Хуулийн цоорхойгоор гоожсон хуурамч шатахуун
Мэдээ
Газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импорт татваргүй
Нефть нэрэх үйлдвэргүй атлаа Монгол Улсын шатахууны түүхий эдийн импорт өсчээ. Керосин, нафта зэрэг газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний импорт илт дээшилснийг гаалийн мэдээллүүд харуулж, албаныхны анхаарлыг татаж эхэлсэн байна. Сүүлийн 10 жилийн газрын тосны бүтээгдэхүүний импортын мэдээллийг сонирхоорой. Одоогоос арав гаруй жилийн өмнө буюу 2007 онд энэ төрлийн нэмэлт бүтээгдэхүүний нийт импортод эзлэх жин бага, импортын муруйд бараг үл анзаарагдмаар дүр зурагтай байв.
Гэтэл үүнээс хойш алгуур дээшилж, 2013 оноос өсөлт нь эрчимжжээ. Өнгөрсөн онд гэхэд газрын тосны бүтээгдэхүүний нийт импортын 16 хувийг дайвар бүтээгдэхүүн эзэлснийг ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Өнгөрсөн оны 11 сарын байдлаар гэхэд 47 мянган тонн керосин импортолсон бол өнгөрсөн онд үүнээс бараг хоёр дахин ихийг хилийн чанадаас худалдан авсан байна. Тэгвэл ийм их хэмжээний химийн бодисыг газрын тос боловсруулах ганц ч том үйлдвэргүй Монгол Улс юунд ашигладаг юм бол гэсэн асуулт урган гарна. Энэ төрлийн түүхий эдийг зарим бүтээгдэхүүний дулаан ялгаруулах чадварыг сайжруулахын тулд хольж, хуурамч шатахуун үйлдвэрлэх тохиолдол зарим улсад гардаг. Ийм үйлдвэрлэл манай улсад өрнөж буйг ч салбарын яамнаас үгүйсгэсэнгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүний импорт илт өссөн үе нь газрын тосны бүтээгдэхүүний татвар нэмсэн хугацаатай давхцаж байгаа юм. Уул уурхайн түүхий эдийн үнэ уруудаж, улсын төсөв дэх уналтын цоорхойг нөхөхийн тулд газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг сүүлийн жилүүдэд өндөр түвшинд хадгалсан.
2013 онд нийт татварын хил дээрх бүтээгдэхүүний өртөгт эзлэх хувь гурав байсан бол 2015, 2016 онд 19-34 хувь болтлоо эрс өсчээ. Ингэж шатахууны импорт дахь татварын дарамт нэмэгдсэн. Дайран дээр давс гэгчээр ам.долларын ханш чангарсан нь гадаад валютаар худалдан авсан бүтээгдэхүүнээ төгрөгөөр борлуулдаг импортлогчдын халаасыг ч багагүй цоолжээ. Энэ хэрээр шатахууны зарим компанийн ашиг багассан юм. 2016 оны эхний хагас гэхэд шатахууны компаниуд таван хувийн ашигтай ажиллажээ. Мөн оныхоо долдугаар сард алдагдал хүлээсэн. Энэ төрлийн бүтээгдэхүүний өртгийн 51 хувийг импортын худалдан авалт, 34 хувь нь татвар, 16 хувь нь үйл ажиллагааны бусад зардал эзэлсэн байгаа юм. Төр ингэж татвар өндөр ногдуулсан атлаа үнээ өсгөхгүй байхыг шаардсан. Ашгийн хэмжээ нь хумигдсан тул зарим аж ахуйн нэгж хуулийн цоорхойг ашиглаж эхэлжээ. Учир нь энэ төрлийн бүтээгдэхүүний татан авалтад Монгол Улс ээлтэй юм гэхээс аргагүй. Газрын тосны үйлдвэрлэлийн завсрын бүтээгдэхүүний импортод татвар ногдуулдаггүй хуультай.
Онцгой албан татварын тухай хуульд энэ тухай зохицуулалт байхгүй. Тэр бүү хэл, харьцангуй аюултай энэ төрлийн бодис импортлоход тусгай зөвшөөрөл ч шаарддаггүй. Ийм ээлтэй орчин эргээд хуурамч шатахуун үйлдвэрлэх таатай хөрс болж байна. Гэтэл энэ төрлийн бодисын хольцтой хуурамч шатахуун нь байгаль орчин, иргэдийн эд хөрөнгөнөөс эхлээд бизнесийн орчинд хүртэл сөрөг нөлөөтэй. Тухайлбал, керосин бол гэрэлтүүлэгт ашигладаг бүтээгдэхүүн. Аль XIX зуунд тракторын хөдөлгүүрт ашиглаж байсан нафтаг өдгөө зөвхөн нисдэг тэрэг, онгоцны сэнс цэвэрлэхэд л хэрэглэж буй. Гэтэл олон улсад хэрэглээ нь хэдийнэ хумигдсан бүтээгдэхүүний импорт манайд өссөөр байна. Энэ төрлийн түүхий эдийн хольцтой хуурамч шатахуун нь авто машины эд ангиас эхлээд агаарын бохирдолд хүртэл шууд сөргөөр нөлөөлдөг. Цаашлаад шударгаар татвар төлж буй бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд ч халтай. Иймд энэ бохир бизнесийн үйл ажиллагааг илрүүлэхийн тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа тухай албаны хүн мэдээлсэн.
Мөн одоогоор ямар ч мэдээлэл өгөх боломжгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хариу өгөв. Үүнээс гадна хуурамч шатахууны үйлдвэрлэл болон дайвар бүтээгдэхүүний импортыг хумих хууль эрхзүйн гаргалгааг ч албаныхан олжээ. Монголын хилээр сул чөлөөтэй нэвтэрч буй завсрын бүтээгдэхүүнд импортын татвар ногдуулах эрхзүйн баримт бичгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан боловсруулж, холбогдох тооцоог хийлгэхээр дөнгөж Сангийн яаманд хүргүүлээд байна. Энэ хүрээнд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж байгаа юм. Ингэснээр татварын бааз сууриа тэлж, улсын төсвийг чиглэх орлогын хэмжээгээ өсгөөд зогсохгүй хуурамч шатахууны үйлдвэрлэлд ч цэг хатгаж чадна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй