Хөдөөжсөн хотжилт
Судлаачийн үг
Улаанбаатарыг нөмөрсөн энэ их гамшиг бол хот хөдөөжсөний сонгодог жишээ
Яг одоо Улаанбаатар хот маань гамшгийн байдалд, хог, утаа, машиндаа дарагдсан, хүн амынх нь тоо даацнаасаа хэтэрсэн, явган хүний зам, саад цэцэрлэг бараг үгүй, амтай болгон шүүмжилсэн нэг тиймэрхүү байгаа. Энэ талаар хотын захиргаа, хот төлөвлөгчид санаа сэдэл авмаар шинэлэг санаа дэвжүүлж буйг минь анхааралдаа авна уу. Гадаадын зарим улсад, жишээ нь өндөр хөгжилтэй барууны улсуудад нийслэлд оршин суух эрхтэй, эрхгүй хүн гэсэн зааг, шалгуур байдаг ба түүгээр нь бид нийслэлчүүдээ сонгож суулгадаг загварыг манайд хэрэглэвэл ямар вэ.
ДЭЛХИЙН ХАНДЛАГА
Хүн амын суурьшлын тухайд, хотжилт хэрээс хэтэрч, хотуудад хүн ам өсөлтөө дийлэхгүй үзэгдэл ганц Монголынх бус, дэлхий нийтийнх юм. Хэдхэн тоо дурдахад, эдүгээ хотжилт Энэтхэгийн нийт хүн амын 30 хувь, АНУ, Орост тус бүр 80 хувь, Индонезид 45 хувь, Бразилд 85 хувьд хүрсэн бол хөгжиж буй орнуудад хүн амын бараг тал хувь нь хотод суурьшиж байна. 2025 онд энэ тоо 57-60 хувьд хүрнэ. Латин Америк тэр чигтээ хамгийн их хотожсон бүс нутаг болно. Тэндхийн хүн амын 85 хувь нь хотын иргэд байх бол Африкт 58 хувь, Азид 53 хувь нь хотод суурьших ажээ. Хүн ам нь хэт өссөн дэлхийн 20 том хотын 17 нь хөгжиж буй ертөнцийнх байна.
Заяанаасаа тариaчин удамтай Хятадад гэхэд л 2000 онд хотожсон иргэд нь хүн амынхаа 36.8 хувийг эзэлж байсан бол 2002 онд 39.1 хувь болж, тэгснээ 2003 онд 100 саяар огцом нэмэгдэж 40 хувиас давж энэ үзэгдэл зогсолтгүй тэлсээр. Ийм нөхцөлд манай нийслэлийн хүн ам нэг сая хагаст хүрлээ гэхэд гайхах зүйл ердөө ч алга. Гэхдээ гол ялгаа нь дээрх орнуудад хотжилт нь хөдөөдөө идэгдэж, нийслэл нь тэр чигтээ хөдөөжчихөөгүй. Харин манайд бол эсрэгээрээ. Эдүгээгийн Улаанбаатарыг нөмөрсөн энэ их гамшиг бол хот хөдөөжсөний сонгодог жишээ, хөдөөжилттэй
тэмцээгүйн хор уршиг гэхээс аргагүй. Улаанбаатарын хүн амын 70 гаруй хувь нь хотжоогүй (хөдөөнөөс шилжин ирэгсэд), дундад зуунаараа утаатай бор гэрт өдөр хоногийг өнгөрүүлж байна гэдэг нэг ёсны нийгмийн тамлалт гэлтэй.
ХӨДӨӨДӨӨ ИДЭГДСЭН МИНИЙ ХОТ
Манай нийслэлийн хувьд өнөөх “нүүдлийн уламжлалт соёл иргэншил” гэгч нь орших, эс оршихын их сонголт, сорилт болсныг хотын энэ их утаа, бохирдол, ядуурал, ажилгүйдэл, гэмт хэргийн өсөлтөөс өлхөн харж болохоор. Нүүдлийн мал аж ахуй, аж төрөл, малчны ёс суртахуун, амьдралын нугачааг даах тэсвэр тэвчээр яалт ч үгүй унан доройтож, байгалийн эрхшээл дор сөхөрч, хөгжлийн хурдын аяыг даахгүй нурж байгаа нь өнөөгийн Улаанбаатар биш гэж үү? Хөдөөнөөс нүүн ирэгсдийн эрүүл мэнд, боловсрол, ариун цэвэр, хүүхдийн хүмүүжил, ерөнхийдөө амьдралын эрсдэл хотожсон (хотын унаган) ямар ч иргэнээс олон дахин доогуур байгааг эрдэмтэд, сэтгүүлчид зоригтой тэмдэглэдэг болж. Шүүх, цагдаа, хүчний байгууллагуудын бүртгэлд буй гэмт хэрэгтнүүдийн дийлэнх нь хөдөөнөөс ирэгсэд. Шилжин ирэгсдийн 80 хувь нь нийслэлийн Сонгинохайрхан, Баянзүрх гэх мэт захын дүүргийн гэр хороололд суурьшдаг.
Гэмт хэрэгт холбогдогчдын 80 хувь нь гэр хорооллынхон байдаг тухай цагдаагийн газраас мэдээлсэн. Хөдөөнөөс шилжин ирээд их хотод амьдралаа эмхэлж цэгцлэх нь бүү хэл гэмт хэрэг үйлдэж, нохойн замаар орж буй ганцхан баримт нь энэ 80 хувь гэх тоо юм. Гэмт хэрэгтэй нүүр тулъя гэвэл ихэнхдээ хотын зах, гэр хороолол, хөдөөнөөс шилжин ирэгсэдтэй учрах биз. Чухамдаа нөгөө хотжоогүй дундад зуунаараа яваа хэсэг чинь энэ нийгмийг эрүүгийн шинжтэй болгож, агаар, ус, хөрсний бохирдол, хог шороо гэх зэрэг бүхий л муу муухайгаараа хөлдөө чирч, байна. Тийм учраас тэдний тархинаас хөдөө гэдэг ойлголтыг хуу арилгах хэрэгтэй. Тэгээгүй цагт хот хөдөөний байдлаас салахгүй.
Хот ачаалал ихтэй байгаа ч Үндсэн хуулиараа бид амаа таглууллаа
ХӨДӨӨГИЙН ЯДУУРАЛ ХОТОД
Нийслэл хот урьд хожид байгаагүйгээрээ хогонд дарагдаж, агаар ус нь бохирдлоо гэж ярих нь амны уншлага болж, хэнбугай ч дөжрөхөө больжээ. Зарим нь хөдөөнийхөн хотод орж ирснээс боллоо гэх нь бий шиг. Хөдөөнөөс шилжин ирэгсдийг хязгаарлах хэрэгтэй гэж үзэх хүн олон болж. Гэхдээ ийм хязгаарлалт хийнэ гэвэл Монгол Улсын Үндсэн хуульд хүн хаана амьдрахаа сонгох эрхтэй гэж заачихсан нь саад болно. Улаанбаатарын хүн ам хэт олширч, хот ачаалал ихтэй байгаа ч Үндсэн хуулиараа бид амаа таглуулчихаад байна. Хоноц хоноцоо таалахгүй, хонуулсан хүн хоёуланг нь таалахгүй гэдэг л боллоо. Жилд дунджаар 15-30 мянган хүн хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжиж ирдэг гэх тооцоо буй. Тэдний 51 хувь нь шилжилт хөдөлгөөнөө огт бүртгүүлдэггүй. Шалтгаан нь ердөө л ядуурал. Санхүүгийн боломжгүйгээс гэсэн үг. Социалист нийгмийн үед хүн амын шилжилт хөдөлгөөн гэж бараг байгаагүй нь одоо цагийн өнцгөөс бол дэвшил байж. Тэр ч бүү хэл Улаанбаатар, аймгийн төв орох гэж сумын удирдлагаас “Зам явах хуудас” гэдэг зөвшөөрлийн бичиг авдаг, хэзээ яваад хэзээ ирэх нь хүртэл хяналттай байсан. Нэг хэсэг нийслэл рүү шилжиж буй хүн бүрээс 40-50, хүүхдээс 25 мянган төгрөг авч, санхүүгийн хязгаарлалтаар хотын их өсөлтийг барьж байсан.
Гэтэл хүний эрх зөрчиж байна гэж үзээд үүнийг болиулж, шилжин ирэгсдээс маягтны мөнгө гэх зэрэгт 10 орчим мянган төгрөг л шаарддаг болсон. Тооцоолсноор шилжин ирэгсдийн 30 орчим хувь нь суралцахаар, 40 гаруй хувь нь амьдралаа дээшлүүлэхээр, бусад нь орчноо өөрчлөх, хамаатан садандаа ойртож амьдрах гэх мэт шалтгаанаар нийслэлийг зорьдог байна. Хөдөөнөөс шилжин ирэгсдийн бүдүүлэг, соёлгүйг шогшрохоосоо өмнө орон нутагтаа амьдрах боломж бололцоог нь бүрдүүлбэл сайнсан. Улаанбаатар хотыг зорих нүүдэлчдийн цувааг сааруулахын тулд нүүх хүсэл сонирхлыг нь бууруулах хэрэгтэй. Хөдөө орон нутаг эзэнгүйдэж, сумаас аймгийн төв рүү, аймгаас нийслэл рүү иргэд тэмүүлсээр. Нийслэлд нүүдэллэн ирэгсдийн 40 орчим хувь нь аймгийн төвөөс, 44 хувь нь сумын төвөөс ирж байна. Шилжин ирсэн хүмүүсийн амьжиргааны түвшин нэг их сайнгүй, олны хөлийн газарт ажил хийж, амиа тэжээх хүсэлтэй. Тэдний олонх нь захын зөөгч, хувийн хэвшлийн цайны газар бэлтгэгч, угаагч, барилгын туслах ажилчин болдог. Нэгэнт хотжоогүй, бас боловсрол, мэргэжилгүйн гайгаар бусдын гар хөлийн үзүүрт зарагдах төдийхөн ажил хийдэг. Нүүдэллэн ирэгсдийн тоог нэмж бүртгэсээр Улаанбаатар нэг сая давсан иргэнтэй болж, дэлхийн хэмжээний хот боллоо гэж цээжээ дэлдэж байсныг би тухайн үед нь бахархал гэхээсээ эмгэнэл гэж нэрлэж байлаа.
ХӨДӨӨГӨӨ ЭХЭЛЖ ХӨГЖҮҮЛ!
Ингэхэд хөдөөнөөс шилжин суурьшигчдын энэ их цувааг тогтоон барих арга чарга алга уу? Уламжлалаа дагаад тэд цэнгэг агаартаа малаа адгуулаад аж төрж болохгүй хэрэг үү? Орчин үеийн соёлжсон ертөнцийн сайн сайхан, ядаж тав тухыг хөдөөдөө эдэлж болохгүй гэж үү? Энд улстөрчид, эрдэмтэд элдэв санаа сэдэл хувилбар гаргасаар байна. Дээр доргүй эрчимжсэн мал ахуй, фермерийн аж ахуйн тухай ярьцгаана. Тэр ч бүү хэл, өөр сонголт байхгүй гэж нотлох болсон нь гарцаагүй нүүрлэсэн бодит байдлын өмнө нүүдлийн уламжлалт соёл иргэншил гэгчийн мөхлийг нэг мөр болгоё гэсэн санаа гэж би үздэг. “Нүүдлийн” гэдэг тодотголын дор манайхны уран сайхны сэтгэлгээ нийгэмд ихээхэн чөдөр тушаа болж ирсэн, одоо ч болж байна. Агуулга, хэлбэр хоёрыг холиод байгаад гол бухимдал байх шиг санагддаг. Нүүдлээ халъя гэсэн ниймгийн сэтгэхүй төлөвшиж байна. Үүнийг нийгмийн хөгжил өөрөө тулгаж буй.
Соц нийгмийн үед хүн амын шилжилт бараг байгаагүй нь дэвшил байж
Гэвч Цагаан сарын баярын ууц, найр наадам, тааврын барьцаа болчихоод буй нөгөө бөх, морь, яндашгүй их ардын урлаг, монгол дээл, жанжин малгай, ээтэн гутал нь нүднээ буугаад тэрийг нь булаан авч устгах гэж буй мэт хардлага үүсдэг бололтой. Жилийн дөрвөн улирлын хэдхэн өдөрт (наадмын гурван өдөр, цагаан сарын битүүн, шинийн 1-3-н, балжинням, дашнямтай хурим, хааяа нэг цэнгүүн гэх мэт) торгон дээл, дэгжин тоорцог, ганган бүс, угалзтай гутлаар гоёчихоод, чамин хөөргөөр золгож, халамцахаараа ардын дуу аялж яваагаа нүүдэлчин соёл гэж сэтгэж байгаа бол энэ зүгээр л нэг зугаа цэнгэл, гоёл чамирхал шүү дээ. Энд “бодгаль хүн” гэдэг утгаар өргөн хүрээнд сэтгэх хэрэгтэй. Ядуурал, гуйланчлал, гэмт хэрэг, хотын их утаатайгаа холилдоод явах тухайд бус, монголчууд бид бултаараа XXI зууны даяршлын эриний их давалгаан дунд амьдралын баталгаатай, мөнгөтэй, наад захын соёл, боловсролтой, дэлхийд “Би хэн бэ” гэх мэдрэмжтэй амьдарч чадвал явах хотжилт, бүрэн хотжилт гэж ярьж болох юм. Иймд нийслэлийнхээ энэ их хөдөөжилтийг нэн даруй халах хэрэгтэй. Хөдөөжсөн чигээрээ хотод ирж суурьших гэвэл үл зөвшөөрөх хэрэгтэй. Энд ардчилал, хүний эрхийн асуудлыг хутгаж болохгүй.
Гол нь таны мэргэжил, мэдлэг нийслэлд оршин суулгах нөхцөл мөн үү гэсэн асуултад хариу өгөх явдал гэнэ. Хөдөөнийхнийг нийслэлд оруулж гаргадаг цагийн хуваарь, эсвэл долоо хоногийн тодорхой нэг өдөр байдаг туршлагаас бид суралцаж бас болно. Ер нь нийслэл бол дуртай болгон нь нүүж ирээд зайдлаад байдаг газар биш гэсэн дэлхийн жишгийг мөрдөж яагаад болохгүй гэж. Засаг захиргааны бизнес- эдийн засгийн гэсэн хоёр нийслэлтэй (жишээ нь Вашингтон- Нью-Йорк, Нью Дели-Мумбай, Хаага-Амстердам, Пүтра Жаяа- Куала Лумпур, Бээжин-Шанхай, Бразил-Сан Паулу, Канберра- Сидней гэхчлэн) байх олон улсын жишгийг нэвтрүүлж, Налайх эсвэл, Зуунмодыг засаг захиргааны нийслэл болгоод Улаанбаатарыг бизнесийнх болговол бас нэг гарц байх шиг. Гэхдээ хэтдээ...
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй