Удахгүй томрох аюулын харанга
Мэдээ
Автомашины бохирдлыг багасгахад одооноос анхаарах шаардлагатай
Нийслэлчүүд бид нүүрсний утааг л агаарын бохирдол гэж ойлгоод боож үхэх гэдэг болохоос биш автомашины бохирдлыг огт ойшоодоггүй. Гэтэл автомашин хүч авах, сул асах үедээ хамгийн их бохирдол ялгаруулдаг хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр анхааруулж байна. Бас хүний амьсгалдаг түвшинд бохирдол нь ялгардаг тул эрүүл мэндэд хамгийн аюултай. Ялангуяа, хүүхдэд бүр ч илүү хортой гэдгийг онцолж хэллээ. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар ЖАЙКА-тай хамтарч автомашин, автобуснаас ялгарч буй хорт утаанд хэмжилт хийжээ. Суудлын долоон төрлийн автомашин, том оврын дөрөв, мөн төдий тооны автобус хүч авах болон сул асаах үед яндангаас нь ялгарах азотын дутуу исэл (NO) огцом ихсэж байжээ. Бензин хөдөлгүүртэй Sonata маркын машинаас ялгарах NO нь Toyota болон Huyndai-н бусад төрлийн автомашинаас хамаагүй өндөр байсан байна. Харин дизель хөдөлгүүртэй Land Сruiser автомашинаас ялгарах NO нь Sonata-гийн бохирдлоос хоёр дахин илүү үзүүлэлттэй байжээ. NO-ийн хэмжээ нэмэгдэх тусам амьсгалын систем доголдож, уушги үрэвсэж, дархлаа муудаж, ханиалга, бронхитын эх үүсвэр, цаашлаад хүчлийн бороо үүсгэдэг гэж Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс анхааруулжээ.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 10 гаруй хувь нь автомашин, хөдөлгөөнт тээврийн хэрэгслээс ялгардаг. Хүлцэх хэмжээнээс давсан бохирдол, хорт бодистой орчинд амьдардаг гэдэгтээ дассан нийслэлчүүдэд энэ тоо “маш гайгүй” сонсогддог бололтой. Өөрөөр хэлбэл, эл бохирдлын хожмын үр дагавар, маргааш бий болох гамшгийн талаар хэн хэн нь тун бүдэг бадаг ойлголттой явж байна. Тиймдээ ч энэ талаар анхааруулдаг мэргэжилтэн, албан тушаалтнууд бараг алга. Уг нь агаарын бохирдлыг бууруулах таван зорилттой мастер төлөвлөгөөний гуравдугаарт энэ талаар анхаарч ажиллахаар тусгасан байдаг юм билээ. Автын үзлэг хяналтыг сайжруулж, стандартын шаардлагад нийцээгүй шатахууны импортод хяналт тавих, шингэрүүлсэн түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх, зэргийг тусгажээ.
Харамсалтай нь, эдгээрээс нийтийн тээврийн янданд шүүлтүүр тавих ЗТХЯ, ЖАЙКА-тай хамтарсан ажил л туршилтын шатандаа байгаа юм. Нийслэлд авто замын хөдөлгөөнд орж байгаа тээврийн хэрэгслүүдийг ангиллаар нь үзвэл бас л бараймаар дүр зураг бууж байх юм. 2016 оны жилийн эцсийн байдлаар хөдөлгөөнд оролцож буй нийт 339,626 тээврийн хэрэгслийн 48 хувь нь бензин, 26 хувь нь дизель, 22 хувь нь хосолсон хөдөлгүүртэй бол үлдсэн багахан хэсэг нь хийн түлшээр явдаг. Насжилтаар нь аваад үзвэл 75 хувь нь 10-аас дээш жил ашиглагдсан. 22 хувь нь 4-9 жилийн настай байна. Тэгсэн атлаа үзлэг оношилгоонд дийлэнх нь тэнцэнэ. 2015 онд 294.9 мянган тээврийн хэрэгсэл оношилгоонд орсноос 1484 буюу 0.5 хувь нь л тэнцээгүй гэвэл танд хэр зэрэг үнэмшилтэй сонсогдож байна.
• Автомашин нь хэдхэн жилийн дараа бохирдлын маш том эх үүсвэр болно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна.
• Автомашин сул асаах, хүч авахдаа хамгийн их бохирдол ялгаруулдаг.
• Land Сruiser автомашинаас ялгарах азотын бохирдол хамгийн өндөр хувьтай.
Уг нь бол дийлэнх нь 10-аас дээш жилийн насжилттай шүү дээ. Эсвэл монголчууд олон жил эдэлсэн тээврийн хэрэгслээ шинэ болтол нь арчилж, торддог соёлд хэдийнэ суралцчихсан юм уу. Тэгвэл яагаад өглөөд машинаа цахилгаан, автомат эсвэл мотор халаагч гээд төрөл бүрийн дэвшилтэт техникийн туламжтай, бохирдол багатай халааж болдоггүй юм бэ. Энэ бол иргэдийн ухамсар, хандлагатай шууд холбоотой гэж мэргэжилтнүүд хэлж байна. Ийм төрлийн технологийн үнэ 350 мянган төгрөгөөс эхэлж байх юм. Өөрөөр хэлбэл, төр засгийг утаа бууруулж өгөөч гээд хараад байлгүй өөрсдөө шийдэж болох хувилбар гэсэн үг. “Ядаж л дулаан хучлагатай байхад өглөөдөө 20 биш 10 минут л сул асаана.
Гадаа хонодог нийт автомашины тэн хагас нь цаг уурын нөхцөлдөө таарсан технологийн дэвшил ашиглавал иргэний хувьд утааг буруулахад оруулж буй том хувь нэмэр” хэмээн нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын Хөдөлгөөнт эх үүсвэрийн хэмжилт хариуцсан мэргэжилтэн О.Алтангэрэл ухууллаа. Автомашинаас 260 гаруй төрлийн хорт утаа ялгардаг гэдэг. Үүнээс нүүрстөрөгчийн давхар болон дутуу исэл, азотын болон хүхэрлэг хийнүүдийг манай улс хэмждэг аж. Хамгийн өндөр хувьтай ялгардаг нь азотын хийнүүд. Одоохондоо эдгээр хийн агууламж нүүрсний утаанд дарагдаж, бага мэт харагдаж байгаа боловч хэдхэн жилийн дараа бохирдлын маш том эх үүсвэр болж хувирна гэдгийг салбарынхан анхааруулав. Сар гаруйн өмнө болсон агаарын бохирдлын талаарх мэдээллийг нийтэд түгээх арга зүйн сургалтын үеэр Ж.Батбаяр дарга ч энэ тухай анхааруулж байсан. 2013 онд Европт автомашины гол бохирдол болох азотын давхар исэл 71 мянган хүний цаг бусын үхлийн шалтгаан болсон гэх Европын байгаль орчны агентлагаас гаргасан мэдээллийг саяхан The Guardian сонин дэлгэжээ.
Гэхдээ энэ бол дизель хөдөлгүүрт автомашинд тавьсан хатуу хяналтын үр дүнд буурсан үзүүлэлт хэмээн онцолсон байна. Тиймээс айсуй аюулын харангыг дэлдэхгүйн тулд автомашинтай иргэн бүр, СӨХ, хороо хорин ч ялгаагүй байрны гадаах шатахууны бохирдлыг багасгахад онцгойлон анхаарах цаг хэдийнэ болжээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй