П.Ууганбаяр: “Хундан цагаан” чанартай бас хямд

Би үйлдвэрлэгч

Сүүл олдоц ихтэй учир түүхий эдээр дутна, хомсдоно гэх зовлонгүй

Малын буян их гэж ярьдаг монголчууд бид хонины сүүлээ шаргааж, тос гарган авч, түүнийгээ гар хөл татах, ууц нуруу өвдөх үед болон жирэмсэн эхийн гэдсийг язруулахгүйн тулд эрт дээр үеэс биедээ түрхэж хэрэглэсээр ирсэн. Тэгвэл эх орны экологийн цэвэр бүтээгдэхүүн сүүлэн тосыг жигнэх аргаар боловсруулж, зах зээлд нийлүүлж эхэллээ. Нэр нь хүртэл нэлээн өвөрмөц сонсогдох “Хундан цагаан” хонины сүүлэн тосыг үйлдвэрлэж буй П.Ууганбаярыг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа урилаа. Тэрбээр өөрийн үйлдвэрлэж буй тосоо ямар нэгэн нэмэлт химийн бодис, өнгө будаг ороогүй гэдгийг онцлохын зэрэгцээ шаргаасан тосноос ялгардаг таагүй үнэрийг дарж чадсанаа бахдам дуулгав.

-“Хундан цагаан” сүүлний тосоо хэзээнээс худалдаанд гаргав. Энэхүү бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ?
-Би сүүлний тосоор массаж хийлгэхээр эмийн сангаас тос худалдан авах гэтэл багахан граммтай нь 32 мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэр үед “Сүүлний тос гаргах тийм хэцүү гэж үү” гэж бодсон. Ээжүүд хүүхдээ нялх балчраас нь сүүлний тосоор тосолж өлгийддөг байсан шүү дээ. Ингэхдээ өөрсдөө тосоо шаргаадаг байлаа. Тиймээс бага грамтай нь өндөр үнэтэй санагдсан. Ингээд хүнсний захаас шинэ сүүл худалдан авч, шаргаах гэснээ больж, жигнэж бас болдог тухай хаа нэгтэйгээс уншиж байсан маань санаанд орсон юм. Тиймээс сүүлээ жигнээд үзтэл үнэхээр сайхан цав цагаан тос гарсан. Тэгээд л өндөр үнэтэй тосны дэргэд хямд үнэтэй бас чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж болох юм байна гэсэн санаа төрсөн.

Улмаар захаас нэг кг сүүл авч, жигнээд анхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөө туршиж үзэхийг санал болгосон. Тэдэнд маш их таалагдаж, сүүлний тос үйлдвэрлэж болох юм байна гэсэн урам орж, үйлдвэрлэлээ эхлүүлсэн.

-Та ямар мэргэжилтэй бэ. Энэ үйлдвэрлэлээ эрхлэхээс өмнө юу хийж байсан юм бэ?
-Би санхүүч мэргэжилтэй. Мэргэжлээрээ 30 жил хувийн байгууллагад ажиллалаа. Насаараа л хүний компанид зүтгэлээ шүү дээ. Тиймээс өөрийн бизнесээ эхлүүлэх талаар сүүлийн жил гаруй хугацаанд бодсон юм. Хамгийн чухал нь, Монголд байгаа түүхий эд, материалын нөөцөө ашиглан байгаль орчинд ээлтэй, хүнд хэрэгтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гаргах бодол төрж, анхны бизнесээ сонингийн цаасаар сагс сүлжихээс эхлүүлсэн. Хоёр сарын өмнөөс л “Хундан цагаан”-аа үйлдвэрлэж эхэлсэн. Гэхдээ сүүлний тосны бизнесийнхээ хажуугаар сагсаа сүлжиж байгаа. Бэлгийн багц болгох зорилготой. Өөрөөр хэлбэл, өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдээ сүлжсэн сагсандаа хийж багцлан худалдах бодолтой байна.

-Түүхий эдийн олдцын хувьд санаа зовохгүй байж болох нь. Тэгвэл зах зээлд тантай ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг өрсөлдөгч байна уу?
-Сүүл бол хамгийн их олдоцтой түүхий эд. Надад бүтээгдэхүүнээр дутна, хомсдоно гэсэн зовлон байхгүй. Хэрэв гаднаас түүхий эдээ нийлүүлдэг бол ам.долларын ханшийн өсөлт, татвар гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр түүхий эд, үүнийг дагаад эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр гарч, зах зээлийн үнэ нь бусдаас ахиу болно. Өндөр үнэтэй бүтээгдэхүүнийг хүмүүс худалдан авдаггүй. Тиймээс түүхий эдийн олдцод санаа зовохгүйн  дээр 100 хувь экологийн бүтээгдэхүүн учир ямар нэг хольц хийж, нэмэлт зардал гаргах шаардлага тулгарахгүй. Миний бүтээгдэхүүн химийн найрлагагүй, өнгө будагны хольцгүйн дээр зах зээлийн үнэ хямд, хүний биед ямар ч харшил өгөхгүй эко тос гэдгээрээ давуу талтай.

Өдөрт хамгийн ихдээ 50 ширхэг тос гаргаж байна. Цаашид 1000 болгох эрэлт бий
-Нэг кг сүүл хэдэн төгрөгийн үнэтэй байна вэ. Мэдээж түүхий эдийн үнэ улирлаас хамаарч өсөж бас урууддаг байх. Үнийн савлагаа бүтээгдэхүүний эцсийн үнэд хэр нөлөөлж байна вэ?
-Анх намайг эхэлж байхад нэг кг сүүл 2500 төгрөг байсан бол өнөөдөр 4500-аар худалдан авч байгаа. Үнийн энэ хөөрөгдөл улирлаас хамаарч байна. Өвлийн улиралд сүүлийг их хэмжээгээр хөлдөөгөөд хадгалж болдог. Харин дулаан орохоор муудчих эрсдэлтэй учраас дор бүр нь хямд үнээр борлуулдаг юм. Түүхий эдийн үнэ өслөө гээд эцсийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй. Аль болох тогтвортой, удаан хугацаанд нэг үнээ барьж, зах зээлд хямд бас чанартай бүтээгдэхүүнээр танигдах зорилготой.

-Үйлдвэрлэлээ гэртээ явуулж байна уу. Нэг тос хэдэн төгрөгийн үнэтэй вэ?
-Эхний хэдэн бүтээгдэхүүнээ гэртээ үйлдвэрлэсэн. Гэрийн нөхцөлд үйлдвэрлэл явуулна гэдэг маш хэцүү. Тиймээс жижиг байр түрээслэж байгаа. Одоогоор сүйдтэй ашиг олоогүй ч ирээдүй бол байгаа. Яваандаа ашигтай бизнес болно бодож байна. Үнийн хувьд 140 граммтай тос 10 мянга, 70 граммтай нь 5500 төгрөгөөр борлуулж байгаа.

-Бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг хэрхэн шийдэж байна вэ. Хоёр янзын шилэнд савладаг юм байна. Шилээ яаж олдог вэ?
-Надад эн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал бол шил сав, баглаа боодол. Би сав, баглаа боодол хийдэг Монгол компаниудтай уулзаж үзсэн. Гэтэл миний бүтээгдэхүүнд тохирсон бэлэн сав байгаагүй. Байлаа гэхэд маш өндөр үнэтэй байсан. Бүтээгдэхүүний маань өртөг 2000-3000 төгрөгөөр өсөхөөр байсан. Хятадаас авах гэхээр үнэ нь хямд боловч заавал 5000-10 мянган ширхэгээр нь авах шаардлага тулгарсан. Эргээд л тийм хэмжээний шилийг хадгалахын тулд агуулах түрээслэж, дахин зардал гарах тооцоо гарсан. Тиймээс хүмүүсийн гар дээр байгаа сокны шилийг худалдан авч, дахин ариутган ашиглаж байгаа.

-Та сүүлний тосоо жигнэх аргаар гаргаж авдаг гэж хэллээ. Бусад хүмүүс тантай адилхан сүүл жигнээд тос үйлдвэрлэнэ гэхээс болгоомжлохгүй байна уу?
-Хүмүүүсийг надтай ижил бүтээгдэхүүн үйлдвэрлэчих болов уу гэхээс огтхон ч эмээхгүй байна. Энэ бизнесийг нэлээн хөдөлмөрч хүн л цааш нь авч явна. Түүнээс хэн дуртай нь үүнийг дуурайх боломжгүй. Цуцашгүй их хөдөлмөр хэрэгтэй. Мөн эхний ээлжинд ашиг харахгүй байгаа учраас хямд үнээр борлуулж байгаа.

-Зах зээлийн эрэлт хэрэгцээ хангалттай байна уу. Өдөрт хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үйлдвэрлэл хэдэн хувийн ашигтай вэ?
-Өдөр бүр шинэ сүүл худалдан авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Зах зээл дээр байгаа эрэлтийг гүйцэхгүй байх тал руугаа орсон. Одоогийн байдлаар хоёулхнаа үйлдвэрлэлээ явуулж байгаа учир өдөрт хамгийн ихдээ 50 ширхэг тос гаргаж байгаа. Эрэлт өндөр байгаа учир хэдэн жилийн дараа үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өдөрт 1000 ширхэг тос үйлдвэрлэх хэрэгцээ бий болно. Гэхдээ дөнгөж эхэлж байгаа бизнес учраас шууд л их хэмжээний зээл авч, тоног төхөөрөмж суурилуулж, үйлдвэрийн байр түрээслэх хэрэггүй гэж бодож байна. Эхлээд бизнесээ А-Я хүртэл гарамгай хийдэг болох нь зөв болов уу. Үйлдвэрлэлийн бүх хөрөнгө оруулалтыг өөрийн нөөц боломжоор санхүүжүүлсэн. Одоогоор нэг ч төгрөгийн зээл аваагүй байна. Ашгийн тухайд өнгөрсөн хоёр сард тус бүр нэг сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх гэхээр мөнгө, ажиллах хүчин, ажлын байр байхгүй гээд хүмүүс зүгээр суугаад байдаг. Гэхдээ бизнесийнхээ эхлэлийг тавьсан байхад болно шүү.

-“Хундан цагаан” гэдэг нэрийг та өөрөө бодож олсон уу?
-Монголчууд дөнгөж төрсөн хүүхдэд өсөж, үржихийг бэлгэдэж хундан цагаан хонь бэлэглэдэг шүү дээ. Мөн ашиг, орлого нь өөдөө, аз хийморьтой байхыг бэлгэшээдэг учир энэ нэрийг өөрөө бодож олсон.

-Сүүлний тос нь хүний биед ямар ач тустай вэ?
-Дархлааг сайжруулах, биеийн тамир тэнхээг сэргээх, арьсыг нөхөн төлжүүлэх гэх мэт маш олон талын ашиг тустай. Монголчууд эрт дээр үеэс л сүүлний тосыг хэрэглэж ирсэн. Хонины сүүлэнд ханаагүй тосны хүчил их, тэжээллэг чанар, кальци, уургийн агууламж өндөр агуулагддаг төдийгүй Д, С,А, К амин дэм байдаг. Эдгээр нь хүний арьсыг чийгшүүлж, арьсанд гүн шингэж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлэх, тэжээллэг хүчлээр хангаж арьсыг зөөлөн болгодог. Ялангуяа, хялгасан судасны ханыг бэхжүүлж, цусанд холестрин хуримтлагдах, судас хатуурахаас урьдчилан сэргийлэх гэх мэт олон талын ач холбогдолтой.

-Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, тэмээний чөмөгний тос бас үйлдвэрлэжээ. Хэзээ худалдаанд гарах вэ?
-“Галбын улаан” гэдэг нэртэй тэмээний чөмөгний тосыг туршилтаар үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнээ ойрын хугацаанд худалдаанд гаргахаар зэхээд байна. Энэ тос нь сүүлний тосноос ялгаагүй маш эрэлттэй бүтээгдэхүүн болсон. Өндөр настнууд ясны сийрэгжилтээс болж, үе мөч нь янгинаж өвддөг тохиолдол их. Мөн түлэгдэлт, шарх, сорви, жирэмсний язралт, нуралт, хэвтрийн өвчтэй хүмүүсийн нуруу цоорохоос сэргийлдэг маш сайн бүтээгдэхүүн. Тосоо мөн л сүүлнийх шиг бага температурт жигнэж гаргаж авч байна. Хэмжээний хувьд “Хундан цагаан”-тай адил боловч 5000 төгрөгийн ахиу үнэтэй. Эдгээр бүтээгдэхүүнийг маань гаднынхан ихээр сонирхож, худалдан авч байгаа учраас тос хэрэглэх заавар, орцоо англи тайлбартай бас гаргаж байна.




САНАЛ БОЛГОХ