Дээд шүүхийн шийдвэрийг ЗГ хүчингүй болгов

Мэдээ


Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр"- ийн талаар хаалттай хуралдлаа

Засгийн газар ээлжит бусаар хуралдан хувийн хэвшлийн өмчлөл бүхий Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гаргалаа. Нууц асуудал хэлэлцэх горимоор болсон уг хуралдаанаас Эрдэнэт үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд авч, 49 хувийн эзэмшигч болох “Монголын зэс” корпорацид өгөх төлбөрийг харилцан суутгал хэлбэрээр барагдуулахаар болсон гэв. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар мэдээлэл өгсөн юм. Уг нь үндэсний хувийн хэвшлийн төлөөлөл “Монголын зэс” корпораци Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар Дээд шүүхэд ялалт байгуулсан. Тус шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхээс арванхоёрдугаар сарын 7- нд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн эзэмшлийн талаарх “Монголын зэс” корпорацийн нэхэмжлэлийг хэлэлцээд, тус корпорацийн талд шийдвэрлэсэн юм.

Уг нь “Монголын зэс” корпораци энэ асуудлаар УДШ-д ялалт байгуулсан
Төрийн эрх бүхий байгууллагууд хувийн хэвшлийн хууль ёсны эзэмшил, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн энгийн хувьцааг хууль бусаар шилжүүлэн авсан гэж Дээд шүүхээс үзсэн байна. Үүнээс өмнө Захиргааны хэргийн хоёр шатны шүүх мөн хувийн хэвшлийн талд шийдвэрлэж байсан билээ. Энэ дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн газраас “Монголын зэс” корпораци нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хууль ёсны эзэмшигч мөн гэсэн гэрчилгээг олгоод яг долоо хонож байна. Тэгвэл Засгийн газар шинэ оны эхний долоо хоногт Эрдэнэттэй холбоотой нууц хуралдаан хийн, Дээд шүүхийн шийдвэрийг тогтоолоор хүчингүй болгож байгаа нь энэ юм. Сангийн сайдын хэлж буйгаар уг асуудлаар Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэг “Монголын зэс” корпорацитай дөрвөн удаагийн уулзалт хийсэн аж. Гэхдээ Засгийн газрын саналыг нөгөө тал зөвшөөрөөгүй байна. Хэлцэл гэдэг хоёр тал харилцан зөвшилцөхийг хэлдэг. Тэгэхээр Сангийн сайдын хэлж байгаа талуудын хийсэн уулзалтыг хэлцэл гэж хэлэх үндэсгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл төрөөс шууд тулгасан саналыг хувийн хэвшил хүлээж аваагүй тул Засгийн газар хүчээр шийдвэр гаргасан үйлдэл боллоо.



САНАЛ БОЛГОХ