Илүү хөдөлмөрлөсөнд нь ахиу цалин

Мэдээ


10 салбарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.4-2 дахин нэмэгдүүлсэн


Дотоодын үйлдвэрлэл, нийгмийн соёлыг авч явдаг дундаж давхаргын түрлэг айсуй. Ажилдаа хэн их үр бүтээлтэй , ур чадвартай ажиллаж, гэр бүлдээ зарцуулах цаг заваа илүү золиосолсон нь бусдаас ахиу цалин хөлс авах тогтолцоонд шилжихээр зэхэж байна. Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн сард болсон “Ажлын байранд суурилсан цалин хөлсний тогтолцоо нэвтрүүлэх нь” хэлэлцүүлгийн үеэр хөдөлмөрийн хөлс, үнэлгээг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон. Тэрбээр “Төрийн албан хаагчид шат ахих зарчмаар албан тушаалд дэвшдэг. Албан тушаалын цалинг тооцох гол хэмжүүр нь ажилласан жил болдог. Энэ бол хэтэрхий өрөөсгөл.

Цалингийн тогтолцоо ажилласан жил төдийгүй ажлын ачаалал, үр дүн, хариуцлага, ажлын байрны нөхцөл гэсэн хүчин зүйлээс хамаардаг байх бодит зохицуулалт хэрэгтэй байна” гэсэн юм. Одоогийн мөрдөж буй хууль журмаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг. Харин арав орчим салбарт энэ доод хэмжээг 1.4-2 дахин нэмэгдүүлэн мөрдөж буй. Тухайлбал, уул уурхайн салбарт гэхэд 480 мянган төгрөгийг цалингийн доод жишиг гэж үздэг. Яг ийм зарчмаар бусад салбарт цалингийн жишиг тогтоох бодлого хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд судалгаа хийж буй аж.

Мэдээж ийм шаардлага бий. Эрүүл мэндийн салбарт гэхэд 200, 300 сая ам.долларын технологи нэвтрүүлчихээд, 20 цаг хүнд хагалгаа хийгээд зогсдог нарийн ур чадвартай, өндөр ачаалалтай ажилладаг эмч нар 620 мянган төгрөгийн цалин авах нь хэр зэрэг шударга вэ гэдэг асуулт урган гарна. Бас ийм хэмжээнд хүрэх гэж 10 жилийн турш өөрийгөө дайчилж бэлтгэсэн эмч дөнгөж сургууль төгсөөд ирж байгаа хүүхдээс 3-5 мянган төгрөгөөр илүү цалин авдаг гэвэл танд ямар санагдаж байна. Энэ тухай Монголын эрүүл мэндийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Үндсэндээ жинхэнэ ажлын ур чадвар, ажлын ачаалал, мэргэжлийн онцлогийг үнэлэх үнэлэмж байхгүй байгаа гэсэн үг” гэсэн юм.

Хүнийхээ хөдөлмөрийг үнэлж чаддаг улс хөгждөг
2017 онд эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн хүртээмжийн судалгаагаар ажлын ачаалал 15-50 хувь өндөр байсан тухай Б.Мягмар сонирхууллаа. Гэсэн хэдий ч өөр хэн нэгний хийх ёстой ажлыг гүйцэтгэсний хөлсийг үнэлдэггүй. Салбарт шинэчлэл удаан явагдаж байгаа нь энэ урвуу тогтолцоотой шууд холбоотой гэж тэд шүүмжилж буй юм. Үнэндээ манай улсад цалинг хийснээр бус цагаар олгодог үрэлгэн жишиг бодитоор үйлчилж буйг хэн бүхэн хэлдэг. Өрсөлдөөн байхгүй, өнөөх л хойрго зангаараа ажил албандаа ханддагт хувь хүнийг бус хөдөлмөрийн үнэлэмжийн гажиг тогтолцоог урьтаж буруутгамаар. Ийм учраас л бүтэн жил зүтгэж байж авдаг цалингаа гурван сар ажиллаад олоод авчих боолын хөдөлмөр рүү төрийн албан хаагч нь хүртэл зүтгэх нь аргагүй гэдгийг МҮЭ-ийн хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Э.Баатарцогт учирлалаа. Бодит байдлыг дундаж цалин 956 мянган төгрөгт хүрсэн гэх статистик үзүүлэлтээр няцаах гэж бүү яараарай. 956 мянган төгрөг бол байнгын ажлын байртай буюу хөдөлмөрийн гэрээгээр цалинжиж, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг 600 орчим мянган иргэдийн цалинд үндэслэсэн тоо.

Гэтэл манай улсын эдийн засгийн идэвхтэй хүн ам үүнээс хоёр дахин их. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, мэргэжил, тусгай ур чадвар шаарддаггүй хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийг хэдэн төгрөгийн цалин авч байгааг тааж хэлэх нэгэн үгүй биз. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр дээрх 956 мянгыг бүрдүүлж буй 606 мянган хүний найман хувь 240 мянга хүртэлх, дийлэнх нь 500-900 мянган төгрөгийн цалинтай. Гэтэл амьжиргааны баталгаажих доод түвшин 185 мянган төгрөг байгаа нь Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж туйлын доогуур байгаагийн бодит жишээ юм. Монгол хүний үнэлэмж доогуур байгаа бас нэг баримт бол манай улс ДНБ-ийхээ 26 орчим хувийг л баялаг бүтээгчдэдээ зарцуулдаг. Гэтэл дэлхийн жишгээр энэ тоо хамгийн багадаа ДНБ-ий 40 хувьд хүрч байх ёстой. Өөрөөр хэлбэл, баялгийн тэгш бус хуваарилалт төрийн байгууллагад ч, хувийн хэвшилд ч ялгаагүй нүүрлэжээ. Тиймээс салбар хооронд хөдөлмөрийн үнэлэмжийг дүйцүүлэн тогтоохоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх нь чухал гэж үзэж байгаа юм.

Гэхдээ гал унтраах төдий биш бодитоор нэмэгдүүлэхийг баялаг бүтээгчид хүсэж байна. Нэг салбарт ажилладаг атлаа өмчийн өөр хэлбэрт зүтгэж байгаа нь цалингийн зөрүү үүсэх шалтгаан болох ёсгүй гэж хөдөлмөрчдийн төлөөлөл хэлж байна. Эсрэгээрээ, өөр салбарт ажиллаж байгаа ч үүрэг хариуцлагын хувьд ижил алба хашдаг бол мөн эн тэнцүү цалингийн системээр хөдөлмөрөө үнэлүүлэх нь өдгөө дэлхий нийтэд тархаад буй зохистой хөдөлмөрийн салшгүй хэсэг болж байгаа аж. Хүнийхээ хөдөлмөрийг үнэлж чаддаг улс хөгждөг. Түүнээс биш улсад захаа сэмэртэл зүтгэсэн ажилтан цамцных нь ханцуй хир болж амжаагүй шинэхэн төгсөгчөөс 1700 төгрөгийн илүү цалин авах нь хөдөлмөрийн хөлс эдийн засаг, нийгэм, ёс суртахууны үүргээ гүйцэтгэж чадахгүй байх нэг шалтгаан гэдгийг мэргэжилтнүүд учирлаж буй юм. Тиймээс л илүү ажилласан нь ахиу цалин авдаг жишиг үйлчилж байж л дундаж давхарга тэлнэ, эдийн засаг цэцэглэнэ. Харин ажилласныхаа төлөө өрнөөс өрийн хооронд толгой өндийх завдалгүй явсаар тэтгэвэртээ гарах нь Монголын ирээдүй биш.






САНАЛ БОЛГОХ