Өгсөн нэртэй хяссан бодлого

Мэдээ


Мал тооллогын дүн болон татварын бичгээ 20 орчим жил хадгалах хүн олдох уу

Сюрприз гэдэг сонин. Төсөөлөөгүй, хүлээгээгүй байсан санаанд багтамгүй зүйлээр барьсан гэнэтийн бэлэгт баярлах нэгэн байхад балмагдах, гомдоллох нь ч бас бий. Харин шинэ оны эхний өдрөөс монголчууд төр засгийн зүгээс барьж буй олон “сюрприз”-ийг бухимдан хүлээж авсан нь долоон төрлийн татварын нэмэгдэл. Тэгвэл бухимдуулсан татварын сюрпризтэй хамт баярлуулах бас нэгэн бэлэг энэ оны эхний өдрөөс задрах байлаа. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид зориулсан энэ бэлгээ “задлах хугацаа”-гаа нэг жилээр хойшлуулах шийдвэрийг оны өмнөхөн парламент гаргасан. Засгийн газраас хүссэнчлэн гэдгийг тодотгох хэрэгтэй. Албан ёсны нэр нь Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн ажилласан жилийг нөхөн тооцох тухай хууль. Харин энэ хуулийг яагаад бэлэг гэдэгт Та эргэлзэж байна уу.

Үүнийг тайлбарлахын өмнө зарим нэгэн статистик мэдээтэй танилцъя. Улсын хэмжээнд 1.1 сая хөдөлмөр эрхлэгч бий гэж тооцдог. Үүний 47.5 хувь нь малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид байгаа юм. Нийт 300 мянган малчин, 240 орчим мянган хувиараа хөдөлмөр эрхлэгч байна гэсэн тооцоог ХНХЯ хийжээ. Гэтэл тэдний нийгмийн даатгалын шимтгэл төлөх явц тун хангалтгүй. Малчдын тухайд дөнгөж есөн хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 15 хувь нь хамрагддаг байна. Ингэхээр нийгмийн энэ хэсгийн 85-90 хувь нь нийгмийн даатгалын гадна орхигддог гэсэн үг.

Эдгээр иргэн нас нэмээд ирэхийн цагт амьдралынх нь баталгаа алдагдах сул талтай. Тиймээс малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх үүднээс нэг удаа нөхөн төлж болох хуулийн төслийг одоогийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарын гишүүн санаачлан батлуулсан юм. Таван жил, эсвэл 10 жил нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчин энэ хугацааны шимтгэлээ төлөхдөө тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлнө. Тухайлбал, нэг малчин 10 жилийн шимтгэл төлөөгүй бол арван жилийн өмнө мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцуулж төлнө. Харин таван жилийн шимтгэлээ нөхөн төлөх болбол таван жилийн өмнө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хэд байсан тэр өртгөөр тооцож шимтгэлээ төлөх юм. Хувиараа хөдөлмөр эрхлэгч мөн адил.

Гутал засч, тэрэг түрж байсан хүнд татвар төлсөн баримт байх нь юу л бол
Ингэснээр нэг иргэн хамгийн ихдээ 800 мянган төгрөгийн шимтгэл нөхөн төлж, тэтгэвэрт гарах боломжийг эдлэх эрх үүсэх ёстой. Энэ хууль анх баталсанчлан энэ жилийн эхнээс хэрэгжсэн бол 2018 онд 62.8 тэрбум төгрөг, 2019 онд 95.5, 2020 онд 131.8 тэрбум төгрөгийн ачаалал тэтгэврийн даатгалын санд ирэх байв. Энэ бол хуулийн үйлчлэлийг хойшлуулах шалтгаан. Гэхдээ хамгийн гол шалтгаан нь биш. Учир нь хуулийг дагаж гаргах журмыг одоо хүртэл гаргаагүй байна. Засгийн газраас уг журмыг боловсруулж байгаа бөгөөд, журамд тавих шаардлагууд иргэдийг ч ихээхэн бухимдуулах шинжтэй. Яагаад гэвэл журамд нийгмийн даатгалаа нөхөн төлөх иргэн тухайн жилүүдэд мал маллаж, хувиараа бизнес эрхэлж байснаа нотлох мал тооллогын дүн болон татварын бичгээ бүрдүүлж авчирсан байх талаар хатуу тусгаж байгаа аж. Мөн ерөнхий боловсролын сургууль, их дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацааг малчнаар ажилласан жилд хамаарахгүй байхаар зохицуулах юм.

Мөн малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийн өөр ажил эрхэлсэн хугацаа малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч байсан хугацаанд хамаарахгүй зэрэг журамд багтсан харалган шаардлагууд хуулийнхаа зорилгыг хүлсэн зохицуулалт болохыг Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын мэргэжилтэн хэлэв. Нээрээ л хахир өвөл, халуун зун ч хэдэн малынхаа хойноос нойр, хоолоо умартаж, борив бохисхийлгүй ажилладаг хүмүүс бол малчид. Малчдын хөдөлмөр хүндийн зэрэгцээ залгамж халаагүй. Мэдээж далдыг хардаг “мэргэн бөөдий” л биш бол хорин жилийн өмнөх мал тооллогын бичгээ хадгалж байгаа малчин олдох уу. Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд ч мөн адил. Татварын баримтаа өдийг хүртэл хадгалж байна гэдэг юу л бол. Цаашлаад гудамжинд гутал засварлаж, зах дээр тэрэг түрж амьдралаа авч явсан иргэнийг хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж үзэх үү.

Тэгвэл энэ мэт хөдөлмөр хийж байсан хүмүүс татвар төлөх нь байтугай олсон хэдэн төгрөг нь өдрийн бор хоногтоо хүрдэггүй байсан хямралын он жилүүд ч үүнд хамаарахыг бодлого тодорхойлогчид эрх биш мэдэж баймаар. Яг ийм үед нийгмийн даатгалын шимтгэл төлөхийн ач холбогдлыг ухаж ойлгоогүй, мал тооллогын дүн, татварын баримт нь хожмын амьдралынх нь баталгаа болохыг тооцоолохын аргагүй иргэдээс ийм бичиг баримт бүрдүүлэхийг шаардаж, дарамтлах нь хууль хөрсөн дээрээ үйлчлэхэд тушаа болж байна. Хэнээс ч гуйдаггүй, бас гомдоллодоггүй амьдардаг малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн нийгмийн баталгааг сайжруулахад төрөөс анхаарч байгаа нь сайн хэрэг. Гэхдээ дээр хэлсэнчлэн малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулсан бодлогын журам яаж гарахаас задалсан сюрприз чинь баярлуулах, бачимдуулах эсэх нь тодорхой болно.
САНАЛ БОЛГОХ