Х.Баттулга: Утаагаар бизнес хийдэг бүлэглэлүүд гарч ирсэн
Мэдээ
Ерөнхийлөгч Х.Баттулга нийслэлийн агаарын бохирдолд “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлсэн. Энэ талаараа тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга сэтгүүлчдэд хандан хэлэхдээ “Өнөөдөр утааны асуудал онцгой анхаарал татаж байна. Үүнийг жил бүр ярьдаг. Би ЗТБХБ-ын сайд байхдаа буюу 2010 онд утааг цогцоор нь шийдэх боломж байна гэж санал, шийдэл гаргаж байсан. Нийт баялгаа судалж, тооцоолж, түүний хоёр хувиар мөнгө босгож, хөдөөгөө хөгжүүлж, хөдөөнөөс ирэх урсгалыг зогсооё. Ингэхийн тулд хөдөө хүн амьдарч болох ахуй, орчинтой байх ёстой. Малын гаралтай түүхий эд нь борлогддог байх ёстой. Хотоо нүүлгэн шилжүүлж, дагуул хотуудыг бий болгоё гээд “Хоёр хувь” гэсэн танилцуулга хийж байсан. Харамсалтай нь утаатай холбоотой зовлон дээр бизнес хийдэг улс төр, бизнесийн бүлэглэлүүд гарч ирсэн. Тэд өнөөдөр 147 тэрбум төгрөгийг утааны эсрэг, утаа багасгана гэсэн нэрээр завшсан. 100 орчим сая ам.долларыг мөн утаагүй зуух зэрэгт хэрэглэсэн. Би Ерөнхийлөгч болсныхоо дараахан “Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулган” хийсэн. Удахгүй утаатай залгах тул утааны асуудлыг авч хэлэлцээч, ямар арга, шийдлүүд байна вэ гэсэн сэдвээр тэр чуулганыг хийсэн. Харамсалтай нь ажил болгоогүй” гэлээ. Үндсэн хуулийн 25.2-т УИХ-д “Онц байдал” зарлах онцгой эрх байдаг аж. Ерөнхийлөгчийн явуулсан саналын дагуу УИХ хэлэлцээд “Онц байдал” зарлах эсэхийг шийдэх аж.
Б.Сэлэнгэ
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй