Өвгөн аавын бэлэгний цаана юу байв

Мэдээ


Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг багасгасан нь гал унтраах төдий л арга

Шинэ оны босгон дээр Засгийн газар нэгэн мэдээллийг сүр дуулиантай зарлав. Засгийн газрын хуралдаанаар малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг 50 хувь бууруулах шийдвэр гаргасан нь тэр. Сард 4800 төгрөг төлдөг байсныг 2400 болгон бууруулсан хэрэг. Баахан сэтгүүлчдийг цуглуулж байгаад тэрхүү шийдвэрээ зарлах нь эгээ л том ажлын ард гарсан баатар аятай. Гэтэл үнэн хэрэгтээ гэнэт гаргаж, сүржин зарласан эл шийдвэр татвар нэмэгдсэнд бухимдаж буй олны анхаарлыг түр ч атугай сатааруулж, ажил хийсэн болж харагдах гэсэн ядруухан арга байв. Шинэ он гарахтай зэрэгцээд хэд хэдэн төрлийн татвар нэмэгдсэнд иргэд бухимдаж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Манай төр 1.5 саяын цалинтай иргэнээ “баян” гэсэн ангилалд оруулж, авдаг хэдээс нь хумслах ажилд хэдийнэ ханцуй шамлан орсон. Хууль хэрэгжиж эхэлснээр 3.5 саяын цалинтай хүний гар дээр ирэх бодит орлого 20 орчим хувиар буурах тооцоо гарсан байна лээ.


Мөн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь иргэдийн бодит орлогод сүүдрээ шууд тусгах болно. Угаас нийгэм тэр аяараа бухимдалтай, цөөн хэдэн төгрөгийн цалингаа амьдралдаа хүргэх гэж ядаж байхад татвараар нэмж дарамтлаад байхад дургүйцэхээс яахав. Нөхцөл байдал эвгүйтсэн ийм үед дарга нар өөр нэг арга сэдэж, анхаарлыг өөр тийш хандуулахдаа тун ч сурамгай. Үүний нэг жишээ нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг багасгалаа гэх сүржин шийдвэр байв. Нийгмийн даатгалаа бодвол эрүүл мэндийн даатгалын хамрагдалт улс даяар тун өндөр хувьтай байдаг.

• Сүржин зарласан эл шийдвэр татвар нэмэгдсэнд бухимдаж буй олны анхаарлыг сатааруулж, юм хийсэн болж харагдах гэсэн ядруухан арга байв.

• 600 ам.долларын цалинтай хүнээ өндөр орлоготойд оруулдаг улс манайхаас өөр байдаг болов уу.

• Нийгмийг авч явдаг дундаж давхаргаа дагуул хүүхэд мэт шоовдорлож, малчдаа бөөцийлөөд эхэллээ.

Улсын хүн амын 90 орчим хувь буюу 2.8 сая иргэн тэрхүү даатгалын шимтгэлийг төлж байгаа. 2016 оны байдлаар нийт 133.4 мянган малчин даатгалд хамрагдаж, эрүүл мэндийн үйлчилгээ үнэгүй авах эрхтэй болжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар өссөн дүн болохыг Үндэсний статистикийн хорооны мэдээнээс харж болно. Нийгмийн даатгалын сангийн орлого жил ирэх тусам нэмэгдсээр 2016 онд 1.3 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 302.6 тэрбум буюу 23 хувийг эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлж байгаа юм. Энэхүү 302 тэрбум гэх тооны дийлэнхийг тогтмол ажил хийдэг, дундаж давхаргынхан бүрдүүлдэг. Гэвч төр маань уламжлал ёсоор нийгмийг авч явдаг дундаж давхаргаа дагуул хүүхэд мэт шоовдорлож, малчдаа бөөцийлөөд эхэллээ. Уг нь малчдад өгөх элдэв хөнгөлөлт, урамшуулал багадаагүй л байлтай. Шимтгэлийг бууруулснаар даатгалд хамрагдах хүний тоо нэмэгдэж, хүрээ нь өргөжнө хэмээн тайлбарлаж байна лээ. Энэ үнэн. Гэхдээ иргэдийн амьдралд бодитой дэмжлэг болохуйц шийдвэр мөн үү гэвэл эргэлзээтэй.

Сард 2400 төгрөг бууруулснаа бахархалтай мэдэгдэхийн хажуугаар үүнээс хэдэн арав дахин их мөнгө элдэв татвар нэрээр эргүүлэн авч байгааг хараад дуугүй өнгөрч үнэхээр болохгүй байна. Нөхрийнх нь цалингаас 100 мянгыг татвар гэж авчихаад эхнэрт нь бага насны хүүхдээ харсны тэтгэмж гэж 50 мянгыг өгч баярлуулдаг ийм л төртэй улс шүү дээ, бид. Одоохондоо татвар суутгаж эхлээгүй болохоор хүмүүс нэг их анзаарахгүй байх шиг. Харин сарын эцэст гар дээр ирэх цалингийн хэмжээгээ хараад яаж бухимдахыг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Гэхдээ энэ үед манай дарга нар өөр нэг халамж маягийн юм тараагаад байдлыг намжааж, гал унтраахаа сайн мэднэ. Угаас тэдний ганц чаддаг юм энэ. Эрхэм сайд хэвлэлийн бага хурлын үеэр “Малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдээс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ хэт өндөр байна. Үүнээс болж тогтмол орлогогүй иргэд даатгалаа төлж, эрүүл мэндийн тусламж авч чадахгүйд хүрч байна гэсэн санал, хүсэлт олноор ирдэг. Иймд иргэдийн саналыг харгалзан эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 50 хувиар бууруулж, сард 2400 төгрөг буюу жилийн 28800 төгрөг болгон өөрчиллөө. Татвар нэмэгдлээ гэсэн яриа нийгэмд хүчтэй яригдаж байна.

Төлдөг татвар Шведийн хэмжээнд, авдаг цалин Африкийн орнуудын хэмжээнд хүрэх нь
Ер нь дэлхийн бүх улс оронд байдаг өндөр орлоготой нь бусдаасаа арай илүү татвар төлдөг жишгийн дагуу ОУВС- гаас манай улсад зөвлөмж болгосон. Швед, Америк, Германд өндөр орлоготой иргэд нь 40, 45 хувийн татвар төлдөг. Монгол Улсад орлогын хэмжээнээс үл хамааран 10 хувийн татвар төлдөг байсныг ирэх оноос эхлэн 1.5 сая төгрөгөөс дээш орлогод нь шатлалын дагуу 25 хүртэлх хувийн татвар ногдуулахаар хуульчилсан” хэмээн ярьжээ. “Робин Гуд”-ын татвар буюу өндөр орлоготой иргэдээс арай ихийг авах татварын хууль олон улсад хэрэгждэгийг бид мэднэ. Гэхдээ 1.5 сая төгрөг буюу 600 ам.долларын цалинтай хүнээ өндөр орлоготойд оруулдаг улс манайхаас өөр байдаг болов уу.

Тэгсэн хэрнээ хаа холын Швед, Америкийн жишээ ярих. Хэнийг доромжлоод байгаа юм. Төлдөг татвар нь Шведийн хэмжээнд, авдаг цалин нь Африкийн орнуудын түвшинд хүрэх нь дээ, янз нь. Швед, Америкийн хэмжээнд цалингаа хүргэчихээд өндөр татвар ав гэж иргэдийн бухимдаад байдаг нь аргагүй шүү дээ.

Жил хүрэхгүй хугацааны өмнө төрийн эрхэнд байгаа энэ нөхдүүд юу гэж ярьж байлаа? Улсын данс улайсан ч татвар нэмэхгүй гээд сайхан сайхан юм амныхаа зоргоор ярьж байсныг нь хэн ч мартаагүй. “Монгол Улсад бүртгэлтэй байсан 126 мянга гаруй аж ахуйн нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянга нь үүд хаалгаа барив. Эрх баригчид төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд татвар хураамж, торгууль, хүүний хэмжээг нэмж, шинэ татвар олныг санаачиллаа. Харин бид татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй”. Таны уншсан эдгээр өгүүлбэр бол МАН-ын 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн нэг хэсэг. Тэд иргэдийг ингэж уярааж байсан ч бодит байдал 100 хувь эсрэг эргэснийг шил шилээ даран нэмэгдэх татварууд гэрчилж байна. Үүнийгээ Олон улсын валютын сан гэх ганц үгээр халхавчлаад өнгөрчих санаатай. Хэнийг хуураад байгаа юм бэ. Ард иргэдийг иймхэн юманд хууртчих мулгуу амьтад гэж бодсон юм байх даа. Засаг барьж буй нөхөд болсон болоогүй янз бүрийн шийдвэр гаргаад л байна. Гэхдээ энэ дундаас нь бидний амьдралын чанарт нөлөөлчих өөдтэй юм нэг ч алга гээд хэлчихвэл гүтгэсэн болохгүй байх. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн, нэг нэгнийгээ үгүйсгэсэн эдгээр шийдвэрүүд та бүхний дахин сонгогдох боломжийг улам багасгасаар байгааг ойлгодог болов уу.




САНАЛ БОЛГОХ