Х.Хусаян: Би хэчнээн сураад ч аавынхаа хэмжээнд хүрэхгүй

Мэдээ


Мэс заслын эмч нар тэтгэвэрт гарч чадалгүй нас бардаг болоод байна

Шинэ оны босгон дээр төр засагт хөдөлмөрөө үнэлүүлж, Гавьяат эмч болсон хүний нэг нь Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч Х.Хусаян байв. Түүнийг хөдөлмөрийн баатар Ж.Хайруллагийн хүү гэдгээр нь хүмүүс андахгүй мэднэ. Гуравдугаар эмнэлэгт 33 дахь жилдээ ажиллаж буй түүнээс ярилцлага авахыг хүсэхэд тун дурамжхан зөвшөөрөв. “Би ер нь хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй хүн. Яахав, манай тасгийн талаар голчон ярилцана гэвэл зөвшөөрч байна” гэснээр бидний ярилцлага эхэллээ. Тэрбээр Мэдрэлийн мэс заслын тасгийн өнөөгийн нөхцөл байдлыг олон нийтэд мэдүүлэхийг хүсэж байгаагаа нуулгүй хэлсэн юм.

-Юуны өмнө гавьяат хэмээх эрхэм цолоор шагнуулсанд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Энэ мэдээг анх сонсоод юу бодогдсон бэ. Төрийн өндөр дээд шагнал хүртэнэ гэж бодож байв уу?
-Гавьяатад олон ч удаа тодорхойлсон л доо. Гэхдээ юу нь болдоггүй байсныг бүү мэд, авч чадалгүй явсаар өдийг хүрсэн. Харин сая гавьяатын тэмдэг зүүлээ. Их баяртай байна. Мэдээж би энэ шагналтай, шагналгүй хийдэг ажлаа хийгээд л явна. Гол нь Мэдрэлийн мэс заслын тасгийг байгуулж, үүнийхээ төлөө бүхий л амьдралаа зориулсан аавыгаа баярлуулсандаа сэтгэл өег байна.

-Аав тань улсдаа домог болсон эмч. Харин та аавынхаа мэргэжлийг өвлөж аваад гавьяат эмч болтлоо ажиллалаа. Ер нь мэдрэлийн мэс засалч болно гэж хэдийд шийдсэн юм бэ?
-Намайг эмч бол гэж хэн ч хэлээгүй. Гэхдээ аравдугаар анги төгсөхдөө эмч болно гэж шийдчихсэн байлаа. Би аавыгаа эмч гэдэг үүднээс нь их хүндэлж хайрладаг. Тиймээс аавын маань нөлөө их байсан гэж болно. Ном, хэвлэлээс уншиж байхдаа хамгийн өндөр зэрэглэлийн эмч бол мэдрэлийн мэс засалч гэдгийг ойлгосон юм. Покрышкин гэж Оросын баатар нисгэгч байдаг. Тэр хүн нисгэгч нартаа “Чи нисгэгч болохоор шийдсэн бол хамгийн сайн нь бай” гэж хэлдэг байсан. Үүнтэй адилхан эмч нарын хамгийн сайн нь байхыг хүссэн юм. Энэ бодлыг маань улам баталсан газар бол Израиль улс. Тэнд “Гуталчны хүүхэд гуталчин байх ёстой” гэсэн зарчим бий. Тиймээс угсаа залгамжилсан эмч их олон. Удам дамжсанаар муудах биш, илүү сайжирдаг гэж би боддог. Миний хүү бас мэргэжлийг минь өвлөж, мэдрэлийн мэс засалч болсон. Одоо манай тасагт ажиллаж байна.

-Ер нь мэдрэлийн мэс заслын онцлог юу вэ?
-Хүн бүр мэргэжилдээ хайртай байдаг. Мэдрэлийн мэс засал бол маш өндөр хариуцлага, маш өндөр чадвар шаарддаг хэцүү ажил. Намайг ингэж ярилаа гээд бусад эмч нар гомдож магадгүй. Гэхдээ яах аргагүй үнэн. Бүх хагалгаа микроскопоор хийгддэг. Олон цаг огт хөдлөхгүй хийдэг болохоор маш их тэвчээр шаардана. Хагалгааны үеэр бие засах, ийш тийшээ харах эрх байхгүй. Микроскоп руугаа нэг тонгойсон л бол дуусан дуустал салгаж болдоггүй онцлогтой.

-Хүн хэзээ ч аавынхаа зэрэгт хүрч чаддаггүй гэж ярьдаг. Та аавынхаа түвшинд хэр дөхөж очсон бэ?
-Би ямар ч улсад хэчнээн сураад ч аавынхаа хэмжээнд хүрэхгүй ээ. Яахав, ганц нэг мэс заслыг ааваасаа өөрөөр хийж сурсан байж магадгүй. Харин юу ч байхгүй хөрсөн дээр ганцаархнаа зориглоод мэс засал хийдэг байсан тэр зориг зүрх надад байхгүй. 1966 онд эмнэлгийн нөхцөл байдал ямар байсан нь ойлгомжтой. Гэтэл удирдаж чиглүүлэх эмчгүй хэрнээ тархины мэс заслыг Монголд анх удаа хийсэн хүн шүү дээ.

-Миний хүү овоо мэс засалч болжээ гэсэн үг ааваасаа сонсож байсан уу?
-Тархины хавдрыг хамрынх нь нүхээр авдаг арга бий. Би энэ аргаар хоёр хүнд хагалгаа хийсэн юм. Энэ хагалгааны дараа аав маань “Миний хүү овоо болсон байна. Сайн юм сурчээ” гэж хэлсэн. Үүнээс өөр магтаалын үг хэлээгүй шүү. Ер нь аав хүн магтах дургүй л дээ.

-Их хэцүү ажил гэдгийг бид ойлгодог. Гэтэл таны хүү аав, өвөөгөө дуурайгаад мэдрэлийн мэс засалч болчихож. Энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүүг маань Солонгост сурч байхад багш нь “Чи гоо сайхны мэс засалч бол. Би заагаад өгье. Тийм хэцүү ажил биш хэрнээ өндөр орлоготой” гэж ятгасан байгаа юм. Гэтэл “Үгүй ээ, би заавал аав шигээ, өвөө шигээ мэдрэлийн мэс засалч болно” гээд зүтгэсэн байна лээ. “Ийм хэцүү ажил хийгээд ийм бага цалин авч яах юм бэ” гэж би хэлсэн ч тоогоогүй. Өөрийнхөөрөө зөрдөг нөхөр л дөө.

-Хоёулаа ярианыхаа сэдвийг таны ажил руу хандуулъя. Сүүлийн жилүүдэд тархины мэс засалд орох хүний тоо нэмэгдээд байна гэж ярьдаг. Бодитой тоо баримт хэлж болох уу?
-Би ганц л тоо хэлье. 2005 онд жилд 125 хагалгаа ороход бид их байна гэж ярьдаг байлаа. Тэгвэл 2016 онд 1060 хагалгаа хийлээ. Зөвхөн 2017 оны арваннэгдүгээр сард 144 хагалгаа хийх жишээтэй. Эндээс хагалгааны тоо хэд дахин нэмэгдсэн нь харагдах байх. Энэ нь оношилгоо сайжирсантай нэг талаар холбоотой. Нөгөө талаар хотын төвлөрөл яах аргагүй нөлөөлдөг. Гэхдээ ачаалал ингэж нэмэгдсэн ч арван хэдэн жилийн өмнөх эмнэлгийн нөхцөл яг хэвээрээ. Найм, есөн эмчтэй байсан, одоо ч адилхан. Өвчтөн хэвтдэг 48 ортой, улсын хэмжээний үйлчилгээ гэсэн том хаягтай. Тэгсэн хэрнээ орны тоо маань нэмэгддэггүй. Ачаалал 10 дахин өссөн байхад эмч нарын авдаг цалин, энэ тасагт хуваарилдаг төсөв огт өөрчлөгдсөнгүй. Ачаалал ихсэхийн хэрээр эмч нарын маань эрүүл мэндийн байдал муудаж байна. Өнөөдөр л гэхэд хоёр эмч ажилдаа ирж чадсангүй. Хэт их ачааллаас болоод өмнө ажиллаж байсан эмч нар тэтгэвэртээ гарч чадалгүй нас бардаг боллоо.

Сүүлдээ “Мэс заслын эмч нар тэтгэвэрт гардаггүй” гэсэн хэлц үг хүртэл гарлаа. Зарим нь нас барж байхад зарим нь няцаж, өөр ажил хайж байна. Хүн юуны өмнө эрүүл мэнд, гэр бүлээ бодох ёстой болохоор би тэднийг буруутгадаггүй юм. Энд хонон өнжин цус нөжтэй хутгалдаж байж авдаг цалинг өөр эмнэлэгт боолтны эмч хийгээд авч болоод байхад явахаас яахав. Одоо энэ тасагт ажил мэргэжилдээ дуртай хэдэн хүн л сэтгэл зүрхээрээ ажиллаж байна. Бид үе үеийн сайд нарт асуудлаа хэлж танилцуулдаг ч ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өдийг хүрлээ. Г.Шийлэгдамба, Н.Удвал, А.Цогцэцэг гээд олон сайдтай уулзаж, бодит тоо баримттайгаар нөхцөл байдлаа тайлбарлаж байсан. Одоо шинээр томилогдсон Д.Сарангэрэл сайдад тайлбарлахыг хүсэж байна. Би өмнө нь Япон, АНУ, Герман, Израиль улсад суралцаж байлаа. Тэнд хамгийн өндөр цалин хангамжийг мэдрэлийн мэс засалчид авдаг. Хамгийн өндөр ангиллын эмч гэж тэднийг үздэг юм.

Би эмч нарын хамгийн сайн нь байхыг хүссэн юм
-Мэдрэлийн мэс засалчдын цалин хэдэн төгрөг байдаг юм бэ?
-700-800 мянга л байгаа шүү дээ. Өөр улсын эмч нараас цалинг нь асуух эвгүй. Гэхдээ дотно нөхөрлөдөг заримаас нь асууж үзсэн. Израилийн эмч нар 16-17 мянган ам.долларын цалинтай юм билээ. Германд бүр өндөр, 30-40 мянган евро гэж ярина. Тэнд хагалгаа хийсэн тоогоороо цалинждаг учраас ийм өндөр байгаа юм. Харин манайд хамгийн олон хагалгаа хийсэн эмч хамгийн бага хагалгаа хийсэнтэйгээ яг адилхан цалин авдаг. Манай эрүүл мэндийн тогтолцоо ийм л байна. Би аргаа барж бухимдсандаа л ингэж яриад байгаа юм шүү.

-Их ажил хийсэн нь ихийг авах энгийн зүй тогтол яагаад байдаггүй юм бэ?
-Эмнэлгийн дарга нарт асуудлаа тавихаар бидэнд цалин, орон тоо нэмэх эрх байхгүй гэдэг. Ингээд арга буюу сайд дээр очдог юм. Уг нь бид цалин нэм гэхээс илүү өвчтөнүүдийн хэвтдэг орны тоог нэмээд өгөөч гэж хүсдэг. Ингэхдээ зүгээр нэг санал тавилгүй, шийдэх гарцыг нь хүртэл хэлж өгдөг юм. Нэг сард 144 хагалгаа хийсэн гэж түрүүн ярьсан. Энэ бол зөвхөн манай эмнэлэгт хийгдсэн хагалгааны тоо. Үүнээс гадна манай 1-2 эмч хөдөө орон нутгаар байнга явдаг. Мөн хотод байгаа бүх эмнэлгүүдэд очиж хүн үзнэ, хагалгаа хийнэ. Сая л гэхэд манай Ц.Тугбаяр эмч нэгдүгээр төрөх рүү хоёр сартай нярайг үзэх гээд явлаа. Хэрэв шаардлагатай бол хагалгаа хийнэ. Сайд дарга нар улсын хэмжээний үйлчилгээтэй тархины мэс заслын төв гуравдугаар эмнэлэгт байдаг гээд сүртэй зарлана.

Гэтэл бодит байдал ямар байгааг та нар ороод хараарай. Тэнд хүмүүс чихэлдээд л хэвтэж байна. Хагалгааны дараах сэхээний өрөө гэж бий. Наймхан ортой. Өвчтөнүүд үүн дээр хүрээд гацчихдаг. Өмнө нь хүмүүс мягмар гараг муу өдөр гээд хагалгаанд орох дургүй байсан бол одоо тэрийг тоох ч үгүй, олдож л байвал оръё гэдэг болсон. Манай тасгийн ачааллыг бууруулах боломж байгаа юм. Нэг, хоёрдугаар эмнэлэг, цэргийн госпиталь, төрийн тусгай хамгаалалттай эмнэлэг гээд том том эмнэлгүүд байна. Бүгд хагалгааны өрөөтэй. Энд бүгд шавааралдаж байхаар зарим хагалгаагаа эдгээр эмнэлэгт хиймээр байна гэж зөндөө санал болгосон. Гэвч бусад эмнэлгийн дарга нар дургүйцдэг. Асуудлыг шийдэх эрх мэдэл зөвхөн сайдад л байна. Уг нь айхтар их мөнгө зарцуулалгүйгээр ачааллыг бууруулж болмоор байгаа биз. Би цэргийн госпиталь дээр хагалгаа хийж л байсан. Хагалгааны долоо, найман өрөөтэй. Ихэвчлэн хоосон байдаг юм билээ.

-Танайхаас өөр эмнэлэг тархины мэс засал хийдэггүй юм уу?
-Гэмтлийн эмнэлэг заримдаа хийнэ. Мөн Ачтан эмнэлэг ганц нэг хагалгаа хийдэг.

-Мэдрэлийн мэс засалчаар мэргэшсэн эмч хэр олон байдаг вэ?
-Одоогоор манай тасагт 10 эмч бий. Нэг нь эрүүл мэндийн байдлаас болоод ажиллаж чадахгүй нь гээд ороод ирлээ. Араас нь хэн гараад явахыг хэлж мэдэхгүй байна. 30 гаруйхан насны залуу хүн шүү дээ. Ахиад ийм хүн бэлдэхэд дор хаяж 10 жил хэрэгтэй. Хэрэв улс энэ байдлыг анхааралдаа авахгүй бол Мэдрэлийн мэс заслын тасаг хаагдахад ойрхон ирээд байна шүү гэдгийг шулуухан хэлье. Би нэг их мундагтаа энэ ажлыг хийгээд байгаа юм биш. Тусгай хангамж эдлээд гийгүүлсэн юм ч алга. Энэ ажлыг аль ч хувийн эмнэлэгт очоод хийж чадна. Хувийн эмнэлгүүд манайд хүрээд ир, өндөр цалин өгье гэж урьдаг. Гэхдээ би аавынхаа байгуулсан тасгийг тараачихгүй юмсан гэсэндээ л өдийг хүртэл ажиллаж байна.

-Танай тасгийн тоног төхөөрөмж хэр сайжирсан бэ. Сүүлийн үеийн хэрэглэл материалаар хангагдаж чадсан уу?
-Нэг үеэ бодвол бага сага сайжирч байгаа боловч эрс дээрдсэн зүйл алга. Энд тэндхийн тусламжаар олж авсан багажнууд бий. Монголдоо болгоод байгаа хэдий ч гаднын эмнэлгүүдтэй харьцуулах ч юм биш. Бид сумын эмнэлэгт очиход ямар байдаг билээ, гадаадынханд манай эмнэлэг тэгж л харагддаг байх. -Ер нь хагалгаа хэр удаан үргэлжилдэг юм бэ? -3-4 цаг. Зарим нь 10 цаг ч үргэлжилж магадгүй. Манай эмнэлэгт дарга хийж байгаа нөхөд дандаа дотрын эмч нар байдаг болохоор энэ байдлыг тайлбарлаж хэлэхэд ойлгодоггүй, ойлгохыг ч хүсдэггүй. Хагалгаа хийж байгаа өрөөгөөр шагайж ч хардаггүй. Миний ойлгосноор сайд дарга нарт тусалсан хүмүүсийг л даргаар тавьдаг юм шиг байгаа юм. Түүнээс эмнэлгийн ажилтнууд дундаасаа сонгогдсон дарга байхгүй шүү дээ. Би энэ тухай ярьдаггүй байсан. Харин одоо дуугармаар санагдаад байна.

-Бага цалинтай хэрнээ маш их ачаалалтай ажлыг олон жил хийжээ. Ар гэрийн хүн ойлгохгүй бол хэцүү байх. Таны гэр бүлийн хүн ажилд тань хэрхэн ханддаг вэ?
-Нуугаад байх юм алга, манай эхнэр надаас хэд дахин өндөр цалинтай. Эхнэрээсээ бага цалин авна гэдэг эр хүний хувьд гутамшиг биз дээ. Гэхдээ эхнэр маань миний ажлын онцлогийг сайн ойлгодог. Тиймээс ямар нэг зөрчил гардаггүй юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд нэг зүйл сонирхож асууя. Та ааваасаа олон л зөвлөгөө сонссон байх. Эдгээрээс ой тойнд хамгийн их хоногшиж үлдсэн зөвлөгөө юу вэ?
-Миний аав хүмүүсийг дарга, сайд, ядуу зүдүү гэж хэзээ ч ялгадаггүй. Харин ч бидэнд “Ядарсан хүмүүст маш сайн тусалж яваарай” гэж захидаг. Энэ хүмүүжил бидэнд хоногшиж үлдсэн байх. Тиймээс тухайн өвчтөн сайд дарга байна уу, ядарч зүдэрсэн байна уу ялгаагүй л хандахыг хичээдэг. Би хэн нэгэн дарга ярилаа гээд араас нь гүйгээд байдаг хүн биш. Харин ч ядарч зовсон хүмүүст туслахыг илүү хүсдэг. Энэ бол аавын маань бидэнд үлдээсэн хамгийн сайн хүмүүжил гэж боддог.

-Сайхан ярилцсанд баярлалаа.

САНАЛ БОЛГОХ