Тогтворжуулалтын санг цөлмөж дуусах нь

Мэдээ


Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг хаман авч, зарцуулж байна

Төсвийн тогтворжуулалтын сангийн зарлага энэ онд түүхэн дээд цэгт хүрэх гэж байна. 2017 онд тус сангаас 572 тэрбум төгрөгийн зарлага гаргахаар энэ оны төсвийн тодотголд тусгасан юм. Ингэснээр тогтворжуулалтын санд 15.7 тэрбум төгрөгийн хуримтлал үлдэнэ гэж 2018 оны төсөвт тооцсон. 2014 оныг эс тооцвол, 2011 оноос хойш үе үеийн Засгийн газар төсвийг эрсдэлээс хамгаалах энэ сангийн хөрөнгийг арвижуулахаас өөрөөр гар хүрч байсангүй. Ялангуяа, олон улсын зах зээлд түүхий эдийн ханш унаж, төсөв, санхүүгийн байдал хүндэрсэн 2015, 2016 онд ч энэ жилийнх шиг ийм их хэмжээний зарлага гаргаж байгаагүй. Харин ч хүндэрсэн төсвөөс илүүчлэн, эрсдэлийн санд хуримтлуулж байсныг дараах графикаас харж болно.

Гэтэл энэ онд зарим түүхий эдийн экспортын үнэ, хэмжээ өсөж, татварын орлого нэмэгдсэн. уналт руу шилжсэн макро эдийн засаг эргэн сэргэж, улсын төсвийн орлого нэмэгдсэн энэ үед тогтворжуулалтын сангаас бараг хагас их наяд төгрөгийн зарлага гаргах гэж байна. Ингэснээр сүүлийн жилүүдэд бага ч болов зузаарч байсан уг сангийн хөрөнгийг хуу хамсан гэхэд хилсдэхгүй болгожээ. Төсвийн тогтворжуулалтын сан руу өнгийвөл 2016 оны эцэст тус сангийн хуримтлал 342.1 тэрбум төгрөгт хүрчээ. Үүн дээр энэ онд эрдэс баялгийн орлогоос 242.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх төлөвтэй. Ингээд хүүгийн орлогыг нэгтгэснээр энэ оны эцэс гэхэд тус санд ойролцоогоор 590 тэрбум төгрөг төвлөрөх байсан юм. Гэвч Засгийн газар улсын төсвийн алдагдлыг нөхөхийн тулд сангийн хөрөнгийг хаман авч, зарцуулж буй нь энэ. Уг нь энэ сангийн эрхзүйн орчныг анх бүрдүүлэхдээ хуримтлалыг нь төсвийн алдагдал нөхөхөд зарцуулахгүй байхаар хуульд тусгасан. Гэсэн ч 2016 оны арваннэгдүгээр сард Тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, сангийн хөрөнгийг төсвийн алдагдал нөхөхөд зарцуулж болохоор санаатай өөрчилж, хуульчилсан.

Эрсдэлийн сангаас энэ онд 572 тэрбум төгрөг зарцуулна
Мөн уг сангийн хөрөнгө ДНБ-ий таван хувиас доошгүй болох хүртэл нь шууд хөндөхгүй гэсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтыг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд хүчингүй болгосон тул уг сангийн хөрөнгийг ашиглах эрхийг илүү нээлттэй болгочихсон юм. Ингээд сүүлийн найман жил арай ядан хуримтлуулсан үүцээ эргэн задалж эхэлсэн юм. Бүр энэ оноор зогсохгүй ирэх онд ч тус сангаас зарлага гаргахаар төлөвлөж байна. Тодруулбал, 2018 онд эрдэс баялгийн орлогоос Төсвийн тогтвортой байдлын санд 122.7 тэрбум төгрөг хуримтлуулж, эргээд төдий хэмжээний мөнгийг зарлагадахаар тусгалаа. Анх өөдрөг зорилт агуулж байгуулсан тус сангийн эрхзүйн орчныг энэ мэт өөрчилсөөр байвал чихэнд чимэгтэй нэртэй, сайхан зорилттой сан байгуулах шаардлага байсан уу гэдэг асуулт урган гарна. Өөрөөр хэлбэл, нэг гараараа байшин барьж, нөгөөгөөрөө түүнийгээ нурааж буйгаас өөрцгүй. Төсвийг тогтворжуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийн тулд уг санг анх байгуулсан. Ялангуяа, төсвийн байдал сайжирсан үед эрдэс баялгийн орлогоос тодорхой хувийг хуримтлуулж, тохиож болзошгүй хүнд үед ашиглах зорилготой.

Гэтэл улсын төсвийн нөхцөл байдал харьцангуй сайн, 2016 оныхоос зарим татварын орлого өсөж бүрдсэн ийм үед нөгөө бүсээ чангалах хүнд үед ашиглах эрсдэлийн сангийнхаа үүцийг задалж байгаа нь хэр оновчтой вэ. Бас ирэх саруудад төсвийн алдагдлыг нөхөх хэмжээний санхүүжилт олон улсын доноруудаас ирж, төсвийн тэнцэл харьцангуй сайжрах төлөвтэй 2018 онд ч гэсэн тогтворжуулалтын сангаас мөнгө “саах” гэж байна. Ийнхүү энэ болон ирэх онд тогтворжуулалтын сангаас мөнгө аваад, төсвийн алдагдлаа нөхчихлөө гэж бодъё. Тэгвэл үүнээс хойших жилүүдэд төсвийн тогтвортой байдлаа хэрхэн хангах вэ. Бодлого тодорхойлогчдын өнөөдрийг харж, маргаашаа боддогүйн баталгаа энэ. Дашрамд дурдахад, уг сангийн хөрөнгийг арилжааны банкны тухайн жилийн хадгаламжийн хүүгийн түвшнээс багагүй байх санхүүгийн хэрэгсэлд байршуулахаар хуульчилсан. Үүний дагуу сангийн санхүүгийн хөрөнгийг арилжааны банкуудад байршуулдаг. 2015-2016 онд гэхэд л сангийн хөрөнгийг хугацаагүй хадгаламж хэлбэрээр жилийн 7-9 хувийн хүүтэй байршуулсан. Ингэснээр хүүгийн орлогод 2016 онд 10.1 тэрбум төгрөг төвлөрчээ. Харин 2017 оны эхний есөн сарын байдлаар хүүгийн төлбөр нь 6.5 тэрбум төгрөгт хүрч байсан юм.


САНАЛ БОЛГОХ