Далд иргэдийн хүрээ тэлж болзошгүй

Мэдээ


Регистрийн дугааргүй хүүхдүүдийн тоо буурахгүй байна

Төрсөн цагаасаа эхлэн гадуурхагдаж, Монгол Улсын иргэн байх эрх нь зөрчигдсөн хүүхдүүд өнөөг хүртэл байсаар байна. Манай сонин өнгөрсөн сард нийгэмд хүчирхийллийг үл тэвчих үзлийг түгээхээр цуврал сурвалжилга бэлтгэсэн. Энэ удаад үргэлжлэл болгож үл хайхрах хүчирхийлэлд өртсөнөөс гэрээсээ дайжиж, төрийн халамжийг хүртэж чадахгүй яваа, тэр ч бүү хэл иргэний тооноос хасагдах өндөр эрсдэлтэй хүүхдүүдийн эрхийг хангахад дуу хоолойгоо хүргэж байна. Жил гаруйн өмнө улсын асрамж халамжийн газарт хүмүүжиж буй мянга гаруй хүүхдээс төрсөн цагаасаа эхлэн овог нэргүй, регистрийн дугааргүй 20 орчим хүүхэд байгааг албаныхан илрүүлсэн. Бас төрийн үйлчилгээнд хамрагдсан хэдий ч 700 орчим нь хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч чадаагүй байсан тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх хэлж байсан. Уг нь төлөвлөгөө ёсоор 2017 оны намар гэхэд тэдгээр хүүхдийн бичиг баримтын зөрчлийг арилгаж, албан ёсоор бүртгэлжүүлэх ажил дуусах байв.

Гэвч хэрэгжилт нь дөнгөж 50 хувьтай байгааг тус агентлагийн Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяа хэллээ. Хамгийн гол нь хүүхдийг албан ёсоор овог нэр, регистрийн дугаартай болгох нь ажиллагаа ихтэй, цаг хугацаа их шаарддаг ажил гэдгийг хүүхдийн төлөө ажилладаг байгууллагынхан онцлов. Хэдийгээр эцэг, эх нь хэн болохыг тогтоох боломжгүй, эрэн сурвалжлаад олдохгүй бол шинжээч эмчийн дүгнэлтээр хүүхдийн биологийн насыг тогтоодог ч энэ нь албан ёсоор овог нэр, регистрийн дугаар авах үндэслэл болж чаддаггүй аж. “Өнөр бүл” хүүхдийн төвийн нийгмийн ахлах ажилтан Т.Нямтогоо эцэг, эхдээ гологдож, улсын хамгаалалтад орсон хүүхдүүдийг бүртгүүлэх ажлыг олон жил хийж буй нэгэн.

Тэрбээр улсад ямар ч бүртгэлгүй байсан 10, 16 настай хоёр хүүхдэд овог, нэр, регистрийн дугаар авах гэж хоёр жил гаруй хөөцөлдөн байж арай гэж шүүхийн шийдвэр гаргуулсан туршлагаа хуваалцсан юм. Тэр хэлэхдээ “Хүүхдээ бүртгүүлэх нь ажиллагаа ихтэй, санхүүгийн бэрхшээл их тулгардаг ажил. Төвийнхөө хоёр хүүхдийг Монгол Улсын иргэний тоонд оруулахын тулд нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар шүүхээс 2-3 удаа буцаасан. Эх нь төрөлтийн бүртгэлд бүртгүүлэхгүй явсаар байгаад төрүүлчихсэн учраас төрсний лавлагаагаар тухайн хүүхэд төрсөн гэх мэдээлэл огт гарч ирээгүй. Аргагүй эрхэнд Олдох гэж овоглосон. Хүүхэд өөрөө дургүй байсан, үнэхээр өрөвдмөөр. Гэхдээ бид үнэн учрыг хэлэхээс аргагүй шүү дээ” гэв. Уг нь хүүхдүүд асрамжийн газар, багшийнхаа нэрээр овоглох сонирхолтой байдаг аж.

Гэвч үүнийг улс зөвшөөрдөггүй тул Олдох, Нэргүй гэдгээс өөр овог байдаггүй юм байна. Харин нөгөө хүүхэд нь архины хамааралтай болсон эхээс мэндэлснийхээ төлөө аавдаа гологдож, аргагүй эрхэнд ээжээрээ овоглосон байна. Уг нь хоёр ах нь ааваараа овоглодог аж. Харамсалтай нь, аав нь эцэг тогтоолгох шинжилгээ өгөхөөс татгалзжээ. Т.Нямтогоо “Хүмүүс их муухай. Та овгоо өгөхийг хүсэхгүй байсан ч хамаагүй, хамгийн гол нь эцэг, эх тогтоолгох шинжилгээ өгөөч гээд гуйхад өгдөггүй. Хүүхдээ хамаг л муу муухайгаар нь дуудаж, өөрөөсөө түлхдэг” гэв. Энэ мэт эцэг, эхдээ хаягдсан хүүхдийн тоо хүүхдийн төв сувилалд гэхэд жилд хэдэн арваар бүртгэгддэг. Далд эдийн засаг гэдэг шиг далд иргэний тавилан хүлээж буй хэчнээн хүүхэд улсын хэмжээнд байгааг хэн ч хэлж мэдэхгүй байна. Албаныхан хараа хяналтгүй хүүхэд дунджаар 100 орчим байдаг гэх боловч хүүхэд хамгаалах үйлчилгээ айл өрх, хүүхэд бүрт хүрч чадахгүй байгааг албан тушаалтнууд өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг.

2016 онд хараа хяналтгүй хүүхдийг илрүүлж, хамгааллын үйлчилгээ үзүүлсэн үйл ажиллагааны тайланд “50 гаруй хүүхдийн хараа хяналтгүй явсан хугацааг шинжилж үзвэл ийм хүүхдүүдийн шинэ үе бэлтгэгдэж байгааг харуулж байна” хэмээн дүгнэжээ. Үнэнийг хэлэхэд, далд иргэдийн эгнээг тэлж болзошгүй байгаа бүртгэлгүй хүүхдийн одоогийн тоо эргэлзээтэй хэмээн сэжиглэх нэг үзүүлэлт бол улсын бүртгэл болон эрүүл мэндийн байгууллагын статистик зөрж буй явдал юм. ЭМЯ болон ОӨУБЕГ-ын тайлан мэдээгээр 2016 онд шинээр төрсөн хүүхдийн тоог 441-ээр зөрүүтэй тооцоолсон байгаа юм. Уг тоо бол амьд төрж, гэрчилгээ авсан хүүхдийн тоонд үндэслэсэн гэдгийг онцолъё. Энэ талаар тус хоёр байгууллагаас тодруулахад уг зөрүүг гадаадад төрсөн болон нялхсын эндэгдэл гэдгээр тайлбарлаж буй ч аль алиныг нь нотлох нарийвчилсан тоо алга. Нөгөөтэйгүүр, мэргэжлийн байгууллагын өгч буй мэдээллээр жилд 10 гаруй хүүхэд эцэг, эхдээ хаягддаг аж. Энэ асуудлыг манай сонин өмнө нь “Хүрдний хүүхдүүд” нийтлэлээрээ хөндөж байсан билээ.

Улсын хэмжээнд байгаа нийт хараа хяналтгүй хүүхдийн дийлэнх нь үл хайхрагдсанаас тэнэмэл амьдрал, далд иргэдийн тавиланг сонгодог аж. Ийм замыг сонгосон хүүхдүүд бусдаар хайрлуулах, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хооллох, хувцаслах зэрэг суурь хэрэгцээгээр огт хангагдаж чаддаггүй. Хамгийн харамсалтай нь, хүүхдүүд энэ байдлаа жам ёсны хэмээн бодож, хувь тавилантайгаа эвлэрсэн байдаг гэдгийг мөнөөх тайланд дүгнэсэн байна. Тэд худал ярих, хулгай хийх, бусдад дээрэлхүүлэх, дээрэлхэх, буруу үг яриаг энгийн зүйл мэтээр хүлээж авдаг болж хүмүүждэг нь хүүхдүүдтэй хийсэн ярилцлага, ажиглалтаас тодорхой байжээ. Үнэхээр улсад бүртгэлгүй хүүхэд хаа нэгтээ байхгүй гэдгийг юугаар нотлох вэ гэх асуултад салбар хариуцсан агентлагийн дарга “Монгол Улс үүнийг халамжийн бодлогоороо шийддэг. Хүүхэд бүрт мөнгө олгодог болсон тул асран хамгаалагч түүнийг нь авах гэж хандаж л таарна” хэмээх сохор тайлбар өглөө.



ЗГМ: ТОДРУУЛГА

Бүртгэлгүй хүүхдийн биологийн насыг шинжээчдийн баг тогтоодог


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хөгжил, хамгааллын газрын дарга Ц.Алтанзаяагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Улсын хэмжээнд хараа хяналтгүй хэчнээн хүүхэд байна?
-Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ЦЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийнхөнтэй хамтран хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлсэн. Улсын хэмжээнд 97 хүүхэд байсан. Ер нь сүүлийн жилүүдэд дунджаар 100-гаад хүүхэд байгаа гэсэн статистик бий. Нийт хүүхдийн 60 орчим хувь нь нийслэлээс илэрсэн.

-Регистрийн дугааргүй хүүхдүүдийг бүртгэх ажил хэр зэрэг ахицтай байна вэ?
-Улсын хэмжээнд нийт 33 асрамж, халамжийн төв үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр төвд төрөхөөсөө эхлээд регистрийн дугааргүй, овог нэргүй 18 хүүхэд байгааг илрүүлсэн. Тэдний дийлэнх нь олдсон хүүхэд. Одоогоор тал хувийг нь л бичиг баримтжуулж байна.

-Эцэг, эх нь олдохгүй бол хүүхдийн насыг яаж тогтоодог юм бэ?
-Эрүүл мэндийн байгууллагаас тусгай мэргэжилтнүүд томилогдож биологийн насыг нь тогтооно гэсэн хуулийн зохицуулалттай. Үүний дараа шүүхийн шийдвэрээр албан ёсоор улсад бүртгэдэг.

-Хүүхдээ энд тэнд хаядаг тохиолдол буурахгүй байна. Цаашид үүнд ямар хяналт тавих вэ?
-Нийгмийн ядуурал, ажилгүйдэл, архидалт, орох оронгүй байгаагаас хүүхдээ үл хайхрах, хараа хяналтгүй орхих явдал буурахгүй байна. Хүүхдийн хүмүүжлийн анхдагч орчин бол гэр бүл. Тиймээс хараа хяналтгүй, үл хайхрагдсан хүүхдүүдийг нийгэмшүүлэх хугацаандаа ар гэртэй нь ажиллана гэсэн бүхэл бүтэн бодлогыг манай улс хэрэгжүүлдэг.

САНАЛ БОЛГОХ