Иранд үүссэн нөхцөл байдал Ерөнхийлөгчид нь ашигтай юу

Мэдээ

Засгийн газраа эсэргүүцсэн иранчуудын жагсаал үргэлжилсээр байна. Эдийн засгийн асуудал тулгамдаж, инфляцын түвшин нэмэгдэж байгаад бухимдсан иргэд өнгөрсөн пүрэв гарагаас хойш зургаа дахь өдрөө жагсаж байгаа аж. Иранд Ерөнхийлөгчийн сонгууль болсон 2009 оноос хойш нийгэмд эмх замбараагүй байдал ингэж их даамжирч байгаагүй юм. Одоогоор жагсаалын улмаас 20 гаруй хүн амь насаа алдаж, олон зуун хүн баривчлагдсан байна. Тэдний заримд нь цаазын ял оноож магадгүй гэж шүүх байгууллагын төлөөлөл мэдэгджээ. Үүний зэрэгцээ Иранд үүссэн энэхүү нөхцөл байдал тус улсын Ерөнхийлөгч Хассан Руханид ашигтай гэж зарим шинжээчид үзжээ. “Durham” их сургуулийн профессор Ануш Эхтешами “Одоо болж байгаа жагсаал 2009 оныхоос өөр. Төвийг сахигч, шинэчлэлийг эрхэмлэгч хүн Төрийн тэргүүн байгаа үед жагсаал болж байна. Өнгөрсөн онд олонхын саналаар улиран сонгогдсон хүн. Иран улс АНУ-аар хориг тавиулахаас авахуулаад эдийн засгийн сорилтуудтай тулгарсан. Ийм нөхцөлд Ираны Ерөнхийлөгч сонгуулийн үеэр өгч байсан амлалтуудаа биелүүлэх хэцүү.

Гэхдээ ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр, инфляц өндөр байгаа ч өмнөхтэйгээ харьцуулахад аль аль нь доогуур түвшинд байна. Ираны Ерөнхийлөгч жагсаалыг ашиглаж улсад өөрчлөлт шинэчлэлт хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрүүлэхийг оролдох болно” гэж мэдэгдлээ. Үүнээс гадна Иран улсад жагсаал даамжирч байгаагаас АНУ тус улсын эсрэг шинэ хориг тавьж магадгүй байна. Ираны цөмийн хэлэлцээрийг шүүмжилсээр ирсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ талаарх хэлэлцүүлгийг эрчимжүүлсэн гэж Цагааны ордны төлөөлөгчид мэдээлсэн байна. Тэрбээр 10 хоногийн дараа Ираны хэлэлцээрийн талаар АНУ цуцалсан хоригоо сэргээх арга хэмжээ авах эсэх нь тодорхой болох юм.



САНАЛ БОЛГОХ