байгааг эцэг, эхчүүд хэлж байна. Нөгөөтэйгүүр, хэдэн дүүргийн эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүйд хүрч, эмч, мэргэжилтнүүд нь ч хүчрэхээ байж, туйлдаж байгаа дүр зураг хэзээ хүртэл үргэлжлэхийг хэн ч хэлж мэдэхгүй байна. Тиймээс ядахдаа л төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг барина гээд царцаагаад орхичихсон “араг яс”- нуудаа амь оруулмаар байгааг эцэг, эхчүүд хэлж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй