Утааны улиралд жуулчлал идэвхждэг

Мэдээ


Монголчууд жилийн 11-3 дугаар сард хилийн чанадад хамгийн их аялдаг


Тэсгим хүйтэн цаг агаар, агаарын бохирдлоос түр ч гэсэн хол байхыг хүссэн монголчуудын гаднын орныг зорьдог ид үе тохиож байна. Монголчууд жилийн 11-3 дугаар сард хилийн чанадад хамгийн их аялдаг. Хэдийгээр зуны улиралд бага зэрэг идэвхждэг ч ихэнх нь дотоодын аяллыг сонирхдог байна. 2006 онд жилд 24.1 мянган хүн аялах зорилго өвөртлөн хилийн дээс алхсан бол 10 жилийн дараа энэ тоо дөрөв дахин өсчээ. 2016 онд 80 гаруй мянган монголчууд гаднын оронд аялсан байна. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниудын тоо аажмаар өсөж, өдгөө 10 гаруй болсон. Ингэснээр аяллын үнэ хямдарч, үйлчилгээний чанар сайжирч, нэр төрөл нь ч олширч байгаа.

Бусдаас шинэлэг, тансаг аялал зохион байгуулах нь тэдний өрсөлдөөний нэг талбар болсны “ачаар” монголчууд тун дээд зэрэглэлийн аяллуудаас сонголт хийх боломж бүрджээ. Дэлхийн хамгийн тансаг хотуудын нэг Дубай, Абу- Дабид очиж, Сахарын элсэн цөлөөр аялах хөтөлбөрийг олон компанийн цэсээс харж болно. Тухайлбал, Luxury travel компанийн дөрвөн өдөр, таван шөнийн тансаг зэрэглэлийн хөтөлбөрт 5-7 одтой зочид буудалд буух, Арабын нэгдсэн Эмират улсын нүүр царай болсон “алтан” хотуудаар аялах, Сахарын цөл, усан парк үзэх гээд сонирхолтой хөтөлбөрөөр дүүрэн. Дээд зэрэглэлийн усан онгоц дээр оройн хоол идэх боломж олгодог уг аяллын онгоцны тасалбар гурван сая төгрөгөөс гадна 2850 ам.доллар буюу ойролцоогоор долоон сая орчим төгрөгийн үнэтэй.

Харин үүнтэй адил өртөгтэй ч адал явдлаар дүүрэн аялал бас бий. 20 гаруй оронд аялуулдаг “Нью жуулчин турс” компани хоёр жилийн өмнөөс хойд туйлын туяаг үзэх тун сонирхолтой хөтөлбөр гаргажээ. Москвагаар дамжин Скандинавын орнууд руу аялахад 7-8 сая төгрөг төлдөг. Өвлийн аялал жуулчлал өндөр хөгжсөн Финланд улсад зорчсоноор нохойтой чарга, цасны мотоцикл унаж, Санта- Клаусын үлгэрийн хотхоноор зочилж болно.

“Оскар”-ын наадам үзэх аялал 4500 ам.долларын үнэтэй
Түүнчлэн жилийн 11-3 дугаар сард л харагддаг туйлын туяаг шилэн ханатай зочид буудлаас харах боломжтой. Аялал гэдэг зөвхөн байгалийн сайхныг үзэж, бишрэхийг хэлдэггүй. Алдартай хүмүүстэй уулзах мөрөөдлөө биелүүлэх аялалд ч гарч болно. Ирэх гуравдугаар сард болох 90 дэх удаагийн “Оскар”-ын наадам үзэж, АНУ-ын Лас Вегас, Лос-Анжелес хотуудаар аялах тусгай хөтөлбөрийг Luxury travel компани санал болгож буй. Дэлхийн оддыг дэргэдээс нь харах боломжтой энэ аялал 4500 ам.долларын үнэтэй. “АНУ-ын мөрөөдлийн хотуудыг үзэх хөтөлбөр багтдаг учраас монголчууд энэ аяллыг маш их сонирхож байгаа.

Энэхүү аялалд одоогоор 28 хүн бүртгүүлж, визний мэдүүлгээ өгөөд байна” гэж тус компанийн Санхүүгийн албаны дарга Л.Болорцэцэг өгүүлэв. Харин “Тэнгэр трэвел” компани БНХАУ-ын Шанхай хотоос Японы Нагасаки, Окинава хотууд руу усан онгоцоор аялах дөрвөн өдрийн хөтөлбөр гаргажээ. 326 метр урт, 41.5 метр өргөн, 20 давхар Norwegian Joy онгоц нь 4930 зорчигчийн багтаамжтай. 2200 гаруй өрөөтэй бөгөөд гольфийн талбай, казино, усан гулгуур, хүүхдийн парк зэрэг цагийг зугаатай өнгөрөөх олон сонирхолтой хэсэгтэй юм. Нэг хүний аяллын зардал хоёр сая төгрөг. Хэрэв өрөөндөө ганцаараа байрлах бол төлбөр нь хоёр дахин нэмэгддэг аж. Түүнчлэн, өрөөний үйлчилгээнд өдөрт 16.95 ам.доллар төлдөг аж.

Эдгээр тансаг зэрэглэлийн аяллууд өндөр өртөгтэй учраас Монголоос цөөн хүн явдаг. Харин ихэнх нь БНХАУ, ОХУ болон Зүүн өмнөд Азийн визгүй орнуудад аялахыг илүүд үздэг байна. “АНУ болон Европын орнууд хол зайтай учраас аяллын үнэ нь өндөр байдаг. Зарим тохиолдолд тухайн орныг үзэх сонирхолтой ч виз нь гарахгүй байх тохиолдол цөөнгүй. Сүүлийн үед монголчууд БНСУ- д болох гэж буй өвлийн олимп үзэх аяллын багцыг багагүй сонирхож байна. Ер нь ойрын жилүүдэд Монголоос гадагш чиглэсэн аяллууд сайн хөгжиж байгаа. Эрэлт нэмэгдэж байгаа учраас компаниуд хөтөлбөрөө улам сайжруулж, боловсронгуй болгож байна. Гэр бүлээрээ амарч, аялах гэсэн иргэдийн тоо ч нэмэгдсэн” гэж “Нью жуулчин Турс” компанийн гадаад аялал хариуцсан менежер Б.Эрдэнэтуяа өгүүллээ.




САНАЛ БОЛГОХ