Орлогын “орц”-ыг нэмэх боломж
Мэдээ
Хөрөнгийн зах зээл сонирхогчдын нас залуужиж, идэвх нэмэгдэв
Хорь гаруй жил хуучин бичиг баримттай хамт мартагдаж, үнгэгдэж үрчийсэн цэнхэр тасалбараа өдгөө ямар үнэд хүрэхийг мэдсэн буурай магнай хагартал баярлажээ. Түүний 1990-ээд онд авсан “АПУ” компанийн цэнхэр тасалбарынх нь өгөөж энэ хугацаанд үлэмж өсөж, 17 сая төгрөгт хүрсэн байна. Энэ буурай шиг хувьцааны үнэ цэнийг мэддэггүй, цэнхэр болон ягаан тасалбараа мартаж орхисон 250 мянга гаруй иргэн байна. Өнөөдөр тэдний найман тэрбум гаруй төгрөг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд хүүгүй хадгалагдаж буй. Хэрэв үүнийг таг мартсан эзэд нь эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал манай улсын хөрөнгийн зах зээл сэргэж, оролцогчдын тоо багагүй нэмэгдэнэ.
ТОГЛОГЧИД ЗАЛУУЖИВ
Хэдхэн жилийн өмнө хөрөнгийн зах зээл гэхээр компанийн баян захирлуудын ярьдаг сэдэв мэт хол сонсогддог байсан. Мөн Засгийн газрын бондыг иргэд, компаниуд худалдаж авах эрхгүй байв.
Харин сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн орчин иргэдэд ээлтэй болж, хөдөлгөөн нь эрчимжиж байна. Өмнө нь “Хэрхэн ухаалгаар мөнгөтэй болох вэ”, “Баян аав, ядуу аав”, “Мөнгө босгох мянган санаа” зэрэг ном хамгийн эрэлттэй байлаа. Харин одоо хөрөнгийн зах зээлийн онол, туршлагуудыг багтаасан “Хөрөнгийн зах зээл”, “Миний анхны амжилттай хөрөнгө оруулалт”, “Цахим алт” зэрэг номнууд тэдний орон зайг эзлэх болсон нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл, иргэд хөрөнгийн зах зээл бол орлогынхоо “орц”-ыг нэмэх боломж хэмээн хардаг болжээ. Өнгөрсөн жил Монголын хөрөнгийн биржийн арилжаа түүхэн дээд хэмжээндээ хүрсэн. “АПУ”, “Говь”, “Талх чихэр”, “Сүү” гэх зэрэг дотоодын олон компанийн хувьцаа 50-150 хувиар өсөж, хувьцаа эзэмшигчдэдээ багагүй өгөөж хүртээсэн. Мөн хувьцаа, бонд зэрэг хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнийг сонирхох иргэдийн тоо нэмэгдэж байна. Сургалтад сууж буй иргэдийн бараг тал хувь нь оюутан, залуус байгаа аж. 2016 онд энэ төрлийн сургалт явуулдаг 3-4 байгууллага байсан.
Харин өнөөдөр энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тоо үлэмж өсөж, өрсөлдөөн ч ширүүссэн байна. Иргэд ийнхүү хөрөнгийн зах зээлийг ихээр сонирхох болсон нь тогтмол цалин, орлогоосоо илүүг олох гэсэн хүсэлтэй холбоотой. Нөгөөтэйгүүр, арилжааны банкууд дахь хадгаламжийн хүүгээс татвар авдаг болсон нь иргэдийн мөнгөө хадгалах сонирхлыг бууруулжээ. Үүний оронд илүү ашигтай салбарт хөрөнгө оруулах эрмэлзэл нэмэгдэв. Үүнд иргэдийн санхүүгийн мэдлэг дээшилж, мэдээлэл солилцох боломж нь өргөжсөн нь мөн нөлөөлж байна. “Хөрөнгийн зах зээл бол мэргэжил, нас, хүйс, амьдарч буй орчин зэргээс үл хамааран мэдээлэлтэй, мэдрэмжтэй байж л чадвал мөнгө олох боломжтой талбар” гэж хувиараа хувьцаа арилждаг Б.Энх-Отгон өгүүлэв. Ялангуяа Монголын зах зээл бол орлогынхоо “орц”-ыг нэмэхэд харьцангуй эрсдэл багатай гэж мэргэжлийнхэн дүгнэж байна. Эдийн засагч Б.Мөнх-Эрдэнэ “Хонконг, Нью-Йорк зэрэг том зах зээлд маш их хэмжээний мөнгө эргэлддэг учраас ямар компанийн хувьцаа авах вэ гэдгээ сонгох, мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийхэд түвэгтэй. Улс орнуудын эдийн засаг нэг нэгнээсээ харилцан хамааралтай болсон тул нэг хүнд ахадсан зах зээл. Харин Монголын хөрөнгийн зах зээл цөөн тооны тоглогчтой, дотоод нөхцөл байдлаас илүү хамаардаг учраас харьцангуй эрсдэл багатай” хэмээн өгүүлсэн.
МЭДЛЭГГҮЙГЭЭС ҮНИЙН “ХӨӨС” ҮҮСДЭГ
Манай улсад 228 хувьцаат компани бий. Эдгээрээс Монголын хөрөнгийн биржийн самбарт өдөрт 20-35 компанийнх нь хувьцаа тогтмол арилжигддаг. Үүнээс хоёр саяас дээш төгрөгийн арилжаа хийж буй компани нь гарын арван хуруунд багтана. Гэхдээ оролцогчдын идэвх нэмэгдсэнээр өдрийн арилжааны дүн 150 сая төгрөгөөс буурахгүй байгааг хөрөнгийн зах зээлийн шинжээч өгүүллээ. Энэ нь өнгөрсөн оны зун өдөрт дунджаар 30-40 сая төгрөгийн арилжаа явагддаг байсантай харьцуулбал өндөр дүн юм. 2017 оны эцсээр зарим компанийн хувьцаа огцом өсөж, хувьцаа эзэмшигчдээ баярлуулсан билээ. Тухайлбал, “Говь” компанийн хувьцаа 2017 оны эхэнд 10150 төгрөг байсан бол тус оны сүүлийн өдрүүдэд 35800 төгрөг болж огцом өссөн нь оролцогчдын тоо хэт их байснаас “хөөсөрсөн” үнэ гэж эдийн засагчид үзэж байна. Харин 2018 он гармагц ханш нь доошилж, 20 мянган төгрөгт хүрээд, өдгөө эргэн сэргэснээр зах зээлийн бодит үнэ тогтож байгаа аж.
Өөрөөр хэлбэл, манай хөрөнгийн зах зээлд цөөн хэдэн идэвхтэй компани бий ч үүнд хөрөнгө оруулах, ашиг хүртэх гэсэн иргэдийн тоо олон байснаас үүссэн “хөөс” ийнхүү хагарав. Гэхдээ хөрөнгө оруулах сонирхолтой иргэдийн тоо нэмэгдсэн эрэлтийг дагаад санхүүгийн байгууллагууд олон төрлийн бүтээгдэхүүн санал болгож байгаа юм. Эдгээрээс олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж буй нь биткоин, этериум зэрэг эрсдэл ихтэй ч өгөөж нь арвин криптовалютууд юм. Олон улсын шинжээчид ийм төрлийн валютыг худалдан авч, хөрөнгийн зах зээлд оролцох бол өөрийн хөрөнгийн 1-10 хүртэлх хувийг зарцуулбал эрсдэл багатай гэж үздэг аж. Хөрөнгийн зах зээлд анхлан хөл тавьж буй иргэд аль болох хөрөнгөө тараан байршуулбал эрсдэлээс хамгаалж чадна. Мэдээж, хэтэрхий олон, жижиг хэсгүүдэд хуваавал мэдээлэл цуглуулахаас эхлээд чирэгдэл ихтэй. Мөн бага мөнгөөр арилжаа хийвэл, түүний өгөөж нь ч бага байдаг. Тиймээс арилжаанд оролцохдоо аль аль талыг нь бодолцох хэрэгтэй юм.
ЗГМ: ТОДРУУЛГА
Хөрөнгө оруулалтаа тараан байршуулбал эрсдэл буурна
Ард академийн сургагч багш, “Ард актив” хадгаламж зээлийн хоршооны гүйцэтгэх захирал Г.Билгүүнээс хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнүүдийн сул болон давуу талын талаар сонирхлоо. Тус академиас явуулдаг сургалтад сард дунджаар 100 хүн хамрагддаг байна.
-Бонд, хадгаламж, хувьцаа зэрэг мөнгөө өсгөх аргууд хоорондоо юугаараа ялгаатай байдаг вэ. Хөрөнгийн зах зээлд оролцох нь ямар давуу талтай вэ?
-Эдгээрийн аль алинд нь сул болоод давуу тал байдаг. Бонд бол хамгийн эрсдэл багатай, хугацаанаас нь өмнө цуцлахад хуримтлуулсан хүү нь буурдаггүй. Гэхдээ яаралтай мөнгөний хэрэг гараад зээл авах гэвэл хамгийн багадаа нэг өдрийг зарцуулна. Харин банкны хадгаламжаа барьцаалбал онлайнаар маш богино хугацаанд зээл авах боломжтой. Хувьцаа бол эдгээр шиг тогтсон хугацаа, хүү байхгүй бөгөөд жилийн дараа хэдэн төгрөг авах нь тодорхой болдог. Гэхдээ сайн тооцоолж чадвал маш өндөр ашиг хүртэх боломж бий.
-Энэ зах зээлд анх хөл тавьж буй хүн юунд анхаарах ёстой вэ?
-Таны мөнгө хэзээ хэрэгтэй, юунд зориулж хадгалж байна вэ гэдэг нь тун чухал. Хэрэв гэнэт мөнгөө татах хэрэг гарвал хадгаламжид хийх нь ашиггүй. Мөн хүүхдээ гадаадад сургахаар төлөвлөж, мөнгөө хурааж байгаа бол валютын хадгаламжийг сонгож болно. Хэрэв жилийн 15 хувийн хүүтэй хадгаламжид хийсэн байхад ам.долларын ханш 25 хувиар өсвөл мөнгөн дүн нь 10 хувиар буурна гэсэн үг. Түүнчлэн хөрөнгө оруулалтын багцаа үл хөдлөх, бонд, хувьцаа, хадгаламж гээд тараан байршуулбал эрсдэл буурдаг. Компанийн хувьцаа авах бол компанийн дотоод засаглал, хөрвөх чадвар зэргийг сайтар бодолцох нь зөв. Эргүүлээд зарахад дараагийн хүн нь богино хугацаанд авахуйц, хөрвөх чадвартай байх нь ашигтай. Ер нь компани бүрийн эрсдэлийн түвшин харилцан адилгүй. Гол нь мэдээлэл сайн цуглуулж, авах болон зарах зөв цагаа олж чадсан хүн ашиг олдог. Заримдаа нэг хүн их хэмжээний мөнгөөр хувьцаа авахад л үнийн “хөөс” үүсдэг. Өөрөөр хэлбэл, тоглоомын дүрэм, том тоглогчид хэрхэн хөдөлж байгааг тооцох хэрэгтэй.
-Хөрөнгийн зах зээлд оролцогчдын цаашдын хандлага ямар байна вэ?
-Сүүлийн хоёр жилд иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх хандлага, мэдлэг дээшилж байгаа учраас цаашид олон нийтийн сонирхол улам идэвхжих болов уу гэсэн таамаг бий. Ихэнх оронд санхүүгийн зах зээлийн 40 орчим хувийг хөрөнгийн зах зээл эзэлдэг. Харин манайд 95 хувийг банк, үлдсэн таван хувийг банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, хөрөнгийн зах зээл эзэлж буй. Тиймээс илүү олон шинэ бүтээгдэхүүн хэрэгтэй.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй