Дээд шүүхийн шийдвэрийг дэвссэн Засгийн газар хэд наслах вэ

Мэдээ

Улсын дээд шүүхийн шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгох эрхгүй

Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг уландаа гишгэлээ. Өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрын зарим гишүүн “Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” компанийн хувийн эзэмшлийн 49 хувийн энгийн хувьцааг төрийн мэдэлд хүчээр авах тогтоол танилцуулсан. Тиймээс уг хувьцааны хууль ёсны эзэмшигчээр шүүхээс тогтоогдсон ”Монгол зэс” корпораци байр сууриа илэрхийллээ. Энэ сарын 4-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хууль бусаар гаргасан “Эрдэнэт үйлдвэр”-ийг нийгэмшүүлэх шийдвэр нь эрхзүйт Монгол Улсын хууль ёсны тогтолцоог уландаа гишгэж, бизнесийн эрхзүйн харилцааны дэг журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж хувийн хэвшлийн төлөөлөл үзэж байна.


Тэр тусмаа, эрхзүйт төр, чөлөөт эдийн засгийн зарчимтай Монгол Улсын Дээд шүүх эцсийн шийдвэрээ гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэмшлийн маргаанд сүүлийн цэг тавиад сар гаруйн ч хугацаа өнгөрөөгүй байхад төр, түмний нэр барьсан хэсэг төрийн түшээ хувийн өмч рүү халдаж буй нь илт хууль зөрчсөн үйлдэл болохыг “Монголын зэс” корпорацийн өмгөөлөгч Г.Батбаяр хэлсэн. Улсын Дээд шүүх 2017 оны арванхоёрдугаар сарын 7-нд “Монгол зэс” корпораци нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааны өмчлөгч болохыг нотолсон. Хуулийн дагуу тус корпораци өмчөө хамгаалах эрхтэй. Монгол улсын иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь ... өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй.” Тиймээс хуулийн дагуу өмчөө аливаа халдлага, түрэмгийллээс хамгаална гэж “Монгол зэс” корпораци мэдэгдлээ. Хууль, журмын хүрээнд нягт ажиллах учиртай Засгийн газар хувь хүний өмчтэй байх эрхэнд шууд халдаж, хууль зөрчих үйлдлийг өдөөлөө. Улсын дээд шүүхийн шийдвэрийг Засгийн газар хүчингүй болгох эрхгүй.

Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг. Засгийн газрын энэ шийдвэр нь Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар, хүч түрэн авах эхний оролдлого биш. Эргэн сануулахад, Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн өмнөх Засгийн газар 2017 оны гуравдугаар сард яг ийм аргаар “Монгол зэс” корпорацийн өмчид халдаж байв. Гэсэн ч тус Засгийн газар хэд хэдэн удаа хууль зөрчсөний улмаас улс төрийн хариуцлага хүлээн огцорсныг бид мэднэ. Засгийн газрын энэ хууль зөрчсөн үйлдлийг ч Монгол Улсын хэд хэдэн шатны шүүх баталж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг илт хууль зөрчсөнийг тогтоосон. Тиймээс ч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрч, “Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” компанийн 49 хувийн энгийн хувьцааг “Монгол зэс” корпорацийн мэдэлд 2017 оны арванхоёрдугаар сарын 28-нд бүртгэсэн. Тэгвэл үүнээс хэдхэн хоногийн дараа өөрсдийнхөө шийдвэрийг ч, шүүх засаглалын эцсийн шийдвэрийг ч үгүйсгэлээ. Засгийн газрын энэ ойлгомжгүй байдал нь Засгийн газар шахаанд орсон гэх хардлагыг төрүүлж байна хэмээн “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлсэн юм. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” корпорациас авсан хэлцлийг Английн хуулийн дагуу хийсэн. Харин Засгийн газар хууль зөрчиж, 49 хувийг хувийн хэвшлээс булааж, төрийн мэдэлд авах тогтоол гаргалаа.

“Өмчлөгч нь ... өмчлөлөө аливаа халдлагаас хамгаалах эрхтэй”
Монгол Улсын Засгийн газар хууль зөрчсөн шийдвэр удаа дараа гаргаж байгаа тул олон улсын хууль дүрмийн хүрээнд эрх ашгаа хамгаалахаас өөр гарцгүй болголоо хэмээн “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэлсэн юм. Өнгөрсөн пүрэв гарагт Засгийн газрыг төлөөлөн мэдээлэл хийх үеэрээ төрийн хариуцлагатай албан тушаалтан болох Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ”Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрд шилжүүлэхээр “Монгол Зэс” корпорацитай дөрвөн удаа хэлэлцээ хийсэн” гэж мэдэгдсэн. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет” компанийн 49 хувийн хувьцааг төрд шилжүүлэх тухай ямар нэгэн хэлцэл хийгээгүйг “Монгол зэс” корпораци албан ёсоор мэдэгдэж байна. “Манай компанитай хэлцэл хийсэн зүйл огт байхгүй. Эхлээд танилцуулах уулзалт хийсэн. Дараа нь мэдээлэл солилцож, баримт бичиг хүссэн. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийг хүртэл Засгийн газрын Ажлын хэсэг болон “Монгол зэс” корпорацийн уулзалт дуусаагүй гэж бодож байлаа. Тиймээс “Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ хуралдаж, үйлдвэрт тулгамдсан асуудлыг шийдэж байсан” гэж “Монгол зэс” корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин хэлж байна. Хуулийнхны тайлбарлаж буйгаар хэлцэл нь хоёр талын хүсэлт, харилцан тохиролцооны дагуу бий болдог.

Тэгвэл Засгийн газар дахиад л Монгол Улсын хуулийг ноцтой зөрчлөө. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн Засгийн газар одоогоос бараг жил орчмын өмнөх арга барилаар “Эрдэнэт үйлдвэр”-ийг хүчээр авахаар оролдож эхэллээ. Ийм шил шилээ дарсан хууль зөрчсөн үйлдлийн эцсийн үр дүн нь хэрхэн төгсдөгийг Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газар хангалттай харуулсан билээ. Тэгвэл үүнээс сургамж авалгүй, энэ Засгийн газар шинэ оныг хууль зөрчин эхлүүлж байна. Олон жилийн турш шахаачдын үүр, тонуулчдын уурхай болсон “Эрдэнэт үйлдвэр” өнгөрсөн нэг жилийн хугацаанд ил тод бизнесийн зарчмаар ажиллаж эхэлсэн юм. Үндэсний компанийн төлөөлөл болсон “Монгол зэс” корпораци нь “Эрдэнэт үйлдвэр”, "Монголросцветмет" компанийг Оросын талаас худалдан авч 100 хувь Монголын компани болгосноор 2016 оны зургадугаарсараас хойш эдгээр аж ахуйн нэгж манай улсын хууль тогтоомжоор үйл ажиллагаа явуулдаг, мөрддөг болсон. Тэрчлэн 2016 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн хэмжээнд ганцхан тендер зарлаж байсан бол 2017 онд 500-гаад тендер зарласан. Сонгон шалгаруулалтыг ийн ил тод болгосноор 2017 оны есөн сарын байдлаар гэхэд 15 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан байна. “Энэ мөнгийг хувьцаа эзэмшигчид хувааж аваагүй. Ажилчдынхаа цалинг нэмсэн. Өнгөрсөн наймдугаар сард урамшуулал олгосон. Он солигдохоос хэдхэн хоногийн өмнө үйлдвэрийн ажилтнуудад тус бүрт 500 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Улс болон орон нутгийн төсөвт төлдөг “Эрдэнэт үйлдвэр”-ийн татвар дөрөв дахин нэмэгдсэн” гэж “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар хэлсэн юм.

Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд Орхон аймагт 300 гаруй метр талбайтай гэрэлт гудамж байгуулсан. Жил бүр 2-3 сургууль, цэцэрлэг байгуулахаар төлөвлөж байсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хууль ёс, шүүх засаглалыг уландаа гишгэж буй үйлдэл нь Монголын зэсийн салбарыг сонирхож байсан дэлхийн хамгийн том зэс олборлогчдын нэг болох Codelco компанид хүртэл нөлөөлж болзошгүй байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байсан юм. Эцэст нь энэ бол цэвэр бизнесийн маргаан. Хуулийн өмнө төр, хувийн хэвшил хоёр тэгш эрхтэй. Гэвч төр, олон нийтийн нэр барьсан албан тушаалтнууд эрх мэдэлдээ дулдуйдан Дээд шүүхийн шийдвэрийг дэвсэж, хуулийг уландаа гишгэсээр байвал шүүх засаглал нухчуулах буй за.




САНАЛ БОЛГОХ