Буруу улстөржвөл бүгдээрээ нийлж байшингаа шатааснаас ялгаагүй
Мэдээ
Томчуудын мэндчилгээ чин сэтгэлийн үг үү, гоё үгийн цуглуулга уу
Бид 2017 оныг их хүлээлтээр үдэж, 2018 оныг горьдлогоор угтаж байна. 2016 оны сонгуулийн үр дүнгээр эрх барьж буй МАН- аас бүрдсэн олонхтой парламент бүрэн эрхийнхээ хоёр дахь жилдээ орж байгаа бол, тэдний томилсон хоёр дахь Засгийн газар ажиллаад хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ жилийн хувьд улс төрийн сонгуульгүй, төлөх ёстой тулсан өр зээлгүй (Чингис бонд, Самурай бондыг эргэн төлөх эх үүсвэрийг шийдвэрлэсэн) тул улс төрийн амьдралын төлөв амьсгаа уужуу байж, ажил хэрэгч хандах боломжтой юм. Дээрээс нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийх нэмэлт санхүүжилттэй. Үүнд Японы Засгийн газрын 850 сая ам.долларын дэмжлэг, БНСУ-аас 300 сая ам.доллар, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны нэмэлт санхүүжилтүүд бий. Гэлээ гээд хөлөө жийгээд санаа амар сууна гэсэн үг биш.
Ард иргэдийн хүлээлтээс үүдэлтэй горьдлогын хамрах хүрээ том, агуулга нь илүү өргөн болж байгаа. Шинэ оны босгон дээр Төрийн гурван өндөрлөг ард түмэндээ хандаж хэлсэн мэндчилгээнд өрхийн орлогыг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэн, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах талаар онцолж байлаа. Томчуудын мэндчилгээ чин сэтгэлийн үг мөн бол болох сонгуульгүй, барагдуулах төлбөргүй таатай нөхцөлийг зөв ашиглах боломжтой. Харин эс чадвал хий хоосон гоё ганган үгсийн цуглуулга хэвээрээ цаасан дээр үлдэн, сонгуулийн өмнөх жилтэйгээ золгож мэднэ. Тийм магадлал ч өндөр. Учир нь энэ сарын эхнээс хэрэгжиж эхэлсэн татвартай холбоотой зарим хуулиуд дундаж орлоготой иргэдийн халаас руу шууд гар дүрсэн шийдвэр болсон. Тодруулбал, Монгол Улсын төсвийн орлогын 86.7 хувь буюу 6,2 их наяд төгрөгийг татвар, үлдэх 13.3 хувь буюу 962,5 тэрбумыг татварын бус орлогоор бүрдүүлэхээр 2018 оны төсвийг батлаад буй. Үүнд 1.5 сая төгрөгөөс дээш орлоготой иргэдээс шаталсан байдлаар нэмж ногдуулах ХХОАТ, Нийгмийн даатгалын шимтгэл, автобензин дизелийн түлшний онцгой албан татвар зэрэг нь иргэдийн хэтэвчин дэх мөнгөнд шууд нөлөөлөх буй за.
Мөн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өчигдрөөс эхлэн өдөөж эхэлсэн нь бензиний үнийн өсөлтөөс харагдана. Харин парламентын түвшинд юун түрүүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжилттай хийж чадах эсэх нь хамгийн том хүлээлт. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг орон даяар нийт ард иргэдээр хэлэлцүүлэх ажил өндөрлөөд байна. Нийт 327375 саналыг иргэдээс авч, үр дүнг нь нэгтгэсэн. Харин одоо улс төрийн намуудын саналыг авчихвал төслийг өргөн барина. Тэгвэл энэ хугацаа шинэ оны албан ёсны ажлын өдөр эхэлсэн буюу өчигдрөөс гүйж эхэллээ. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн саналаас онцолбол Ерөнхийлөгч парламентыг тараах эрхтэй байхыг олон нийт дэмжсэн.
• Энэ жилийн хувьд улс төрийн сонгуульгүй, төлөх ёстой тулсан өр зээлгүй тул улс төрийн амьдралын төлөв амьсгаа уужуу байж ажил хэрэгч хандах боломжтой юм.
• Парламентын түвшинд юун түрүүнд Үндсэн хуулийн өөрчлөлтийг амжилттай хийж чадах эсэх нь хамгийн том хүлээлт
Гэхдээ хууль санаачлах эрхийг нь хязгаарлах ёстой гэж үзжээ. Харин Ерөнхий сайдад Засгийн газрын гишүүдээ өөрөө томилж, огцруулах эрхийг нь өгөх ёстой гэсэн байв. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдох иргэний насыг нэмэгдүүлэх, парламентын хоёр танхимтай болох талаар иргэд саналаа дэвшүүлээд буй. Товчхондоо бол их улс төрийг эрүүлжүүлэх вакцин нь энэхүү Үндсэн хуулийн өөрчлөлт байх учиртай юм. Мэдээж, зэрэгцээд сонгуулийн хуулийг өөрчлөх асуудал бий. Гэхдээ шинэ УИХ бүрэлдсэн цагаас яригдаж эхлээд бүрэн эрхийн хугацаа нь дуусах буюу сонгуулийн жилдээ баталдаг нь бас бичигдээгүй хууль тул энэ онд төгс үр дүнг тус хуулийн төслөөс хүлээх шаардлагагүй л болов уу. Харин төслийг боловсруулахаас эхлээд батлахаас наагуурх явц их тул 2018 он нь үүнд зориулагдаж таарна.
Түүнээс гадна сүүлийн үед парламентын түвшинд хамгийн их маргаан дагуулж буй банкны хуулиудыг хэрхэн батлахаас санхүүгийн салбарын шинэчлэл хамаарна. Монголбанк УИХ, Засгийн газраас хараат бус ажиллах уу, арилжааны банкууд дэргэдээ охин компанитай байх уу, гадаадын банкны салбар Монголд нээгдэх эрх зүйн орчин бүрдэх үү… гээд олон асуудал банкны салбарын багц хуулиас хамаарах юм. Гэвч хуулиудыг боловсруулах Ажлын хэсгийн хүрээнд ч байр сууриа нэгтгээгүйгээс гадна Ардчилсан намын завсарлага нэмэгдсэнээр уг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийн асуудал түр зогсоод буй. Харин Засгийн газрын хувьд хүлээгдэж байгаа, хугацаа товтой томоохон төслүүдээ урагшлуулж чадвал 2018 он их ажлын жил байна. Тухайлбал, Тавантолгой, Гацууртын орд, нефтийн үйлдвэр, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энд тодотгоё. Түүнээс гадна 2018 он бол Монгол Улсын гадаад харилцаа, ялангуяа, хоёр хөршийн бодлогодоо анхаарах жил. Гадаад харилцаа ярихын тулд дотоод байдал, дотоод зохицуулалт руугаа өнгийж харах хэрэгтэй. Улс орны гадаад бодлогын асуудал тухайн орны дотоодын улс төрөөс хавьгүй том. Энэ ач холбогдлынхоо үнэ цэнийн хэрээр нэгдсэн ойлголттой, тогтвортой байж, намын харьяаллаас үл хамаарах ёстой юм.
Гэвч яг өнөөдрийн нөхцөлд Монгол Улс гадаад харилцаандаа ялангуяа, хоёр хөрштэйгээ харилцах тал дээр дорвитой хийсэн ажил, тууштай хэрэгжүүлсэн бодлогогүйгээс гадна боловсон хүчний хувьд дутагдалтай. Мөн төрийн өндөр дээд хэмжээний айлчлалууд гадна талаасаа гацаа бартаа их байгаа. УИХ-ын дарга М.Энхболд спикер болсныхоо дараа ганц хоёр улсад ажлын айлчлал хийж, хөнгөлөлттэй зээл тусламжийн эрэлд гарсныг эс тооцвол төрийн өндөр дээд албан ёсны айлчлалууд хийгдэхгүй байна. Тэр тусмаа хөрш улсуудыг тодотгох хэрэгтэй. УИХ-ын дарга М.Энхболд л дэлхийн 70 гаруй орны улс төрийн намын дарга нарын хуралд оролцохоор урд хөршид айлчилсан. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд бүрэн эрх нь хэрэгжиж эхэлснээс хойш нэг ч удаа төрийн айлчлал хийгээгүй нь шүүмжлэл дагуулж буй. Тэр ч байтугай НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцоогүй нь гадаад харилцаанд Монголыг төлөөлөх нэгдүгээр хүний хувьд том алдаа болсон гэж олон улсын харилцаа судлаачид, дүгнэсэн, шүүмжилсэн. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч энэ тал дээр идэвх санаачилга сул байгаа.
Тэгвэл энэ сарын дундуур гүйцэтгэх засаглалын тэргүүн БНСУ-аас гадаад айлчлалаа эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж. Цаашид БНХАУ болон бусад улсад айлчлах асуудал яригдана гэж тэрбээр УИХ-д мэдээлсэн. Гэхдээ цаад тал нь хүлээж авбал шүү дээ. Харин Ерөнхийлөгчийн хувьд БНЭУ-д төрийн айлчлал хийх сураг төдий мэдээлэл байна. Үүнийг Тамгын газраас нь лавлатал “Одоохондоо тодорхой мэдээлэл байхгүй” гэлээ. Тэгэхээр 2018 он Монгол Улсын хувьд гадаад бодлого, харилцаанд гаргасан алдаагаа засч, хоёр хөршийнхөө итгэлийг олж, сэтгэлийг нь татахад зориулагдах нь. Ер нь улсынхаа гадаад бодлогоор буруу улстөржвөл бүгдээрээ нийлж байгаад “байшин”-гаа шатааснаас ялгаагүй гэдгийг сануулахад илүүдэхгүй биз.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй