Төгрөгийн ханш тогтворжив
Мэдээ
Монгол төгрөгийн ханшийн уналт зогслоо
Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол уруудсан төгрөгийн ханш эсрэгээрээ чангарч эхэллээ. Хүчирхэг ам.долларын өмнө хүчин мөхөсдөж байсан төгрөг эргэн ирж, эдийн засаг эерэг төлөвт шилжив. Ганхаж байсан төгрөгийн ханшаа нураалгүй тулж тогтоосон 2017 онд инфляц тогтворжиж, эдийн засгийн уналт зогслоо. Ам.долларын өмнө ханш нь навс унаж байсан төгрөгийн баталгаа нэмэгдэж, гадаад валютын улсын албан нөөц гурван тэрбум ам.долларт хүрэв. Жилийн дотор гурав дахин өссөн валютын албан нөөц төгрөгийн ханшийг уруудахаас ийнхүү тогтоон барилаа.
Ингэснээр төгрөгтэй харьцах ам.долларын ханш суларч, Монголбанкны зарласан албан ханшаар 2432 төгрөгтэй тэнцэв. Валютын нөөц үлэмж нэмэгдэхэд төв банк дэлхийн зах зээлийн ханшаар алт, мөнгө худалдан авах болсноор алт тушаалт 20 тонныг давсан юм. Энэ нь Монголбанкны сүүлийн жилүүдэд худалдан авсан алтны түүхэн дээд хэмжээ болж байна. Жилийн хугацаанд ес хүртэл хувиар өссөн алт худалдан авалт нь монгол төгрөгийн өрсөлдөх чадвар, чансаа ахих баталгааны нэг мөн. Алт тушаалт энэ жил арай ахиу байх боломжтой. Учир нь, “Алт-2” хөтөлбөрийн хоёр дахь үе шат эрчимжих юм. Алт олборлолтыг жил бүр 2-3 тонноор нэмэгдүүлсээр 2020 он гэхэд 25 тонныг олборлох зорилгоор дээрх хөтөлбөрийн хүрээнд зураглаж буй. Алт тушаалт нэмэгдэх нь валютын албан нөөц өснө гэсэн үг.
Дотоодын зах зээлд ховордож байсан ам.долларын олдоц сайжирч, ханшийн зөрүүнээс хүлээж байсан алдагдал бага багаар хумигдаж байна. Эдийн засагт төдийгүй бизнесийн орчинд дарамт болж байсан төгрөгийн үнэгүйдэлд алт тушаалт цэг хатгах үндэслэл болсон юм. Импортын хэрэглээнээс үлэмж хамааралтай манай эдийн засагт гадаад валютын ханшийн үзүүлэх нөлөө нь их. Ялангуяа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тогтоход ханшийн хөдөлгөөн байнга жин дарж байдаг. Тэгвэл ам.долларын ханш тогтвортой байгаа нь иргэдийн худалдан авах чадвар улам доройтохоос сэргийлж, өрхийн эдийн засагт өөдрөг хүлээлт хэдийнэ бүрдүүлжээ. Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх итгэл үнэмшил юм. Монгол Улсын Засгийн газраас олон улсын хөрөнгийн захад “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг амжилттай гаргасан.
• Сүүлийн дөрвөн жилийн турш тогтмол уруудсан төгрөгийн ханш эсрэгээрээ чангарч эхлэв.
• Эдийн засагт төдийгүй бизнесийн орчинд дарамт болж байсан төгрөгийн үнэгүйдэлд алт тушаалт цэг хатгах үндэслэл болжээ.
• Хүлээгдэж байсан байсан өрөө дарсан ч валютын албан нөөц өөрчлөгдсөнгүй.
Мөн ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд болон донор орнуудаас 700 сая гаруй ам.долларын санхүүжилт орж ирсэн. Эдгээр нь төгрөгийн тогтвортой байдлыг улам баталгаажуулав. Гадаад валютын албан нөөц импортын зургаан сарын хэрэгцээг хангах түвшинд ирлээ. Олон улсын жишгээр гадаад валютын албан нөөц тухайн улсын гурван сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байвал нөөц хангалттай гэж үздэг. Монголбанкинд тушаасан алтны биет хэмжээний өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өнгөрсөн оны турш тогтвортой байсан нь алтны орлого нэмэгдэх, цаашилбал нөөц өсөхөд эерэг нөлөө үзүүлжээ. Үүнээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан билээ. Эдгээр нь эдийн засаг өсөлттэй гарахад хөтлөв. ДНБ-ий өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэснээр хувийн хэвшилд хөрөнгө оруулалт нэмэгдсэн нь төгрөгийн ханшийг чангалав. Эдийн засагч Д.Жаргалсайхан “Төгрөгийн ханшийн уналт, ам.долларын өсөлт бол хүний биеийн дулааны хэм хэт өсөж, халуурч буйтай адилхан” хэмээн зүйрлэсэн байдаг.
Тэгвэл халуурсан шалтгааныг тогтоон, түүнийг эмчилж эдгээх арга хэмжээг төвбанк авч эхэлсэн нь дээрх байдлаар эдийн засагт илэрч байна. Шинэ оны зааг дээр тулсан өр төлбөр төгрөгтэй харьцах ам.долларын ханшид дарамт үзүүлсэнгүй. Таван жилийн хугацаатай, 4.125 хувийн хүүтэй 500 сая ам.долларын “Чингис” бондын эргэн төлөлт энэ сарын 5-нд хийгдэж, хүлээгдэж байсан өрийн дарамт буурлаа. Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэл “Гадаад өр төлбөрүүдээ амжилттай шийдвэрлэсэн нь төгрөгт итгэх итгэлд эерэг нөлөөтэй” хэмээн мэдэгдэж байсан удаатай. Эдийн засагт тулгарч байсан эргэлзээ бага багаар тайлагдаж байна. Хүлээгдэж байсан өрөө дарсан ч валютын албан нөөц өөрчлөгдсөнгүй. Харин ч валютын орох урсгал дотоодын эдийн засагт нэмэгдэж байна.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй