Хориг их нүүдлийг зогсоосонгүй
Мэдээ
Шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ч хотод суурьшин ирэгсэд нэмэгдсээр
Дархан-Уул аймагт амьдардаг нэгэн гэр бүл Улаанбаатар хотод шилжин суурьших шаардлага тулгарчээ. Учир нь нөхөр нь амьдралаа сайжруулахын тулд БНСУ руу гурван сарын гэрээгээр явахаар болсон юм. Тиймээс эхнэр нь эмээгээ бараадан хамт амьдрахаар хот руу ирсэн байна. Улмаар эмзүйчийн ажилд оржээ. Ингээд нэгдүгээр ангийн хүүхдийнхээ сургуулийг хот руу шилжүүлэх гэтэл шилжилт хөдөлгөөн хязгаарласан гээд харьяа сургууль нь бүртгэж авахаас татгалзсан байна. Хүүхдээ сургуульд оруулахын тулд хамаатны эгчийгээ гуйж, хашаа байшингийнх нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр хамтран эзэмшигч гэж бичүүлснээр асуудлыг шийджээ. Бас нэгэн жишээ дурдъя. Сэлэнгэ аймгийн Бугант сумаас тэтгэврийн хөгшчүүл хотод сургууль соёл дүүргэж, ажил эрхэлж яваа гурван хүүхэдтэйгээ ойр байхын тулд Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд айлын хашаанд гэрээ барин суурьшжээ. Шилжилт хөдөлгөөнийг хориглосон учир тэтгэврийн хэдэн төгрөгөө авахын тулд хөдөө байдаг хамаатныхаа хүнд итгэмжлэл бичиг хийж үлдээсэн байна. Тэр хүн сар бүр мөнгийг нь авч, хот руу шилжүүлдэг “үүрэгтэй” болсон аж. Агаарын бохирдлыг бууруулахын тулд шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр бодит амьдрал дээр биеллээ олж байна уу, эсвэл нэр төдий ажил болов уу гэдэг нь эндээс харагдана.
Үндэсний статистикийн хорооны сүүлийн дөрвөн жилийн хүн амын шилжилт хөдөлгөөний мэдээллийг харахад жил бүр 30- 40 мянган иргэн орон нутгаас нийслэлд албан ёсоор шилжин ирдэг байна. Ингэж хот руу нүүдэллэх иргэдийн тоо жилээс жилд хурдацтай өссөөр өнөөдөр Улаанбаатар хотын хүн ам 1.4 саяыг даваад буй. Хэдийгээр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан ч хөдөө орон нутгаас хотод суурьшин ирэгсэд нэмэгдсээр байгааг дээрх хоёр жишээнээс харж болохоор. Тэгэхээр хотын иргэдийн бодит тоо хэд хүрсэн, үүнээс хэдэн хувь нь гэр хорооллын иргэд байгааг бүрэн тооцоолоход бэрх. Тэгвэл багахан хэмжээний тоо бодоод үзье. Нийслэлийн 1.4 сая хүн амын 230 орчим мянган өрх нь гэр хорооллынх. Нэг өрх дунджаар 3-6 ам бүлтэй гэж тооцвол хотод амьдарч буй нийт хүн амын 56.6 хувийг гэр хорооллын айлууд эзэлж байна. Үүн дээр өдөр, сар, жил тутамд нийслэлийг зорьж буй албан бус оршин суугчдын тоог нэмбэл бараг 60 хувь хол давах байх. Ийн хотын хүн амын тоо хурдацтай өсөж, үүнээс улбаалан шинэ суурьшлын бүс бий болохын хэрээр гэр хороолол, яндангийн тоо улам нэмэгдсээр.
Орон нутгаас нийслэлд оршин суухаар 9567 иргэн шилжин иржээ
Харин үүнийг зогсоох, агаарын бохирдлыг бууруулах нэг шийдэл нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах гэж хотын удирдлагууд үзсэн боловч үнэндээ бодит үр дүнд хүрч байна уу гэдэг нь сонирхолтой. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргасан мэдээлэлд дурдсанаар дээрх шийдвэр хэрэгжсэнээр 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар орон нутгаас нийслэлд байнгын оршин суухаар нийт 9567 иргэн шилжин иржээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11552 иргэнээр бага байгаа аж. Өөрөөр хэлбэл, хотын агаарын бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг гэр хорооллын яндангийн тоог бодитоор хязгаарлаж чадсан арга хэмжээ боллоо, сүүлийн 27 жилд гарч байгаагүй эерэг үр дүн хэмээн хотын удирдлагууд сайшааж сууна. Нийслэлийн Засаг дарга С.Батболд хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан. Ингэхдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авч байгаагаас бусад иргэдийн нийслэл рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.
Тэгвэл эл шийдвэрийг зарим иргэн Үндсэн хууль зөрчсөн хэмээн буруушааж, үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзэж байгаа юм. Учир нь, Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хаана амьдрахаа өөрөө сонгох ёстой гэсэн эрхийг нь зөрчиж байна гэж иргэд үзэж байна. Тиймээс хотын даргын гаргасан эл шийдвэр үргэлжлэх эсэх талаар нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяраас тодруулахад “Шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр 2018 оны нэгдүгээр сарын 1-нээр дуусгавар болно. Үргэлжлэх эсэхийг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн тайлбар өглөө.
Хотын оршин суугчдын хэт өсөлт нь хот төлөвлөлт, байгаль орчинд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болгох, замын хөдөлгөөнд түгжрэл үүсгэх, хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамж доголдох гэхчлэн эдийн засаг, нийгмийн бүх талын харилцаанд хүндрэл учруулж байгаа. Хамгийн чухал нь, үүний эсрэг бодит ажил хийж хэрэгжүүлэх гарц шийдлийг ухаалгаар харах менежмент дутагдаж байгаа юм. Үнэндээ шилжилт хөдөлгөөн хязгаарлалаа гээд хотын утаа, түгжрэл буурсангүй. Нийслэлийн Агаарын чанарын албанаас орон нутгаас нийслэлд шилжин ирэгсэд гэр хорооллын бүсэд жил бүр 300-400 яндан шинээр бий болгож байгааг мэдээлсэн. Энэ хэвээр жил бүр 300-400 яндан нэмэгдэж, арга хэмжээ авах ёстой төрийн түшээд нь шилжилт хөдөлгөөн хязгаарлах гэх мэт ядмаг аргаар яндангийн тоог бууруулсан гэж мэдэгдсээр байвал хэдхэн жилийн дараа улаанбаатарчууд угаартаж үхэхэд гайхах хэрэггүй болох нь.
Түүнээс гадна, саяхан хотын дарга тэргүүтэй нийслэлийн удирдлагууд энэ жилийн шилдэг ажилтнаар шалгарч, өргөмжлөл, цом гардан авч байгаа фото зураг “Ард түмэн нь утаанд, аз жаргалын эзэд нь “Хангарьд”-д гэсэн тайлбартайгаар олон нийтийн сүлжээнд тархаж, иргэд ямар гавьяа байгуулсан гэж шагнуулдаг байна хэмээн шүүмжилсэн. Иргэдийн бухимдал ингэж дээд цэгтээ хүрчихээд байхад хотын удирдлагуудад шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахаас өөрөөр агаарын бохирдлыг шийдэх дорвитой ажил хэрэгжүүлэх сэтгэл алга уу.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй