УИХ агаарын бохирдлыг чухалчлав

Мэдээ


УИХ утааг бууруулах асуудлаар тусгайлсан Ажлын хэсэг байгуулж, ажиллахаар боллоо. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны дараа УИХ-ын даргын зөвлөлийг яаралтай хуралдуулж утаа, агаарын бохирдлыг бууруулах талаар УИХ-аас гаргасан шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг судлан, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулна. Ажлын хэсэгт бүх байнгын хороодын төлөөллийг оролцуулахын зэрэгцээ шуурхай ажиллуулж, утааны асуудлыг УИХ тусгайлан хэлэлцэхээр болов. Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд “Утааны асуудал үнэхээр анхаарал татсан, онцгой асуудал байсаар байна. Энэ асуудал дээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, МАН, АН, МАХН гэх мэтийн ялгаа байхгүй. Нэгдмэл бодлого, зорилго, үйл ажиллагаа хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэдээс санал хүсэлт, мессеж, утасны дуудлага маш их ирж байна. Иргэдийн бухимдах нь аргагүй. Утаа, агаарын бохирдлоос үүдэлтэй амьсгалын замын болон бусад өвчлөл эрс нэмэгдсэн. Энэ нь эрүүл мэндийн салбарт нэлээд ачаалал үүсгэж байна. 2018 оны улсын төсөвт цахилгааны үнийн нөхөн төлбөрт 20 гаруй тэрбум төгрөг, агаар цэвэршүүлэх, утааг бууруулах тоног төхөөрөмжийн санхүүжилтэд тодорхой эх үүсвэр баталж өгсөн. 2016 оны намар УИХ утааны асуудлаар Засгийн газрын мэдээллийг сонсож, тодорхой чиглэл үүрэг өгч байсан. Үүнийхээ хэрэгжилтийг авч үзмээр байна” гэлээ.


САНАЛ БОЛГОХ